В.Зеленский: Аюулгүй байдлын баталгааг Д.Трамптай тохиролцсон

17691384306972e562a7ed9АНУ-ын зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар Ерөнхийлөгч Д.Трамптай тохиролцоонд хүрч чадлаа хэмээн Украины Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трамптай уулзсаныхаа дараа тэрбээр өчигдөр энэ мэдэгдлийг хийсэн байна.

В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын баталгааны талаарх сэдвийг “хаасан”, одоо талууд гарын үсгээ зураад, парламентууд руу илгээх ёстой гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ-ын оролцоогүйгээр Украинд аюулгүй байдлын баталгаа олгох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Үүний сацуу Украины зүүн бүс нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг дурдаад, уг асуудлыг АНУ-ын тусгай элч С.Уиткофф хэлэлцсэн гэдгийг нэмж хэлсэн байна. Мөн өдөр Уиткофф мэдэгдэхдээ, зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээ ахицтай байгаа бөгөөд Москва, Киевийн хооронд ганцхан асуудал үлдээд байна гэсэн боловч чухам юу болохыг хэлсэнгүй. Тэрбээр одоо Москвад ирээд байгаа юм.

Украины нутаг дэвсгэрийн 20 хувийг эзлээд буй Оросын тал Донбассыг бүрэн хяналтандаа авахыг зорьж байна. Харин Украин улс энэ шаардлагыг няцаасаар иржээ.

Сүүлийн хэдэн сарын турш Орос-Украины дайныг зогсоох асуудлаарх дипломат яриа хэлэлцээнүүд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд АНУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэлэлцэж байгаа юм. Удахгүй АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират улсад эхэлнэ гэдгийг В.Зеленский зарлажээ.

Б.Адъяахүү


URL: