Хяналтын хорооны түргэдсэн шийдвэр УИХ, Удирдах зөвлөл дээр бүдрэв
МАН-ын хяналтын ерөхний хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгох санал гаргасан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон бол Д.Дамба-Очир “Оюутолгой” компанид хийсэн шалгалтын дүнг парламентаар хэлэлцэхээс өмнө “Рио-Тинто”-д хүргүүлсэн гэдгээр буруудаж байгаа юм.
Нам улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг нь дээрх хоёр гишүүнд 2020 оны сонгуульд нэр дэвших мандат олгохгүй гэсэн үг.
Тэгвэл хяналтын ерөнхий хорооны дээрх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн байна. Тэгэхдээ гишүүдийн олонх нь намын хяналтын хорооны шийдвэрийг буруутгажээ.
УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёсгүй гэж үзжээ
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг буруу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр үг хэлж, байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй. “Оюутолгой” компанид Д.Дамбаочир гишүүн бичиг өгсөн нь хууль зөрчөөгүй үйлдэл. Үүний төлөө хариуцлага хүлээлгэж болохгүй. Тиймээс намын хяналтын байгууллагад хүсэлт гаргаж, дахин хуралдаж, энэ асуудлаа дахин хэлэлцэх хүсэлт өгсөн. Хууль, хяналтын байгууллага шалгаж тогтоогоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй. УИХ-ын гишүүнийг байр сууриа илэрхийлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсных нь төлөө шийтгээд байвал цаашид гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу. Зүгээр нэг хэвлэлээр гарсан зүйлээс болж арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүн дотор арга хэмжээ авахуулахгүй хүн олдохгүй. Ер нь бүлгийн гишүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа” гэв.
Тэгэхдээ МАН-ын дүрмэнд хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой гэж байдаг. Энэ дагуу хуралдсан намын удирдах зөвлөл хяналтын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Учир нь УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёсгүй гэж үзсэн байна.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
URL:





