Монгол Улс “Энхийн зөвлөл”-д нэгдсэнээр тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат аргаар хамгаалан бэхжүүллээ

619550496_1436850707997648_6315359175654492278_nМонгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.

Манай улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.

Дүрэмд заасан тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.


URL: