АНУ-ын ЭСЯ-ны байрнаас нууц материал олжээ
АНУ-ын Ливи дэх ЭСЯ-ны байр руу халдсан явдал сар хүрэхгүй хугацааны өмнө болсон. Энэ явдлын үеэр элчин сайдын гурван ажилтан аюулгүй байдлаа хамгаалахын тулд яаравчлан зугтаан одсон билээ. Гэвч тэдгээр ажилчид Ливид явуулж буй АНУ-ын нууц ажиллагааны талаар ховор, чухал баримт орхиж явсныг ливичүүд гартаа оруулжээ. Эдүгээ тус материалууд хэвлэлийнхний гарт очсон байна. Баримт бичигт зэвсгийн цуглуулга, тэднийг хадгалах агуулахуудыг барьж байгуулах байршил, мөн эрүүл мэндийн яаралтай тусламжийн байр барих чухал баримтууд байжээ. Ливи дэх АНУ-ын ЭСЯ-ны бүрэн эрхт төлөөлөгч Кристофер Стевен эдгээр нууц баримт, бичгүүдийг үлдээн явсан нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр эдгээр баримт бичгийн дийлэнхийг ливичүүд санаанаасаа зохиосон байх магадлалтай гэжээ. Гэвч, баримт бичгийг дахин хуулбарлах боломжгүй өндөр зэрэглэлийн цаас, тамга тэмдгийн хамт хадгалсан нь АНУ-ыг гацаанд оруулж байна.
ЗЭВСЭГ ХАДГАЛАХ АГУУЛАХ
Материалын эхний нүүрүүдэд Барак Обамагийн гарын үсэг бүхий батлан хамгаалах яамны тогтоол байжээ. Үүнд их хэмжээний зэвсэг хадгалах, байршуулах байгууламж барих ажлын төлөвлөгөөг хавсаргасан дурьдатгал байсныг лалын шашинтнууд тэмдэглэсэн байна. Ердөө хэдхэн долоо хоногийн дараа АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно. Гэвч үүнээс өмнө Б.Обамагийн ялалтад садаа болох иймэрхүү асуудал гарч ирж буй нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүллээ. Египет, Ливийн ард иргэд 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын ойн үеэр АНУ-ын Засгийн гарын гаргасан бодлогогүй алхмыг эсэргүүцэхдээ ЭСЯ-руу дайран орсон байдаг. Тиймдээ ч ийм чухал баримт бичиг олжээ. АНУ-ын эрх баригчдын Бенгазид төвлөрүүлсэн цэргийн тоо тухайн үед дурьдаж байснаас хэдэн зуу дахин их байсныг энд өгүүлжээ. Ливийн босогчид Триполиг эзлэн авах үед АНУ-ын агаарын хүчин тушаал хүлээж байсан болохыг нууц баримтаас олж мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, хувьсгал бүтэлгүйтсэн тохиолдолд Триполиг газрын хөрснөөс арчиж ч болзошгүй тушаалыг тэдгээр онгоцууд хүлээж байжээ. ЭСЯ-ны байрнаас олдсон “USA Document of Militant in Tripoli” нэртэй баримтад дурьдсанаарЛивийн чөлөөлөх армийнхний зэвсгийг хураах үйл ажиллагаа хэмээх материал ажиглагчдын сонирхлыг татав. Үүнд, зөвхөн цэргийн ажиллагаанд оролцсон ливи иргэдийн буу, зэвсгийг мөнгөөр солих “бартер” даалгавар багтсан байжээ. Энэ нь америк цэргүүдийг эсэргүүцэн босохоос сэргийлсэн бодлого байв. Яг үүнтэй адил явдал урьд нь Афганистанд давтагдаж байсныг эх сурвалжууд онцолжээ.
Бэлтгэсэн Т.БАТСУГАР
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:




