Медведевийн зорилго биелэхэд 91 жил шаардагдана

med-810x500ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Оросын хот, тосгодыг барууны зэвсгээс ангид байлгах асар том хэмжээний буфер бүсийг Украины нутаг дэвсгэрт байгуулах санал гаргажээ. Тэрбээр Ням гаригт телеграмдаа “Хэрвээ Украинд нийлүүлэх зэвсгийн тусламж үргэлжилсээр байх юм бол буфер бүс нэг иймэрхүү байна” гэсэн тайлбартайгаар газрын зураг нийтэлжээ.

Зургийг харвал Польшийн хил дагуух нарийн зурвас газрыг эс тооцвол Украиныг бараг бүхэлд нь буфер бүс болгожээ.

Медведев өмнө нь тавдугаар сарын 18-нд мөн энэ амбицтай төлөвлөгөөгөө телеграмд нийтэлж байв. Тухайн үед тэр “Storm shadow” гэх мэт Украинд нийлүүлсэн барууны алсын тусгалтай зэвсгээс Белгородыг хамгаалах зорилготой гэж хэлсэн юм. “Storm shadow” пуужингийн үйл ажиллагааны стандарт хүрээ 250 км гэх боловч олон улсын шинжээчдийн хэлж буйгаар тус зэвсэг 550 км зайд байгаа байг онох чадвартай.

Медведев үүнийг жишээ татан “Өөрөөр хэлбэл, ОХУ тэнд байна гэсэн үг. Аюулгүй байя гэвэл 550 км дээр дахиад 70-100 км нэмнэ гэсэн үг” гэжээ.

Медведевийн газрын зураг ёсоор ОХУ Украины газар нутгаас 587,459 км кв талбайг эзэмшилдээ авна гэсэн үг. Бодит байдал дээр ОХУ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 24-ний хооронд өдөрт 14.3 км кв талбайгаар урагшилжээ. Тэгэхээр энэ хурдаар явбал Медведевийн зорилго биелэхэд 91 жил шаардагдахыг цэргийн шинжээчид тооцоолов.

Зөвхөн гуравдугаар сарыг авч үзвэл ОХУ 142-203 км кв талбайг мэдэлдээ авчээ. Ялгаатай эх сурвалжуудын тооцооллоос шалтгаалаад энэ тоо хэлбэлзэлтэй гарч байна. Энэ хурдаар явбал одоо эзлэгдсэн байгаа дөрвөн бүс нутгийг бүрэн хяналтдаа авах хүртэл 3.9 жил шаардагдах аж.

Түүнчлэн ОХУ өдөрт 1500 хүний хохиролтой байгаа гэсэн тооцоолол гарсан билээ. Үүнд нас барсан, шархадсан цэргүүдийг хамт тоолжээ. Тэгвэл Медведевийн зорилгод хүрэх хүртэл 50 сая цэргийн амийг золиослоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Оросын нийт хүн амын гуравны нэг гэсэн үг.

Украины үлдсэн 80 хувийг эзлэхийн тулд газар зүйн бусад саад бэрхшээл ч бий. Тухайлбал, Днепр мөрнийг тооцоолоогүй гэдгийг Дайны судалгааны хүрээлэн тайлбарлаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER


URL: