2025 оны дэлхийн хамгийн аюулгүй улсуудыг нэрлэв

image-3bbaa23e-9a82-45a3-8c2c-7d45832c95642025 оны Дэлхийн энх тайвны индекс (GPI)-ийн тайланд сүүлийн 17 жилд дэлхийн энх тайван байдал 13 дахь удаагаа буурсан нь тогтоогджээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад улс орнуудын дундаж энх тайвны түвшин 0.36 хувиар дордсон байна. Нийтдээ 74 улсад энх тайвны байдал сайжирсан бол 87 улсад дордсон байна.
Дэлхийн энх тайвны индексийн дагуу төрийн түвшинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийн тоо Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Зөвхөн энэ жилд л гэхэд гурван шинэ мөргөлдөөн гарсан байна. Үүний хариуд улс орнууд цэрэгжүүлэлтийн бодлогоо эрчимжүүлж байна.
Гэсэн хэдий ч эдгээр бараан статистикийн цаана зарим улс орон энх тайвныг нэн тэргүүнд тавьсаар байна. Эдийн засаг ба Энх тайвны хүрээлэнгийн боловсруулдаг GPI нь 23 үзүүлэлтийг хэмждэг. Үүнд гадаад мөргөлдөөн, цэргийн зардал, терроризм, хүн амины хэрэг зэрэг аюулгүй байдал, хамгаалалтын хэмжүүрүүд багтдаг. Үзүүлэлтүүдийг нэгтгэж дундаж оноо гаргадаг бөгөөд оноо бага байх тусам тухайн улс илүү тайван гэсэн үг. Индексийг тэргүүлдэг улс орнууд сүүлийн хоёр арваны турш тогтвортой байсан бөгөөд энэ нь эргээд урт хугацаанд энх тайвны бат бөх байдал үүсгэдгийг харуулж байна.
Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс (2025 оны байдлаар)
10. Финланд
Оноо: 1.42
Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор нэрлэгддэг Финланд улс энэ жил анх удаа GPI-ийн шилдэг 10-т багтлаа. Энэ нь ихэвчлэн нийгмийн аюулгүй байдал, хамгаалалтын үнэлгээнээс шалтгаалжээ.
9. Словени
Оноо: 1.409
Словени 2020 онд анх шилдэг 10-т багтаж, түүнээс хойш гэмт хэрэг болон терроризмын эрсдэл маш бага хэвээр байна.
8. Дани
Оноо: 1.393
Дани 2025 онд зургаан байр ухарсан нь цэрэгжүүлэлтийн үнэлгээний огцом бууралтаас болсон. Гэсэн ч аюулгүй байдлын түвшин нь өндөр хэвээрээ тул аялагчид санаа зовох зүйл бараг үгүй.
7. Португал
Оноо: 1.371
Сүүлийн жилүүдэд Португал энх тайвны үзүүлэлтээ мэдэгдэхүйц сайжруулжээ. 2014 онд санхүүгийн хямралаас гарч байхдаа GPI-д 18 дугаарт жагсаж байсан бол өнөөдөр эдийн засгийн сэргэлт, гэмт хэргийн бага түвшний бэлгэдэл болж байна. Дээр нь дулаан уур амьсгал, боломжийн эрүүл мэндийн үйлчилгээтэй тул ахмад настай олон хүн тэтгэврийн насандаа Португалд амьдрахыг сонгодог.
6. Сингапур
Оноо: 1.357
Сингапур өнгөрсөн жилийн адил 6 дугаарт хэвээр үлджээ. Оноо нь бага зэрэг буурсан ч Азийн орнуудаас шилдэг 10-т багтаж буй цорын ганц улс хэвээр байна. Энэ нь дотоод ба гадаад мөргөлдөөн бараг огт байхгүйтэй холбоотой.
5. Швейцар
Оноо: 1.294
Швейцар энэ жилийн шилдэг 5-д багтсан бөгөөд тус улсын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, мөргөлдөөний эрсдэлийг бууруулах тасралтгүй хүчин чармайлтын үр дүн юм.
4. Австри
Оноо: 1.294
Австри энэ жил нэг байр урагшилж, ерөнхий оноогоо сайжруулжээ. 2020 оны арваннэгдүгээр сард Вена хотод болсон террорист халдлагаас хойш тус улсын үзүүлэлт унасан ч төрөөс хурдан арга хэмжээ авч, терроризмтой холбоотой гэмт хэрэгтнийг нягт хянах хууль тогтоомж гаргасан.
3. Шинэ Зеланд
Оноо: 1.282
Шинэ Зеланд бараг л дотоод ба гадаад мөргөлдөөнгүй улс. Саяхан Батлан хамгаалах хүчний төсвөө нэмэгдүүлснээр цэрэгжүүлэлтийн үзүүлэлт буурсан ч аюулгүй байдал, хамгаалалтын хувьд улам сайжирсан байна. Тухайлбал, хүчирхийллийн эсэргүүцэл, терроризмын нөлөөлөл багасжээ.
2. Ирланд
Оноо: 1.26
Ирланд 2022 онд анх GPI-д багтсанаасаа хойш жил бүр оноогоо сайжруулсаар иржээ. Энэ жил цэрэгжүүлэлтийн үзүүлэлтээ мэдэгдэхүйц сайжруулж чадсанаараа онцлог аж. Мөн гэмт хэргийн түвшин харьцангуй бага, эдийн засаг сайн, нийт хүн ам нь тайван амгалан улс орон юм.
1. Исланд
Оноо: 1.095
Исланд улс 2008 онд GPI үүсгэн байгуулагдсанаас хойш дэлхийн хамгийн тайван улс байсаар ирсэн. Скандинавын энэхүү улс нь хамгийн бага цэргийн зардал, олон улсын мөргөлдөөний түвшинтэй улс юм.
Монгол Улсын хувьд 1.719 оноотойгоор 37-р байранд оржээ. Энх тайван байдал өндөртэй гэсэн үг юм. Тэгвэл хамгийн аюултай буюу уг жагсаалтын сүүлийг мушгиж буй таван улсад Орос, Украин, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Йемен зэрэг улс багтжээ. Сонирхуулахад, АНУ 128-р байранд, БНХАУ 98-р байранд, БНСУ 41-р байранд, Япон улс 12-р байранд тус тус орсон байна.

URL: