С.Баяр баяртай

Монголын улстөр энэ удаа жинхнээсээ С.Баярыг үдэв. Өмнө нь 2009 оны аравдугаар сарын 28-нд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар стандарт бус Засгийн газрыг удирдах боломжгүй болсноо мэдэгдэж байсан бол өдгөө Монголын улстөр хүчээр шахуу С.Баярыг тэтгэвэрт гаргалаа. Магадгүй Ерөнхий сайдын албаа нулимстай өгч байх тэр үед л улстөрөөс С.Баярыг арчигдаж эхэллээ хэмээн горьдох хүн олон байсан боловч УИХ-ын гишүүн гэдэг утгаараа нэг мөр алга болчихож болоогүй юм.
Тэгвэл энэ удаа балаг ихтэй С.Баярыг МАН листээр жагсах 28-даа ч багтаалгүйгээр улстөрөөс шахаж гаргав. Үзэн ядаад байдаг Н.Энхбаяр нь МАХН хэмээх намтай, бас ч гэж листийн нэгдүгээрт жагсаад зогсохгүй хамгийн гол нь Монголын ард түмний дэмжлэгийг зүй ёсоор хүртэж чадсан бол С.Баяр тойрог, лист, дэмжигчдээ алдсан төдийгүй энхрий хайрт дүү нараа ч хамгаалж, өмгөөлөх чадваргүй болоод дуусч байна.
Хөвсгөл нутгийн дүү, АМГ-ын дарга асан Д.Батхуягийг л гэхэд С.Баяр дэмжиж байсан гэдэг. Хуурай ах, дүү хэмээлцэж явсан тэдний нэг нь “аавын хаалга” татаж, нөгөө нь аргаа баран байна.
Улстөр гэдэг чинь хүчтэй гэсэн биз дээ. С.Баярын улстөрийн эрин үе эрлэг рүүгээ одчихоогүй л бол Д.Батхуягийг нүд ирмэх төдийд “нарс”-наас суллаж, хүсээд байсан УИХ-д нь суулгахаар Хөвсгөл рүү мордуулж болох л байлаа. Гэвч дөрвөн жилийн тэртээ намдаа ялалт авч ирэхийн төлөө тухайн үеийн АН-ын дарга, яггүй илтгэгч Ц.Элбэгдоржтой  телевизийн эфирээр шууд мэтгэлзээд, мад тавьж байсан ихэмсэг, бардам С.Баяр орвонгоороо өөрчлөгджээ. Хайртай дүү Д.Батхуягаа суллуулах арга хэмжээг авах нь битгий хэл улстөрөөс арчигдсанаа хүлээн зөвшөөрөх мэт таг чиг, нам жим байна.
Нарийн яривал С.Баярын гарт хурган дарга нараа аалзны тор мэт хаа сайгүй шигтгэсэн МАН хэмээх хүчтэй зэвсэг бий шүү дээ. Тэгтэл ганц дайчин Ц.Элбэгдоржийн өмнө элгээрээ хэвтээд өгчих нь тэр. Аргагүй ч үгүй юм, харсаар байж шүүх, прокурор, мөрдөн шалгах үйл ажиллагааг Ц.Элбэгдоржийн хараат болгочихсон хойно С.Баяр, С.Батболд, Ц.Нямдорж нар өнөөдөр уйлаад ч яах билээ.
Гэхдээ С.Баярын өмнөөс Д.Батхуяг залхаагдан, золионд явж байгаа нь шударга хэрэг биш. Муу эр дайнд хөөрнө гэгчээр С.Баярын хутгасан бантанд Д.Батхуягийн оруулсан хувь нэмэр их байж болох ч Ч.Хүрэлбаатарын өмнөөс Увсын Засаг дарга Э.Цасчихэр “аавынх” руу явдаг, С.Баярын хэргийг Д.Батхуяг үүрдэг байж болохгүй. Магадгүй Д.Батхуягийн хоригдох болсон шалтгаанд С.Баяр ямар ч хамаагүй бөгөөд ахын хайрыг дүү нь дааж чадаагүй байж болох ч сэтгүүлч бидний хувьд хардах эрх бий. Тиймээс л С.Баярын өмнөөс Д.Батхуяг явчихсан юм биш үү, Ч.Хүрэлбаатарын золионд Э.Цасчихэрийг гаргачихлаа гэдэг яриа газар авсан юм шүү дээ.
Мэдээж хоёр хар хэрээний нэгийг нь цагаан гэж өмгөөлөх сонирхол Mongolcomments.mn-д байхгүй бөгөөд ганц гарын дүү Д.Батхуягаа хүртэл “аавынх” руу алдчихаад аварч чадахгүй байгаа нь С.Баяр улстөрөөс жинхнээсээ арчигдсаны нотолгоо гэж хэлэх гээд энэ бүгдийг нуршчихлаа.
Тийм ээ, 2009 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 21 минутанд УИХ-ын ээлжит бус чуулган нээснийг спикер мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын гишүүд цугларсан шиг юм болоогүй ч С.Баярыг энэ удаа Монголын улстөр чимээгүйхэн үдэж өглөө. Тэгэхдээ нэгмөсөн үдсэн бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих