Монголын хүүхнүүд нөхрөө зодохдоо сайн ч бусдыг чаддаггүй юм байна

Эмэгтэй боксчид Хятад улсад зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнээс ганзага хоосон ирлээ. Уг тэмцээнд манайхаас дөрвөн боксчин бүсгүй орсон юм. Тэд медаль авдаггүй юмаа гэхэд ядаж эхний наймд л шалгарчихсан бол олимпийн эрх авчих байлаа. 2012 оны олимп бол сонирхогчийн боксын, тэр дундаа эмэгтэй боксчдын хувьд түүхэн наадам. Олимпийн наадамд анх удаа эмэгтэй боксчид өрсөлдөхөөр болсон нь энэ. Дэлхийн аваргын олимпийн жинд өрсөлдсөн бусад орны бүсгүйчүүд бараг бүгд шахуу “Лондон-2012″-т хүч үзэхээр болчихсон Манай хэд л байдаггүй. Тэднийг олимпийн эрхийн төлөөх тэмцээн рүү явах гэж байгааг дуулаад хүн бүр л “Монголын эмэгтэйчүүд хүчтэй. Эрх авах байтугай олимпийн аварга ч болчихож мэдэхээр эрэмгий шуу” гэцгээж байв. Эмэгтэй боксчид ч энд байхдаа дэлхийд дийлэгдэхгүй юм шиг загнаж, нутагтаа болсон Азийн аваргын үеэр ааглаад л, “Юун дэлхийн аваргын тэмцээн. Тэр чинь багадаад байна. Одоо бидэнд олимпийн дэвжээнд гарах л үлдээд байгаа. Нүдээд өгье л дөө” хэмээгээд л сүртэй байсан даа. Монголын эрэлхэг хатдын шинжийг агуулсан, Чингэсийн удмын охид гээд ямар их магтаж байсан гээч, тэднийг.

Ер нь тэгээд энэ хэдэн боксчид гэлтгүй манай эмэгтэйчүүд их догшин. Энд тэнд л “Нөхрөө зодож, хутгалжээ”, “Эр нөхрөө ажил хийсэнгүй гээд өшиглөж гэмтээлээ”, “Нөхөртөө уурлаад машинаар таван км газар хөөжээ” ч гэх шиг эмэгтэй хүнээс гарамгүй авирыг гаргах болсон. Нэг хэсэг бараг өдөр бүр л ийм хачин хэрэг түвэг гарсан даа. Тэр үед эрчүуд “Бүсгүйчүүд минь яасан их чангарч байна аа, аая яа яа” гэж толгой сэгсэрцгээсэн.

Гэтэл бүсгүйчүүдийн нэг хэсэг нь болох эмэгтэй боксчид маань олимпийн эрх аваад ирье гээд явсан чинь зодуулчихаад хүрээд ирлээ.

Өнөө эрэлхэг хатдын шинжийг агуулсан, аугаа хааны удам судар гээд байсан яасан. Нэрээ мартталаа нүдүүлчихээд сэм хүрээд ирж байгаа юм.

Манай эмэгтэйчүүд ийм л байгаа байхгүй юу. Хэдэн эрчүүдээ “Муу сайн юмнууд. Бүгд л ижилхэн ш дээ. Даврааж болохгүй” гэж ам нийлэн муулж, толгой руу нь чичилнэ. Эр нөхөртөө эрслэн мэт загнаж, хутга шөвгөөр хатгаж авирлацгаагаад л айлгаад байдаг. Үнэн хэрэгтээ Монголын эмэгтэйчүүд нөхрөө л сайн зоддог. Харин бусдыг бол яаж ч чаддаггүй л юм байна шүү дээ.

Ингэхээр манай эмэгтэйчүүдэд бусад улс орны охид, бүсгүйчүүдээс онцгойрч ялгараад байх зүйлгүй шив. Тэгээд явж явж өвлийн хүйтэнд нүүрсээ үүрч, дөрвөн улирлын турш усаа зөөж, хар бор ажлыг ялгалгүй хийдгээрээ л илүү байх санж. Үүгээрээ л Монголын бүсгүйчүүд бусдаас илүү, илүү юм даа.

Д.ГАНСАРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих