Умард Солонгос 2.8 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ
Умард Солонгос 2024 оноос 2025 оны есдүгээр сарын хооронд дэлхийн өнцөг булан бүрээс 2.8 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан гэж тус улсад авсан НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянаж буй олон улсын MSMT баг мэдэгджээ.
Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг нийт 11 орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон талт хориг арга хэмжээний хяналтын багийн өнгөрсөн лхагва гарагт нийтэлсэн тайландаа энэ талаар дурдсан байна.
Тайланд дурдсанаар, Умард Солонгосын цахим халдлага үйлдэгчид АНЭУ-ын “Bybit”, Японы “DMM Bitcoin” зэрэг дэлхийн томоохон криптовалютын биржүүдэд нэвтэрч, хулгай хийсэн гэв.
Түүнчлэн АНУ, Их Британи, Өмнөд Солонгос болон бусад орноос цөмийн байгууламж, шумбагч онгоцнуудын талаарх мэдээллийг авахыг оролдсон гэдгийг дурджээ.
Орос хориг тавьсны улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Шинжээчдийн зөвлөлийг 2024 оны дөрөвдүгээр сард татан буулгасны дараа MSMT багийг тухайн оны 10 дугаар сард Умард Солонгосын эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулжээ.
URL:




