ИВЭЛСЭН СҮҮТЭЙ, ИТГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ИЖИЙ МИНЬ ЭНЭ АМЬДРАЛЫН БААТАР ЮМ ШҮҮ

8885e962cba61d3ef4d06e872572c95185335e0aМҮОНТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны  2017 оны тусгай байрын шагнал хүртсэн захидлыг бүрэн эхээр нь орууллаа.

Хамгийн түрүүнд ооны эвэр шиг ижилхэн хоёр сайхан охинтой, орчлонг үргэлжлүүлэх энхэр хоёр хөөрхөн зээтэй оюун билэгт эгэл сайхан ээж Д.Оюун таньдаа мэхийн ёслоё.

Энэхүү захидлаа “Ээжээ тандаа хайртай шүү” гэсэн чин сэтгэлийнхээ үг, өгүүлбэрийг хэлхэж, чийг даасан нүдээ арчин байж эхэллээ. Яг одоо таныгаа төсөөлөн бодож байна. Гадаа хаврын урьтай, машины сигнал чимээтэй, жаргаж байгаа нарын улаан туяаг ажлынхаа цонхоор ажиглан хайртай хүү, та хоёрыгоо бодож ажлаа тарахыг хүлээж, гэрлүүгээ яарч сууна охин нь.

Өдийд өөжин шар хүүг минь цэцэрлэгээс нь аваад л өвөр бэлийн энгэрт бөртийх гэр өөдөө өгсөж яваадаа гэж нүдэндээ төсөөлөн бодлоо.

Жавартай өдрийн хүйтэн салхинд жаахан үрийг минь ар нуруундаа үүрчихсэн жаргалтай гэгч мацаж яваа байх. Бас болоогүй ээ, хөөрхөн зээдээ үлгэр ярьж, дуу шүлэг зааж өгч хөгжилтэй гэж өхөөрдөн яваа байх гэдэгт охин нь бат итгэж байна.

Тиймээс энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, ээж тандаа хэлж бас тэр бүр баярлуулж чаддаггүй баяр бахархлын сэтгэлээ захидлаараа дамжуулан илэрхийлье гэж бодсон юмаа. Ивэлсэн сүүтэй, итгэсэн сэтгэлтэй энэ биений минь эхлэл, оршил, үнэн, туйл болсон тандаа чин сэтгэлийн үгээ хөврүүлэн хөвөрдөж, нэгтгэн нийтэлж бичих боломж олгосон МҮОНТ-ийн хамт олонд охин нь баярлаад баршгүй нь ээ. Бэл бэнчингээрээ таныгаа баярлуулж чадахгүй юмаа гэхэд бичгийн их үйлсээрээ баярлуулъя гэж бодсон юм.

Гэхдээ энэ борог амьдралдаа таныгаа сэтгэлд нь хүртэл баярлуулж чадахгүй юмаа гэхэд сэтгэлийг нь зовоочихгүй явах юмсан гэж сэвгэр охин нь үргэлж боддог шүү ээжээ.

Өрцөө өмлөж, өвөр дээрээ бүүвэйлж, энгэрээ ивэлгэж, элгээ дэвтээж өсгөн өдий зэрэгт хүргэсэн ачийг тань санъя. Уйлах инээх, уруудах өгсөхийн алинд ч амьдралын минь тулах цэг, түших багана гол зөвлөгч минь болж яваа тандаа эрүүл энх, урт удаан жаргалыг хүснэ ээ.

Амьдралын хүнд ачааг ар нуруунд ганцаараа үүрч зүтгэсэн зүтгэлийг тань үнэлье. Гоё сайхнаа умартаж, гомдол цөхрөлөө мартаж, Голыг минь зөөллөж, голомтыг минь залгах нуган хөвүүнийг минь хүн өсгөж өгч байгаа энгүй их ачийг тань бахдан дээдэлж элбэрэл их хайрыг тань хүндлэн сүсэглэе Ээжээ.

Хүмүүний амьдралд бүтэн сэтгэлтэй бүлээн хайртай, бүхнийг чадна, давна, хийнэ, бүтээнэ гэсэн сэтгэлийн асар их хүч тэнхээтэй тэргүүн өндөр ээжтэйгээ бүх л хугацааг хамт өнгөрүүлж явна шүү дээ. Өөрийгөө өсгүүлж хүн болсон би өдгөө үр үндсээ өсгүүлж яваа гэж бодохоор сэтгэл эмзэглэж, санаа зовнидогоо нуухгүй ээ.

Хөөрхөн шар хүү минь хайртай халамжтай эмээгийнхээ хормойг нь норгож, хондлой дээр нь сууж , гал дээр нь мэндэлж, гар дээр нь өсч байгаа азтай эр.

Миний сайхан бөндгөр шар хүүг алган дээрээ бөөцийлөн, бөмбөрүүлэн, бүүвэйлэн бойжуулаж торниулж өгсөхдөө ганц удаа ч “Би ядарч зүдэрч байна” гэж үглэж яншаагүй тийм уужим ухаантай, яруу сэтгэлтэй нэгэн билээ та минь.

Би гэж хүн өртэй юм шиг, үйл лайтай юм шиг амьдралынхаа хамаг ачааг ар нуруунд нь үүрүүлчихээд, ямбыг эдлүүлж чадахгүй ядруулж яваа нь үнээн. Тиймээс охиноо өршөөгөөрэй ээжээ.

Эх хүн төрүүлсэн үрийнхээ тоогоор сэтгэл зүрхээ хувааж амьдардаг. Тэдний төлөө зүрх нь цохилж, сэтгэл нь сэмэрч урсдаг гэж үнэн юм билээ. Хоёр охиныхоо төлөө хоёргүй зүтгэл, хосгүй сэтгэлээ чилээсэн ээж минь өнөөдөр зээ нарынхаа төлөө байдгаа барьж байхгүйгээ хайж, халуун хайр, дулаан сэтгэлтэй, дутуу зүйлгүй хүн болгон өсгөж байгаад нь баярлаж талархаж явна аа. Нээрээ л ээжтэй хүн жаргалтай, эх оронтой хүн баян гэдэг нь юутай үнэн юм бэ.

Таны минь эвдэрсэн гар, эвэршсэн хуруу бүхэн энэ амьдралын төлөө зүтгэсэн зүтгэлийн гэрч болсоон. Танд минь чадахгүй зүйл, хийхгүй ажил гэж алга. Борви бохисхийлгүй зүтгэж хоёр охиноо өсгөж тэжээж тэтгэсэн тэр их зүтгэл гавьяаг тань үл мартана.

Охидоо өсгөж өндийлгөхийн зэрэгцээ дээд боловсролтой, дэвжсэн ажил мэргэжилтэй болгохын төлөө махаа бартал, тамираа тасартал зүтгэсэн таныгаа өрөвдөхийн зэрэгцээ бас чадлыг тань бахархах юмдаа ээжээ.

Намайг ядраад гэртээ орж ирэхэд халуун хоол цайтай угтана, яаараад гараад явахад хамаг бүхнийг минь цэгцлээд үлддэг олон мутартай ажилсаг бурхан бөгөөд миний төлөө “амьдарч” өөрийгөө золиослож яваа өр нэхдэггүй өглөгч ачтан юм шүү.

Зол баяр жаргалын үед ч, зовж зүдрэхийн алинд ч та минь л дэргэд бөртийж байдаг амьд бурхан амьдралын минь хань, нөмөр нөөлөг.

Хэдий та минь ханилсан ханьгүй, хорвоог ганц бие туулсан ч эмэгтэй хүний үндсэн үүрэг хариуцлага юу бэ гэдгийг мэдэрч, ойлгож амьнаасаа амь тасалж, цуснаасаа цус урсгаж үр удмаа төрүүлж, орчлонг үргэлжлүүлсэн азтай эмэгтэй. Тиймээс үхэх, өвдөх эрхгүй үрсийнхээ төлөө зүтгэж яваа болохоор би таныгаа Үндэстний буюу энэ амьдралын агуу баатар гэж нэрлэж, хүндэтгэнэ.
Үнэндээ “Ээжээ” гэж дуудаж хэлэх бүрт энэ зүрх минь баярлаж, сэтгэл минь дүүрдэг юм шүү. Учир нь эгч бид хоёрт амьдрал бэлэглэсэн болохоор. Бид унаж бүдрэхдээ хүртэл уулга алдан “Ээжээ” гэж дууддаг. Аргагүй шүү дээ биднийг урласан урлаач дарь эх юм болохоор тэр. Таньгүйгээр энэ ертөнцийг төсөөлөхөд ч бэрх, нүдээ аниад бодсон ч “Нүгэл гэм” хэмээн уулга алдаж ухасхийн босдог би. Үхэж үрэгдэж, өнчирч хагацаж үлдэхээс үхтэлээ айж байгаадаа тэгж боддог. Тиймээс “Үхэл” гэгч ад зэтгэр ээж, эгч, энхэр зээ, энхрий үрээс минь л хол байгаасай гэж бурханаас үргэлж гуйна.

Ээжээсээ холдож, хоног төөрүүлсэн өдрүүд гэж надад бараг байхгүй дээ. Таныхаа дэргэд, тантайгаа хамт л байна байсаар ч байх болно. Үглэх ээжтэй, үймүүлэх үртэй байна гэдэг хорвоогийн хамгийн сайхан аз жаргал баяр баясгалан юм байна гэдгийг хонгор охин нь мэдэрч яваа шүү. Таныхаа дэргэд эрх танхи өссөн. Энгэрт нь эрхэлж, хайранд нь өлгийдүүлж зовлон бараг л үзэлгүй өссөн болохоор санаа амар явах. Эрх танхил зан гэдэг чинь ээжтэй л хүний ааш юм байна шүү дээ.

Үүрэгтэй хариуцлагатай, үлгэр жишээ ээжээсээ олон зүйлийг өвлөж авснаа олзуурхаж хэн нэгэнд ярих дуртай хүнээ би. Шүтлэгтэй, сүсэгтэй хүний дэргэд өссөн болохоор би ч гэсэн сүсэгтэй сүүн мөртөй нэгэн. Одоо хүү минь эмээгээ, ээжийгээ дагаж, бурханаа дээдэлж, буянаа хурайлсан мундаг эр болон төлөвшиж байна. Та минь жаахан үрийн жижиг тархи, бяцхан зүрхэнд нь эрдэм зааж, сургааль хайрлаж ирээдүйд сайн хүн болгохын төлөө болохоосоо болохгүйг хүртэл зааж сургаж байгаа судартай эмээ.

Цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөхдөө та минь юу бодож залбирдаг вэ гэж миний асуусан сониуч асуултанд “Хүүхдүүдийнхээ амь нас, ажил үйлсийг нь ээж нь даатгаж залбирдагаа” гэж хариулж билээ. Тэгэхээр ээж минь өөрийнхөө төлөө биш үрсийнхээ төлөө өдөр шөнөгүй, өглөө оройгүй залбирдаг байх нь.

Дутуу гандуу амьдралдаа итгэл дүүрэн, дундуур бүгээн жаргалдаа сэтгэл бүтэн байхын төлөө амьдралын хатуу бэрхэд бууж өгөөгүй, буцаж хариагүй жинхэнэ баатар юм шүү гэдгийг дахин дахин тодотгож онцолмоор санагдаж байна аа.

Өрцөө нимгэлж, өрөө зөөллөж төрүүлсэн ижий минь өөдсхөн үрсийнхээ төлөө өндөр давааг намсгаж өөрөө эмгэн буурал болж өдрөөс өдөрт жижгэрч яваад харуусал төрж, нартын жамаас таныгаа харамлаж л явна даа ээжээ.

Охин нь хүү, та хоёртоо өнгөтэйг өмсгөж, өөдтэй амттайг идүүлэхийн төлөө чармайж зүтгэж байгааг та мэдэж байгаа. Гэхдээ ээж минь өвчин зовлонгүй, үхэл хагацалгүй, өр ширгүй, айх аюулгүй амар тайван амьдарна гэдэг энэ хорвоогийн хамгийн том жаргал юм байна гэдгийг охин нь ойлгож мэдэрсээн.

Зулайг минь илэх ээжтэй, зулай дээр минь гишгэж төрсөн ганц эгчтэй, зулайг нь үнэрлэн жаргах хүүтэй би дэндүү азтай. Хамгаас илүү хайртай ээж, хүү хоёртойгоо үүрд амьдрахгүй ч он удаан жил хамтдаа байна аа гэдэгт охин нь үргэлж итгэдэг, итгэсээр ч байгаа шүү. Миний амьд явах, амьдрах, баярлах гунихын шалтгаан, миний түшиг тулгуур, энэ амьдралын минь утга учир, алган дээр минь мандсан ариухан аз жаргалууд юм шүү та хоёр минь. Хайрлах үрстэй болохоор та минь хамгийн баян нь хайрлуулах хүү, ээжтэй болохоор би хамгийн жаргалтай нь. Санчигандаа бууралтай сайхан ижийнхээ тусгал, үргэлжлэл нь байх болно оо. Таныхаа асрал их хайр, ачлал их буяныг нь хариулахын төлөө зүтгэж хичээж явнаа.

Тиймээс эцсийн гуйлт эгшин байна, ээжээ та эрх шар охинтойгоо эр хонгор зээ хүүтэйгээ энх жаргаж өтлөөрөй. Сүүн үнэртэй сайхан ижийдээ сүсэглэж мөргөе, сүсэг бишрэл нь өөдөө байгээ гэж үргэлж залбиръя охин нь. Таньдаа урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе.

Хайртай, хатан ухаантай, хайлган сэтгэлтэй ээж Д.Оюундаа

Хайртай охин О.Сайханцэцэг, зээ хүү С.Хангалаас нь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих