Гурван өөрүүд гурван ижилд
3 өөр мөрдэс, 3 өөр зангиа, 3 өөр цамц, 3 өөр нэрийн тэмдэг, 3 өөр савхи, 3 өөр гутал, 3 өөр одон медалийн ялгах тэмдэг. Гэхдээ 3-лаа ижилхэн Зэвсэгт хүчинд алба хаадаг, 3-уулаа адил цолтой. Яагаад бид өнөөдөр ийм байна вэ? Бид өнөөдөр цэргийн дүрэмд зааснаар хувцас өмсөх зааврын дагуу хувцас хэрэглэлээ өмсөж, зүүж, чадахгүй байна уу. Эсвэл биднийг нормт хувцас хэрэглэлээр хангаж чадахгүй байгаа учраас хэн дуртай нь юу дуртайгаа өмсөөд, зүүгээд, хэрэглээд байгаа юм болов уу.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг үг бий. Нэг талаас цэргийн алба хаагчид дүрэм, заавраа мэддэггүй, нөгөө талаас таарч тохирсон хувцас хэрэглэлээр хангачихаж чадахгүй байгаагаас ийм байдал үүсч байна гэсэн “бөөрөнхий” дүгнэлтэнд хүрэв. Өөр дээрээ жишээ татахад өнөөдөр надад хангалтаар авсан 3 өөр төрлийн зангиа бий. Нэг нь бүр эртний муухайгаар хэлбэл “чацга ногоон зангиа”, үүний дараа ардаа цахилгаантай “боловсон” зангиагаар хангалт хийсэн харамсалтай нь хэдхэн хоногийн настай эд, саяхан арай л дориун торгомсог зангиа авч их гялайсан.
За ногоон, цагаан цамцны хувьд бас л хэдэн янзын материалаар хийсэн хоёр гурван маягийнх бий. Гэхдээ өөртөө таарсан хэмжээтэй цамц амьдралдаа авч үзээгүй ээ гээд хэлчих эрхтэй. Нэвсгэр, навсгар цамцаа хасуулаад л өмсдөг. За тэгээд үүнээс цаашилбал өнөөх нэрний тэмдэг. Өөрийнхөөсөө эхлээд өрөөл бусдынхыг хараарай. Өч төчнөөн янз маягаар нь зүүсэн байгаа.
Зарим нь ч бүр байхгүй. Англи, монголоор бичсэн, цолтой цолгүй, хүрээтэй хүрээгүй, хөх цэнхэр гээд л… Уг нь цэргийн дүрмэндээ стандартыг нь заачихсан. Үүнийгээ уншиж судлаагүй учраас мэдэхгүй. Нөгөө талаас өө хайвал энгэрийн тэмдгээр биднийг хангадаггүй. Их дэлгүүрийн урд гэж алдаршсан “Пластик дизайн”, “Зоос гоёл”-ын 2 давхарыг өөрсдөө зорьж, мөнгөөрөө хийлгэнэ. Өнөөдүүл нь тэгээд хугараад уначихна аа ядахад.
Өшөө цаашлаад өөр нэг хөндех зүйл нь мөрдэс. Торгон, саатай тод шар, бүдэг шар утсаар, хүрээтэй хүрээгүй шагласан энгийн хүмүүс харвал учрыг нь олохгүй олон мөрдэсний “загвар” бий. Бас болоогүй ээ зарим нь төмөр тэмдэг хэрэглэж мөрдэсээ гоёх нь бий. Хаана, хэзээ яаж хэн хэрэглэх нь бүү мэд. Дээр нь нэмэгдээд анги, байгууллага бүр өөрийн таних тэмдэгтэй зангиа, цамцтай болох нь халаг байгаа. Ингэж болох эсэхийг бар л бүү мэд.
Дээр, доор, цол хэргэм гэж ялгалгүй нэг л ижил хувцас, хэрэглэлтэй баймаар юм. Бүү мэдээ, бүү мэд. Бас нэг холион бантан бол энгэртээ зүүсэн элдэв одон медаль, гадаад дотоодын сургуулийн танил бус олон тэмдгүүд. Юуг хаана, хэзээ, яаж зүүхээ бид мэддэггүй бололтой. Зарим нь бүр тас ганган, эр эм гэлтгүй том том бөгж, ээмэг, зүүсгэл хэрэглэж, час улаанаар уруул, хумсаа будаж, улаан утаснаас эхлээд элдэв зүйл хүзүү гартаа бас хөлдөө зүүсэн нэгэн бидний жагсаалд алхаж л яваа. Яалтай ч билээ.
Энэ талаар ЗХЖШ-ын МХТХХ-ийн дарга, хурандаа О.Баянжаргалтай уулзаж санал солилцоо.
-Таньтай дүрэмт хувцасны хангалт хийгээд хувцас өмсөх дүрэм зааврын талаар ярилцах гэсэн юм. Өнөөдөр цэргийн алба хаагчид хэдэн төрлийн ямар хангалт авах ёстойг та хэлж өгнө үү?
-Бололгүй яахав. Би танд 2011 оны 9 дүгээр сарын 22-нд батлагдсан цэргийн дүрэмт хувцасны нормыг харуулъя. Үүнийг сониндоо ч тавих боломжтой.
-Хамгийн гол нь би таньтай Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн талаар ярилцах гэсэн юм. Хувцасны зөрчилтэй маш олон цэргийн алба хаагч байгааг та бас анзаарч байгаа байх. Үүнийг би хангалттай холбох гээд байна л даа …
-Аливаа зүйл 2 талтай байдаг. Юуны өмнө тухайн цэргийн алба хаагч дүрмээ мэдэхгүй, үүргээ биелүүлэхгүй байгаагаас. Нөгөө талаас стандарт байхгүйгээс ийм байдал үүсч байна. Бид цэргийн дүрэмт хувцасны норм батлагдсантай уялдуулаад “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг шинээр боловсруулж Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Удахгүй батлагдана гэж найдаж байна. Түүнчлэн бас нэг гол зүйл бол цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлд тавигдах стандартыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. Дүрэм, стандарт батлагдвал таны яриад байгаа хувцасны зөрчил арилна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл стандарттай болсноор гаднаас орох оролт дээрээ хяналт тавигдаж, өмсөж хэрэглэх асуудал дүрмээр зохицуулагдана гэсэн үг.
-Хамгийн их зөрчилтэй байдаг зүйл бол нэрийн тэмдэг, мөрдэс…
-1999 онд батлагдсан дүрмэнд нэрийн тэмдэг, мөрдэсний талаар өндөр, өргөн өнгө, бичилт гээд бүгдийг нарийн заасан байдаг. Үүнийгээ цэргийн алба хаагчид мэддэггүй учраас янз бүрээр хийлгэж зүүж байна. Хоёрдугаарт нэрийн тэмдэгний хувьд дүрмэнд заасан хэдий ч нормт хангалтанд байдаггүй. Өнөөдөр дурын газар үйлдвэрлэж байгаа. Гэхдээ цэргийн алба хаагч дүрмэнд заасны дагуу хийлгээд зүүвэл ямар ч асуудалгүй шүү дээ. Мөрдэсний хувьд ч ялгаагүй. Гэхдээ сүүлийн үед хангалтаар авч байгаа мөрдэснүүдэд өндөр шаардлага тавьж байгаа. Стандартад оруулаад ирэхээр аяндаа цэгцрэх зүйл. Нөгөө талаас мянган дүрэм, стандарт батлаад цэргийн алба хаагч мөрдөж, үүргээ биелүүлэхгүй л бол нэмэргүй шүү дээ. Хатуухан хэлэхэд дүрэм журам сахиулах асуудал бол ангийн штабын дарга нарын хариуцах ажил, штабууд энэ тал дээр хангалтгүй” ажиллаж байгаа.
-Ядахдаа нэрийн болоод одон медалийн таних тэмдэг, мөрдэсээ хаа хамаагүй газар даатгаад байлгүй жижигхэн цех байгуулчихаж болдоггүй юм уу?
-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын нэг асуудал нь төсөв хөрөнгө. Ийм учраас Зэвсэгт хүчинд төрөөс хуваарилсан төсвийг дагаж мөрдөж буй хуулийн дагуу л зохицуулна. Тэгэхээр бид татвар төлөгчидтэй зэрэгцээд үйлдвэрлэл явуулах нь зохимжтой юу, үгүй юу? Явууллаа гэхэд бидэнд эрх зүйн үндэс байхгүй. Хамгийн гол нь тодорхой стандарттай байх ёстой.
-Шинэ дүрэм, стандартаар нэлээд зүйл цэгцрэх нь ээ дээ …
-Маш нарийвчлан заасан. Тухайлбал одон медалийн зүүлтний хэмжээ, өнгө, материал, одон, медаль, ромбо, тэмдэг зэргийг хаана, хэзээ, хэрхэн, яаж хэрэглэх гээд л … Түүнчлэн таны хөндсен зүүлт, цаг гэх мэт зүйлсийн хэрэглээг ч тусгасан.
-Зарим эмэгтэй цэргийн алба хаагчид өмд өмсдөг. Энэ тухайд…
-Нормд орсон. Гэхдээ дүрэм батлагдаагүй байгаа учраас өмсөх ёсгүй. Дүрэм батлагдвал хэрэгжиж эхэлнэ.
Ахмад Х.Ганзул
Эх сурвалж: “Соёмбо”
URL:




