С.Ламбаа сайдын тушаал үр хөндөлтийг нууц байдалд оруулчхав уу тушаал гарахаас өмнө

Үр хөндөлтийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр 1000 амьд тө­рөлт тутамд 200 үр хөндөлт ногдох болов.

Энэ нь таван амьд төрөлт тутамд нэг үр хөндөлт ногдож байна гэнэ үг.  Жилдээ 30 мянга шахам аборт хийсэн тухай, өнгөрсөн хорин жилд 600 мянган хүнээ устгасан тухай тооцоо судалгаа ч гарав. Сүүлийн жилүүдэд төрөх эмэгтэйчүүдийн нас залуужиж 10 орчим хувийг 20-с доош насны “охид” болов. Үүнийг даган үр хөндөлт хийлгэх нас ч залуужсан байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдээс үр хөндүүлэх болсон шалтгааныг тодруулахад эмэгтэйчүүдийн 32 хувь нь хүүхэд төрүүлэх болоогүй, 25 хувь нь санхүүгийн бололцоогүй, 19 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар, 17 хувь нь нас ахисан, олон хүүхэдтэй гэсэн хариуг өгсөн бай­на. Үр хөндүүлэх сонирхолтой хүмүүсийн эрэлт хэрэгцээ, үүнийг дагасан үр хөндөлт хийх эмнэлэг, эмч нарын тоо ч нэмэгдэв.
Байдал хүндэрснийг хэвлэл мэдээлэл, олон нийт хүлээв зөв­шөөр­лөө. Үнэхээр энэхүү харилцааг зохицуулахыг нийгэм шаардаж байлаа.

САЙД ЯМАР ТУШААЛ ГАРГАСАН БЭ?

Одоогоос жил гаруйн өмнө  буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Үр хөндөлтийг зохицуулах журмыг шинэчлэн бат­лах тухай” гэх “чухал” тушаалаа гаргажээ. Уг тушаалын агуулга нь үр хөндөлтийг тодорхой стан­дартын шаардлагад нийцсэн тохиол­долд л хийж болохоор зохи­цуулсан аж. Түүнчлэн энэхүү тушаалыг нь хэрэгжүүлээгүй нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний “Эмчлэх, сувилах, эм барих” зөвшөөрлийг хүчингүй болгох, бүр тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах тухай хатуу хариуцлагыг тогтоосон байв.

Дээрх стандарт гэх зүйлдээ үр хөндөлтийг эрт үеийн, хо­жуу үеийн хэмээн ангилаад, “Эрт үеийн үр хөндөлт” гэж жирэмсний эхний арван хоёр долоо хоног дотор үр хөврөлийг авах ажилбарыг, “Хожуу үеийн үр хөндөлт” гэж жирэмсний арван гурван долоо хоногоос хорин хоёр долоо хоногийн дотор жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг хэлнэ хэмээн тус тус тодорхойлжээ.

Түүнийгээ цааш нь нарийвчлан “эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бү­рэн хангасан, хүндрэл гарсан то­хиолдолд арга зүйн дагуу найд­вартай эмчлэх, 24 цагаар үйл­чилгээ үзүүлэх, “Эх барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуу­лах” тусгай зөвшөөрөлтэй, ма­гад­­­­лан итгэмжлэгдсэн эмнэ­лэгт хийнэ. Эрт үеийн үр хөн­дөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгөөр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжил­гээг бүрдүүлж, зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ” хэмээн тогтоосон аж.

Харин илүү эрсдэлтэй гэгдэх хожуу үеийн үр хөндөлтийг мэр­гэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурьд­сан заалтаар зөвхөн Эх нялх­сын эрдэм шинжилгээний төв, нийслэлийн амаржих газар, аймгийн төрөх тасагт болон эх барихын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлэгт зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч төлбөргүйгээр гүйцэтгэж байхаар зохицуулсан байна.

Түүнчлэн хожуу үр хөндөлт хийх тохиолдлыг хязгаарлан “Ту­хайн жирэмсэлт нь эх, ургийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон, 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл, эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл, Сэтгэцийн эмгэгтэй бол, Цусан төрөл ойртсон нь нотлогдсон, Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлснээс бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслахыг хориглоно” гэх хатуу заажээ.

“НОТЛОГДСОН ТОХИОЛДОЛД” ГЭХ ҮГ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨВ

Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан сэтгүүлчдийн хам­таар оны өмнөхөн нэр устай зарим эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүл­­дэг газруудад  шалгалт хий­сэн. Магадлан итгэмжлэг­дээгүй  тус эмнэлэгт үр хөндөлт хийж байсныг албан бус эх сурвалжууд удаа дараа мэдээлж байсны хүчинд ийнхүү шалгасан. Гэвч тэд “үр хөндөлт хийснийг яг яаж батлах юм. Бид хууль бус зүйл хийгээгүй” хэмээн мэлзсээр хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Үнэхээр шал­галтынхан үр хөндөж байгааг нь нотлох боломжгүй байсан тул сайдын тушаалын дагуу хариуц­лага оноож чадаагүй.

Өнөөх “үр хөндөлт огт хийдэггүй” эмнэлгийн талаар тухайн үед нэр устайгаа хэвлэл­үүдээр дурдагдаж байсан.  Магад­гүй тус шалгалтын талаарх мэ­дээ­­лэл эмнэлгийн сайхан суртал­­чилгаа болсон биз. Хэрэв үнэхээр л хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй юм бол байгууллагын нэр төрд халдсан хэмээн заргалдах байсан биз. Гэвч тэгээгүй.

Авлигийн гэмт хэрэг авсан өгсөндөө аль алинд нь ашигтай, хохирогч нь мэдэх боломжгүй нөхцөлд хийгддэг. Яг л үүн шиг үр хөндүүлж буй үйлчлүүлэгч, үр хөндөж буй эмч нарын аль алиных нь хэргийг бүтээж байгаа тул хэн ч гомдол гаргадаггүй. “Хохирогч”-ийг ч шатаачих тул нотлох зүйл гэх юм үлддэггүй. Ийм нөхцөлд хэрхэн нотлох баримт бүрдүүлэх билээ дээ. Цаад шалтгааныг нь харалгүй механик аргаар зохицуулалт хийх нь тухайн үйлдлийг далд хэлбэрт оруулахаас өөр зүйлгүй.

Саяхан чуулганы завсар­лагааны үеэр тушаал гаргагчтай таарав. “-Сайдаа, Үр хөндөлтийг зохицуулах тухай таны тушаал гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шийдвэр зөрчсөн байдлаар хариуцлага хү­лээ­сэн эмч, эмнэлгийн ажилтан байгаа юу? -Үгүй. Одоогоор гараагүй байна. Сайдынхаа хувьд би шийдвэрээ гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх, шалгаж тогтоох үүрэг нь Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар зэрэгт байгаа” Сайд чухал ажилтай явж байсан тул яриа цааш үргэлжилсэнгүй.

Хэрэв үнэхээр энэхүү тушаал хэрэгжсэн бол сүүлийн нэг жилийн хугацаанд хууль бус үр хөндөлт болоогүй гэж үзэж болох нь. Гэвч үүнд итгэж чадахгүй нь.
Яагаад гэвэл замбараагүй үр хөндөлтийг зогсоосон бол хүн амын өсөлт, төрөлт мэдэгдхүйц өсөх нь зүйн хэрэг.  Гэтэл Улсын хэм­жээнд 2011 оны нэг дүгээр сард 5163 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 934 эхээр, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 5190 болж, 937 хүүхдээр буюу 15.3 хувиар буурчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ судалгаанаас харахад нэг хэсэг өсөж, амаржих газруудад багтахгүй байсан эхчүүдийн тө­рөлт эргээд буурч эхэлснийг ха­руулж байна. Хамгийн гол нь үр хөндөлтийг хориглоогүй байх үеэс шийдвэр гарсны дараах үеийн төрсөн хүүхдийн тоо нэмэгдээгүй, харин ч буурсан байх юм.

Үр хөндөлт хийдэг эмнэлгүүд багассантай зэрэгцэн үр зулбуулах эмийн хэрэгцээ нэмэгдэж хэв­лийд буй ургийг устгах аргыг өөрчилснөөс өөр үр дүн гарсангүй. Сайдын тушаалын зорилго хууль бус үр хөндөлтийг зогсоох байс­наас биш устгах аргыг өөрчлөх баймааргүй л юм.

Б.МАНДАХ


URL:

Сэтгэгдэл бичих