Кёкүшюзан Д.Батбаяр эхнэртээ уурлахаараа Япон руу нисчихдэг
Хөгжилтэй улс оронд хүндэт иргэн болчихвол нэг бодлын сайхан ч юм шиг. Гэхдээ мөнгөгүй хоосон хүн өөр оронд хүндэт иргэн боллоо гээд байнга очиж чадахгүй бол харамсалтай л хэрэг. 26 компаниас хувь хүртэж, ашиг авдаг гэх Кёкүшюзан Д.Батбаяр уур нь хүрвэл Япон явдаг нэг гэмтэй гэнэ.
Тэрбээр яалт ч үгүй 1992 оноос хойш Японы сүмод хүч үзэж, Япон улсын хүндэт иргэн болсон нэгэн билээ. Хүндэт иргэн болохоор тус улсад визгүй зорчих хөндлөн эрх түүнд байдаг юм.
Харин Кёкүшюзан Д.Батбаяр энэ ховорхон боломжийг ердөө уурлахаараа л ашигладаг нэгэн гэнэ. Эхнэр Т.Баясгалангаа харцаараа хөдөлгөж, бөмбөгнүүлдэг гэх ярианд ороод буй Д.Батбаяр энэ сонгуулиар өвдөг шороодож бөөн уур болохдоо Японд очиж жакузид суун уураа гаргаад монгол наадамдаа ирсэн гэнэ.
Өмнө нь тэрбээр Т.Баясгаланг хардаж уурлахдаа хоёр ч удаа Японыг зорьсон гэнэ лээ. Т.Баясгалан яахав дээ, Д.Батбаяраас дутахгүй олны танил юм болохоор найз нөхөдтэйгөө нийлж ганц хоёр вино мулталж л дээ.
Тэрэнд нь шаралхаж, хардсан Д.Батбаяр гэртээ ирэхгүй хоёр хонож гэнэ. Т.Баясгалан яагаад ирэхгүй байгааг нь асуувал “Японд амарч байна аа” гэсэн гэдэг.
Гавьяат эхнэртээ уурлахаараа хэзээ ч хамаагүй Япон нисчихдэг Д.Батбаярыг ойр тойрных нь хүмүүс “Уурыг нь хүргэвэл Япон явчихна байх, уурлуулахгүй л байгаарай” хэмээн явуулдаг ч болсон сурагтай.
Дорвитойхон, донжтойхон уур гэж л энэ байх даа. Арван мянган монголыг Япон нисгэх мөрөөдөлтэй үлдээсэн гишүүн асан авгайдаа уурлахаараа ардуудыг биш аварга биеэ чирээд өөрөө Япон явдаг нь сонирхолтой.
П.Сүндэр /www.wikimon.mn/
URL:








