Томилгооны наад цаадах учир юу вэ
Долдугаар сарын 1-ний хэргийн буруутны нэр тодрох ойртсон гэсэн мэдээлэл түгэхтэй зэрэгцээд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж найман улсад суух Элчин сайдын нэрийг тодруулав. Хачирхалтай нь энэ хар үйл явдлын учгийг хамгийн сайн мэдэх ёстой албан тушаалтнууд болох Р.Болд, М.Ганболд нар дээрх наймын дунд хавчуулагдан, харийн орныг зорихоор болсон нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхлэв. Энэ үйл явдлыг ажиглагчид хоёр талтай тайлбарлахыг оролдож байна. Зарим нь долдугаар сарын 1-ний хэргийн гол буруутан болон түүний хаамсаатнууд тодрохтой холбогдуулан элчингээр явуулах нэрээр “цөллөгөд” явуулж, ам хааж байна гэх. Нөгөө хэсэг нь сонгуулийн үр дүнг урьдчилан харж, найдвартай ажил албатай үлдэх гэсний шинж хэмээн үзэж байх шиг. Нөгөөтэйгүүр энэ хавар “их юм” болно гэж харж байгаа хумүүс ч байгаа бололтой. Хаврын синдром, сонгуулийн марафонтой нийлээд ажил хийхэд хэцүү болно, тэр байтугай Төрийн ордонд ороход ч төвөгтэй байх талтай гэж урьдчилан тааж байгаа нөхөд ч байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын гишүүдийн зарим нь “Замаа бодъё” гэж бодох болсон тухай мэр сэр яриа ч байна. Эрх мэдэлд нь багтдаг дөрвөн агентлаг тэртэй тэргүй намд шилжиж ирэхийг мэдсээр байж Шадар сайд болохоор зүтгэсэн У.Хүрэлсүхийн үйлдэл ч үүний нэг илрэл гэж хэлэх хүн цөөнгүй.
Сонгуулийн уеэр “гай” тарьж мэдэх хүмүүсийг “цөлж” байна гэж Төрийн ордонд шивэр авир хийж байгаа. МАН угаасаа өмнө нь ийм аргыг олон удаа хэрэглэж байсан туршлагатай. Казинотой холбоотой шуугиан дэгдэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Энхмандахыг яг ийм аргаар Англи руу “цөлж” байв. Ирээдүйтэй улстөрч гэж тооцогддог энэ эрхмийн нэр тэгсхийгээд дуулдахаа больсон билээ.
Энэ удаа ч гэсэн байдал энэ тийшээгээ эргэж байгаа бололтой. Австралид Элчин сайдаар очих гэж байгаа Р.Болд “Долдугаар сарын 1-ний хэрэг гарах үед Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан. Үймээн самуунд түүний байгууллага ямар үүрэгтэй оролцсон нь одоо болтол бүрхэг. Хэрэг гарснаас хойш “амаа хамхисан”. Түүнийг улс төрийн хүрээнийхэн бүгд С.Баярын хүн гэцгээдэг юм билээ. Тагнуулын ерөнхий газрын даргаар томилоход ч түүний нөлөө хамгийн их орсон гэлцдэг. Тагнуулын байгууллагыг удирдаж эхэлсэн даруйдаа С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байсан ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг татан буулгаж, ТЕГ дангаараа бие даан шалгах шийдюр гаргаж байсан нэгэн. Энэ хэрэг одоо болтол илрээгүй. Түүнийг АНУ-д Элчин сайдаар сууж байхад нь С.Баяр дуудаж ТЕГ-ын даргаар тавьсан гэдэг. УИХ-ын гишүүн Д.Одбаяр Хууль зүйн сайд байхдаа “Долдугаар сарын 1″-ний хэргийн зохион байгуулагчийг “Нэг америк нөхөр бий” гэж мэдэгдэж байсан. Сайд асны хэл хальтирсан байж болох уу.
М.Ганболдын хувьд БНАСАУ-д элчин сайдаар явах гэж байгаа. Тэрбээр “Долдугаар сарын1”-ний хэрэг гарах үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Онцгой байдал зарлахтай холбоотой өрнөсөн үйл явдлууд, одоохондоо далд байгаа баримт сэлт энэ эрхмийн “бөндгөрт” бий. Гэсэн ч Н.Энхбаяр, С.Баяр нар энэ асуудлаар эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж байхад мөн л Р.Болдтой адил “амаа хамхисан”. Хэвлэлүүд түүнийг “Н.Энхбаярын хүн” гэж бичдэг. Үнэхээр ч тэрбээр Ерөнхийлөгч Н.Энхбаяртай дотны найз гэх юм билээ. Ийм л сонин түүхтэй хоёр хүн нэг өдөр Элчин сайдаар томилогдохоор нэр цохогджээ. Одоо Ерөнхийлөгч батламжилчихвал тэд Б.Энхмандах шиг л сураг алдран одоцгооно. Эрх баригчдын хувьд одоо “Долдугаар сарын 1″-ний хэргийн буруутныг олж хариуцлага тооцох гэсэн шахаа толгойны өвчин болоод байгаа. “Аллага хүчирхийлэл үйлдсэн ч хариуцлага хүлээдэггүй” энэ тогтолцоог хэвээр үлдээвэл дөрвөн жилийн өмнөх түүх давтагдана гэдгийг улстөрчдийн олонх нь хүлээн зөвшөөрч байгаа. Шударга бус сонгуулиар саналаа луйвардуулсан намууд иргэний хөдөлгөөнүүд ч энэ удаа сонгууль луйвардвал зүгээр байхгүй гэсэн хүйтэн мэдэгдлүүд хийж байгаа нөхцөлд энэ хэргийн буруутныг олж, төрийн цээрлэл хүлээлгэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
Тэгвэл хэргийн учрыг хамгийн сайн мэдэх зарим хүнийг гадаад руу гаргаж явуулчихаад хэргийн буруутныг хэрхэн хайх хэрэг вэ. Буруутан гээд гаргаж ирсэн нөхрийг нь үнэхээр буруутан юм байна гэж сохроор үзэн ядаад, шийтгээд өнгөрөх хэрэг үү. Томилгооны цаана ямар учир байна вэ. Хэргийн халуун цэг дээр ажиллаж байсан, хамгийн үнэн зөв мэдээллийг өгч чадах эдгээр хүмүүс Элчин сайдаар сууснаар хэргийн зохион байгуулагч хариуцдагаас бултаж үлдэх магадлал өндәр болохгүй гэж үү.
Х.Батсайхан
URL:













