Нэг шинэ робот суурилуулах бүрт дунджаар 6.2 хүн ажлын байраа алддаг
Роботууд америкчуудыг орлох болсноор цалин хөлсний хэмжээг мэдэгдэхүйц бууруулж байгааг судалгааны тайлан харууллаа. АНУ-ын Засгийн газраас гаргасан 1990-2007 оны ажлын байрны талаарх мэдээлэлд судлаачид дүн шинжилгээ хийжээ. Тэдний олж тогтоосноор, үйлдвэрт нэг шинэ робот суурилуулах бүрт дунджаар 6.2 хүн ажлын байраа алдаж байдаг аж.
Мөн эдийн засагчид “1000 ажилтанд нэг шинэ робот ногдоход цалингийн хэмжээ 0.25-0.5 хувиар буурсан байна” гэж тооцоолжээ. АНУ-ын “Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо” ашгийн бус байгууллагаас гаргасан уг тайланд цаашид хүмүүс роботуудад ажлын байраа алдах эрсдэл улам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг анхааруулжээ. Ирэх 13 жилийн дотор Британийн төрийн албан хаагчдын нийт орон тооны 90 орчим хувийг роботууд эзэлж болзошгүй гэсэн судалгааг “Reform” байгууллагаас мөн гаргасан байна. Тэдний гаргасан “Work in Progress” илтгэлд дурдсанаар төрийн албанд ажилладаг 250 мянган хүн 2030 он гэхэд ажлаа роботуудад алдах эрсдэлтэй байгаа аж. Үүнээс өмнө Оксфордын их сургуулийн “Deloitte” фирмтэй хамтран хийсэн судалгаагаар Британийн хэмжээнд ирэх 15 жилийн дотор дахин давтагддаг үйл ажиллагаа бүхий захиргааны шинжтэй 1.3 сая ажлын байрыг роботууд эзлэх магадлалтай гэсэн дүн гарч байсан юм. Тэр дунд багш, нийгмийн ажилтан, цагдаагийн офицеруудыг хүртэл компьютерээр програмчилсан роботууд орлох боломжтой гэлцэж байгаа юм. Ийнхүү хүн төрөлхтөн технологийг хөгжүүлэх тусмаа ажлын байраа роботуудад алдах болоод байна. 2020 он гэхэд өндөр хөгжилтэй орны таван сая хүн роботуудад ажлаа алдана гэсэн тооцоог судлаачид гаргаад буй. Хиймэл оюун ухаан, робот, биотехнологийн хөгжил нь хүн төрөлхтний амьдралд “аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал” хийж, зөвхөн үйлдвэрийн ажилчин гэлтгүй цагаан захтнууд, засаг захиргааны ажилтнууд, ур чадвар шаардсан мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болохоор байгаа юм. Тийм ч учраас өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн форумын үеэр өндөр хөгжилтэй 15 улсын томоохон 350 гаруй компанийн удирдлага, төлөөлөгчид энэ тухай тусгайлан хэлэлцсэн юм. Дэлхийн нийт ажиллах хүчний 65 хувь нь эдгээр улс, эдгээр компаниудад харьяалагддаг учраас хөдөлмөрийн зах зээлд гарч буй томоохон өөрчлөлтийг авч хэлэлцэх нь зайлшгүй юм. Судлаачдын үзсэнээр 2020 он дараа гэхэд роботуудад 7.1 сая ажлын байр алдах тооцоо байгаа ч тухайн цаг үеийнхээ шаардлагаар технологи, мэргэжлийн үйлчилгээ, медиа зэрэг салбарт шинээр 2.1 сая ажлын байр үүсэх учир цэвэр ажилгүй болох хүний тоо таван сая гэж тооцжээ. Ажлын байргүй болох эрсдэлтэй салбар нь зөвхөн үйлдвэрийн, гар ажиллагаа шаардсан ажил мэргэжлүүд биш хүмүүсийн санаанд оромгүй мэргэжлүүд байгаа юм. Тухайлбал, ажлын байргүй болох 90 хувийн эрсдэлтэй мэргэжлийн тоонд аялал жуулчлалын хөтөч, нарийн боовчин, эмийн сангийн лаборант, даатгалын менежер, худалдагч, татварын байцаагч, телемаркетер, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнууд орж байна.
Өнөөдөр хиймэл оюун ухааныг асар өндөр түвшинд хөгжүүлж, хүний бүхий л хэрэгцээнд ашиглаж, аливаа үйлдлийг автоматжуулахыг эрмэлзэж байгаа учраас үйлдвэрлэлийн салбарынхан хамгийн түрүүнд ажлаа алдаж байгаа юм. Үйлдвэрлэлийн салбарын бүх үйлдлийн 10 хувийг робот юм уу автомат машин гүйцэтгэж байгаа бол 2025 он гэхэд 45 хувь болж нэмэгдэнэ хэмээн “Bank of America”-гийн шинжээчид тооцжээ.
Мөн 2020 он гэхэд интернэтэд холбогдох төхөөрөмжийн тоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 50 тэрбумд хүрнэ. Тэр хэрээр Америк гэхэд ажлын байрныхаа тал хувийг компьютерт алдах эрсдэлтэй болоод байгаа аж. Мэдээллийн шинжээч, банкир гэх мэт ур чадвар шаардсан өндөр түвшний ажил мэргэжлийг хүртэл хиймэл оюун ухаант робот гүйцэтгэх боломжтой болж байгаагийн дээр робот болон ухаалаг тоног төхөөрөмжийн үнэ өртөг жил ирэх тусам буурч буй нь ажил олгогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Үндэсний шуудан
URL:













