“Тусгаар тогтнол”-оо хогтойгоо хутгасан наадам
Монголчууд бид жилээс жилд наадаж сурч байна, соёлжиж байна гэж өөрсдийгөө хөөргөдөг. Гэвч энэ жил цэмцгэр наадаж чадсангүй. Бас соёлтой байж чадсангүй.
Наадмын өдрүүдэд машинтай болгон, төрийн далбаагаа хатган, салхи татуулан давхисан. Харин наадмын маргаашнаас Монгол төрийн далбаа зам дээр, шавхайн дотор хэвтэж байгаа дүр зураг харагдах болов. Наадам дууслаа, одоо хэрэггүй гээд машинаа гоёсон төрийн далбаагаа газар хаясан наадамчдын хувьд төрийн далбаагаараа гоёх нь зүгээр нэг хэлбэр хөөсөн хэрэг байжээ. Монгол ч гэлтгүй аливаа улсад төрийн далбаа нь тусгаар тогтнол, мөнх оршихын бэлэгдэл байдаг.
Хүй долоон худагт гэхэд наадамчин олонд бие засах газар хүрэлцээгүйн улмаас маш их дугаарлан зогсох, зарим нь бүр олон түмний нүдэн дээр ч ил “гаргаж” орхих нь цөөнгүй харагдсан. Тэднийг харсан гадны жуулчид нүд нь орой дээрээ гарна билээ. Харин нэг жуулчин бүсгүй модон жорлонгоос огиулан огил харайн гарсан. Гэтэл тэр бүсгүйгээс “200 төгрөгөө” хэмээн гараа сарвайсан модон жорлонгийн “эзэн”-ий өмнөөс ичмээр санагдсанаа нуух юун.
Түүнчлэн хогийн сав огт байхгүй учраас хөл дор хог хөглөрч, “Монгол наадам” бус “Хогтой наадам” болж байлаа. Тохижилт үйлчилгээний компанийнхан наамдын дараа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоос 28 тонн хог хаягдал зайлуулжээ. Өнгөрсөн жил 15 тонн хог гаргаж байсан гэж бодохоор энэ жил бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг.
Хот тохижилтын газраас 500 гаруй сайн дурынхныг дайчилж, “Хогийн сав хангалттай байрлуулсан ч хогоо ил задгай хаях явдал өнгөрсөн жилээс нэмэгдсэн үү гэхээс буураагүй” хэмээн хот тохижилтын ажилчид ярьж байна. Ард иргэд хогоо ил хаях явдал жилээс жилд багасч байгаа ч жижиг худалдаа эрхлэгчид энэ тал дээр маш бүдүүлэг байсан гэдгийг тэд хэлж байсан юм.
Б.Дэжид
URL:













