МАН-ын гишүүдийн бат илэрхийлэл нь “хас” тэмдгэн дардастай байжээ
“Хас” билэгдэл нь судлаачдын олж тогтоосноор, Алтайн ууган соёл иргэншлийн хэвлийд бүрэлдэн бий болсон. Монгол Алтайн нуруунаас олдсон хадны дурсгал (сүг зураг) дээрх хас нь дор хаяхад 15н мянган жилийн настай гэдэг. Хас нь тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн гол билэгдэл бөгөөд олон арван мянганы тэртээгээс өвөг Монголын соёлын ертөнц болоод оршихуйн тухай нууцлаг зөн билэг, дохио тэмдэг болон уламжлагджээ. “Хас” тэмдэг нь огт хөдөлгөөнгүй харагдах авч мөнхөд зогсолтгүй хөдөлж буй үзэгдэгч, үл эвдрэх, бат бэх оршихуйн билэгдэл, төгс тэгш хэм, уран сайхны хувьд нүд сэтгэлийг соронздон татагч ямар нэгэн нууцлаг увидасыг агуулсан байдаг. Тэр хэрээр Монголын язгуур гүн ухаан, сэтгэлгээний алс гүнээс мөнх тэнгэрийн хүчийг дээдлэн дагаж, ариунаар хэрэгжүүлэгч манай ард зоны ертөнц болоод өөрийгөө танин ухамсарлахуйн сэтгэлгээний цогц билэгдэл болсоор иржээ. Монголын эртний дурсгал, түүнээс уламжилсан соёлд “хас” нь ихэнхдээ баруун буюу нар зөв эргэлттэй байдаг.
Ер нь ертөнцийн гадаад үзэгдэл гол төлөв баруун эргэлттэй ба дун лавай, мушгиран ургагч ургамал, мушгиа бүтэцтэй бактери, уураг, удамшлын ген, атом дахь электроны хөдөлгөөн цөм ийм эргэлттэй байдаг билээ. Уурагт биеийн оршин тогтнох хэлбэр болох амьдрал хэмээх үзэгдэл дээр тэрхүү уургийг бүтээгч нь амин хүчлүүд байдаг. Биологийн биетийн дотоодод явагдах химийн урвалууд нь зөвхөн зүүн эргэлтэт бүтцийг эрхэмлэнэ. Амьдрал гээч нь тэгэхээр гүндээ зөвхөн зүүн эргэлтэт бүтэцтэй ба “эм хас” түүнийг, гадаад үзэгдэхүйг нь нар зөв буюу эр хас илэрхийлдэг. Мөн байгаль дээр баруун эргэлтэт хөдөлгөөн нь энергийг хуримтлуулах шинж чанартай байхад зүүн нь сарниулан алдагдуулах төлөвтэй байдаг гэх мэтийн машид сонирхолтой нарийн атал эгэл энгийн үй олон жишээ татаж болохуйц “хосмол” зүй тогтол шинж төлөвийг “хас” тэмдгээр томъёолсон байх нь түгээмэл. Өвөг Монгол соёлын өв болон уламжлагдсан Мөнх тэнгэрийн гүн ухааны үндсэн шүтээн “үл чадагдахуйн билэгдэл” бөгөөд түгэн тархсан “хас соёл”-ын хүрээ асар уудам. Тухайлбал, эртний Маханджо-Даро, Харрапа хот буюу дравид соёл иргэншил, үүнээс уламжилсан эртний Энэтхэгийн хиндус, буддын соёл, эртний Шумер, Грек, Америкийн “Индей”-чүүдийн Майя болон бусад олон агуу соёлд “хас” нь өргөн тархсан байдаг.
Австрали ба Африкаас бусад бүс нутгуудад хас билэгдэл элбэг тааралддаг нь Төв Азиас эхэлсэн хүн төрөлхтний их нүүдлээр зөөвөрлөгдөж, уламжлагдан түгсэн бололтой.
Төв Азийн нүүдэлчдийн анхны “Хүн” гүрнээс эхлээд дэлхийн эзэнт улс “Монгол” хүртэлх бүхий л нүүдэлчний соёлт улсуудад “хас их биет” буюу ертөнц, “хас их төр”, “төрийн хасбуу тамга” гэхчилэн асар том ойлголтууд өнөөг хүртэл тасралтгүйгээр залгамжлагдан иржээ. Хасын тухай судалгаа шинжилгээний материал их л арвин ба хүн төрөлхтний, тэр дундаа Монголчуудын оюун сэтгэлгээний түүхэнд энэхүү нэн энгийн атлаа төгс, нууцлаг, учир үл ухагдах шалтгаанаар сэтгэл татам үзэгдэх мэдрэгдэх нэн төгс тэгш хэмт дүрслэл, томъёолол мөнхөд оршдог ажгуу.
Эртний нүүдэлчдийн бүрэн төгс боловсорсон метафизик гүн ухааны машид цогц томъёолол болох “хас” нь буддын соёлд өөриймшин боловсрохдоо язгуур утгаа огт алдаагүй бөгөөд “хас”-ын чагтын босоо шугам эр бэлгэ, хөндлөн нь эм бэлгэ, төв нь хүн ба амьдрал, улмаар энэ шулуунууд огтлолцон чагт дүрс үүсгэх бөгөөд дөрвөн үзүүр нь дөрвөн оронд төрөх боломжийг илэрхийлэх ба энэ дөрвөн үзүүрээс ташуу муруйсан сэрээ (зэтэр) нь л сансрын хүрдний дахин дахин төрөх зовлонгоос бүрэн ангижирч гэгээрэлд хүрч бурхан болсон хүнийг илэрхийлдэг аж. Энэ учир Бурхан багшийн цээжин дээр “хас” тэмдгээр ялж төгс нөгчсөн, туйлын гэгээрэлд хүрсэн хүн хэмээн эгэл хүмүүсээс ялган хүндэтгэдэг болой. “Хас” билэгдэл нь Монголын соёл,танин мэдэхүйн үр болохынхоо хувьд өнөөг хүртэл өргөн дэлгэр, дээд хүндэтгэлт шүтээн-билэгдэл бөгөөд ойрхны түүхээс авч үзвэл 20 дугаар зууны эхэн үеийн Нармай Монгол Улсын Азийн морин дивизийн дайчдын мөрдөс дээр “хас” тэмдэг байсан төдийгүй Монгол Ардын Намын гишүүдийн бат илэрхийлэл нь “хас” тэмдгэн дардастай байжээ. БНМАУ 1930-аад он хүртэлх төрийн албан бичигт, бошгийг халах залуучуудын эвлэлээс дэлхийн коммунист интернациональд бэлэглэсэн туганд ч “хас” тэмдэг байжээ.
Энэхүү “хас” билэгдэл нь 1933 онд Германы үндэсний социалист нам засгийн эрхэнд гарч, А.Гитлер намынхаа билэгдэл болгон авснаар нэг ёсондоо хэлмэгдэж, нацизм-фашизмын билэгдэл хэмээн адлагдах болсон болой.
Гэсэн хэдий ч түүхэнд дурьдсанаар эртний тэр “хас” тэмдгийг дүрслэн үлдээгч нь төв Азийн нүүдэлчин өвөг Монгол хүн байсан нь тодорхой билээ.
“Улаанбаатар таймс”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.







Valentina Soleil d’hiver, amour de paillarde-Tant vient et peu tarde. Menglas
Thank you, I enjoy this.
You have made your point!