Орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байна

oron-suuts-5Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын орон сууцын үнийн индексийг танилцууллаа. 2025 оны арванхоёрдугаар сард эл үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өссөн байна. Түүнчлэн шинэ, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ таван сая төгрөг байгаа бөгөөд төвийн зургаан дүүргээс Сүхбаатарт хамгийн өндөр буюу зургаа, Сонгинохайрханд хамгийн бага буюу 3.2 сая төгрөг байна хэмээжээ. Шинэ байрны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уулд 343 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр дүн болж буй юм. Ташрамд, өнгөрсөн сарын байдлаар нэг өрөө байрны сарын түрээсийн дундаж үнэ 1.3, хоёр өрөөнийх хоёр, гурван өрөөнийх гурван сая төгрөг байжээ.

Тус эдийн засгийн статистикийг гаргахдаа орон сууцын дундаж үнэ болон үнийн индексийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн мэдээлэлд тулгуурлан тооцдог билээ. Ингэхдээ тэд монголын тэргүүлэх худалдааны сайт гэгдэх Unegui.mn дэх заруудад түшиглэсэн байна.


URL: