“Арвин зам” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Буман-Эрдэнэ: Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нэг талдаа 221 км туулдаг
Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн "Арвин зам" холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийж, Уул уурхайн сайд болон Зам тээврийн сайд, Эрдэнэс таван толгой ХХК-д шаардлага хүргүүллээ. Эрдэнэс Тавантолгойн чиглэлд хоёр янзаар тээвэрлэлт явагддаг бөгөөд жолооч нар Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нэг талдаа 221 км туулдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт хүрэхэд 50 км туулдаг аж. Үүсээд байгаа нөхцөл байдлаар "Арвин зам" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Буман-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулна уу.
-“Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх замд дотоодын жолооч нар явдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомтод Хятад эзэнтэй компанийн машинууд явж байна. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл 420 км-т тээвэрлэлт хийхэд 75 юань байхад БНХАУ-ын хөрөнгө оруулагч эзэдтэй тээвэрлэгчид 100 км-т 90 юаниар тээвэрлэлт хийж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд явдаг жолооч нарын ес дахин илүү зардлаар ес дахин илүү зам туулж тээвэрлэлт гүйцэтгэсэн ашиг нь 420,000 төгрөг. Харин богинын тээвэрлэлтэд ашиг нь 2.3 сая төгрөг байна. Энэ чиглэлд худалдан авагч нь хэнээр тээвэрлүүлэхээ мэддэг учраас монгол тээвэрчид явах ямар ч нөхцөл байхгүй. Уг нь Зам тээврийн сайд Монгол Улсын нутаг дэвсгэрт явж байгаа ачаа тээвэр, хүн тээврийн жишиг тариф тогтоох журмыг баталсан. Гэвч энэ журам нүүрс тээвэрлэлт дээр мөрдөгдөхгүй байна. Хэрвээ журам мөрдөгдвөл уртын тээвэрлэлтийг 125 юанаар гүйцэтгэх боломжтой. Гэтэл одоо бүр Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд ганцхан БНХАУ-ын "Чалко" компанитай гэрээтэй болсон учраас 420 мянгын тээвэрлэлтэд ч дотоодын тээвэрлэгчид явах боломжгүй болсон.
-Ашигт малтмалын тээврийн салбарт төрөөс тавьж байгаа бодлого гэхээр зүйл бараг байхгүй боллоо. Энэ талаар танай холбооны зүгээс ямар ажил хийх вэ.
-Бид нүүрс тээвэрлэх явцад бий болж буй хятадуудын давуу эрхийг арилгаж, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг ажлаар хангах тал дээр төрөөс арга хэмжээ аваасай гэж хүсэж байгаа. Шаардлагыг хүлээж авахгүй бол Цагаан хадны гаалийн бүсийг хаах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжихээс өөр арга замгүй болоод байна. Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд одоогийн байдлаар 174 аж ахуйн нэгжийн 13 мянга орчим тээвэрлэгчид ажиллаж байгаагаас 20 хувь нь буюу 2 600 гаруй нь л дотоодын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч байна. Дотоодын тээвэрлэгчид гэдэг нь Монгол эзэнтэй тээвэрлэгч компанид бүртгүүлсэн тэндээсээ өөрсдөө ашиг орлого олж байгаа хувьдаа машинтай Монгол иргэдийг хэлж байгаа юм. Харин Хятад тээвэр гэдэг нь тээвэрлэлтийг нь монгол жолооч нар гүйцэтгэдэг ч машины эзэд нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж гэсэн үг. Ашиг малтмалын тээврийн салбарт төрөөс тавьж байгаа бодлого юу ч алга.
-Жишиг тарифын талаар ямар бодолтой байна вэ. Зайлшгүй мөрдүүлэх хэрэгтэй зүйл мөн үү.
-Эрдэнэс Тавантолгой компанитай бид тээврийн хариуцлагын гэрээ хийдэг ч тээвэрлэлт хийх явцад гарах эрсдлийг тоож үздэггүй. Мөн нүүрс худалдан авч байгаа хятад аж ахуйн нэгжүүдэд Эрдэнэс Тавантолгой компани зохицуулалт хийх боломжтой. Нэг худалдан авалтын гэрээнд 200 машинаар тээвэрлэлт хийхээр тусгасан тохиолдолд ядаж 30-40 хувьд нь Монгол тээвэрчдээ оруулахаар тусгаж болно. Тиймээс мөн жишиг тарифыг зайлшгүй мөрдүүлэх хэрэгтэй. Төрийн бодлогогүйгээс болж Хятадууд тээвэрлэлтийн үнийг тогтоогоод байна. Энэ жишиг тарифаа мөрдүүлэн 125 юань биш бол ядаж 90 юаньд хүргэж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, заасан хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ дахин илэрхийлье.
-Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг гэх мэдээлэл маш их бий. Энэ талаар тодруулна уу.
-Тэнд ажиллаж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай буюу Хятадтай ямар нэг байдлаар холбоогүй жолооч нарын ихэнх нь машинаа зээлээр авсан учраас гэртээ ч харьж чадахгүй, хийх ч ажил байхгүй хүнд байдалтай байна. Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг. Монголын цөөхөн хэдэн компани орох гэхээр оруулдаггүй. Зарим нь тээвэр хийлгүй бараг хоёр сар болох гэж байна. Эрдэнэс Тавантолгой компани зүгээр л хятад тал нүүрсээ худалдаж авч л байвал болно гэсэн байдлаар хандаж, тээвэрлэлтэд анхаарлаа хандуулдаггүй. Ингэхээр тээвэрлэлтийнх нь үнийг хятадууд зохиож байна.
-Та бүхэн гурван шаардлага тавьж байгаа. Тавьж буй шаардлагуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү
-Бидний зүгээс дараах гурван шаардлагыг тавьсан. Үүнд, нэгдүгээрт “Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн уурхайгаас нүүрс худалдан авч буй үндсэн худалдан авагч нь БНХАУ-ын аж ахуй нэгжүүд байдаг бөгөөд БНХАУ-ын худалдан авагч нар давуу эрхээ ашиглан өөрийн улсын иргэд, аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлж Монголын тээвэр эрхлэгчдийг тээвэр хийхийг хязгаарлаж улмаар 3220 орчим айл өрхийн аж амьдралд хүндрэл үүсээд байна. Тиймээс “Эрдэнэс Таван Толгой" ХК, худалдан авагч нартай гэрээ байгуулахдаа худалдан авагч талд тээвэр гүйцэтгэх нийт тээврийн хэрэгслийн 30-40 хувьд нь Монгол тээвэрчдийг хамруулдаг байх.
Хоёрдугаарт, БНХАУ-н нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүд тээвэрлэлтийн үнэ тарифыг дур мэдэн хамгийн хямдаар тогтоож байгаа нь Монгол тээвэрчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайдын 2013 оны 07-р сарын 10-нд баталсан №162 тоот тушаалын хэрэгжилтийг хангахад ЭТТ-н уурхай болон салбарын байгууллагууд анхааран ажиллах шаардлагатай байна.
Гуравдугаарт, Монгол Улсын талаас хилээр нэвтрэхэд ачаатай тээврийн хэрэгсэл ирсэн дарааллын дагуу дугаарлан хил нэвтэрдэг. Гэтэл БНХАУ-ын 2019 оны 5-р сараас "Ганц мод"-ны боомтоор манай улсад тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх шинэ журам батлахдаа БНХАУ-ын Ганц модны гааль хоногт Монгол улсруу нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог тогтоон, тэр тоонд ямар тээвэрлэгч аж ахуй нэгжийн ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг БНХАУ-ын нүүрс худалдан авагч компанийн гаргаж өгсөн мэдүүлгийг үндэслэн нэвтрүүлдэг болсон. Ингэснээр худалдан авагч аж ахуй нэгж өөрийн улсын иргэдийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж Монгол иргэд аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй удааж ялгавартай хандах болсноор нүүрс тээвэрлэн гарсан Монгол Улсын тээвэр эрхлэгчид орж чадахгүй БНХАУ-ын нутаг дэвсгэрт хэзээ орж ирэхээ мэдэхгүй, тээвэр гүйцэтгэж чадахгүй зогсож байгаа нь үндэсний тээвэрлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.
Г.БИЛЭГТ
URL:




