Камерийн өмнүүр гүйх дон

Улс төрчдийн  дунд нэгэн аймшигт халдварт өвчний “вирус” хэдийнэ тархаж эхэлжээ. Энэ “вирус” одоогоос 10 орчим жилийн өмнөөс хурдтай тархаж, олон хүнийг өвчлүүлсэн юм байх. Харамсалтай нь анагаах ухааны салбарынхан өнөөдрийг хүртэл өвчнийг эмчлэх шидтэй эм, тан олоогүй юм. Гэтэл сүүлийн үед энэ нь өвчний шинж тэмдэг улам даамжирч, улс төр сонирхогчид болоод оюутан залууст эрчимтэй халдварлаж эхэлсэн нь нийгмийг эргэлзээнд оруулах, замбараагүй байдал үүсгэхэд нөлөөлж байгаа гэнэ. Энэ аймшигт өвчнийг товчхондоо “Камерийн өмнүүр гүйх дон” гэж нэрлэжээ.
Энэ халдвар улс төрд сонирхолтой, зөөлөн сэнтийд залрах хүсэлтэй, элдэв янзын тендер будлиантуулж, хэнд ч хэрэггүй, хэзээ ч хэрэгждэггүй хууль батлах гэж мөрөөдсөн хүмүүст илүү амархан тархдаг болох нь доорх баримтаас тодорхой харагдах юм. Эхэндээ энэ өвчний “вирус” тээгч улстөрч болоод залуусыг телевизээр гарах бүрт нь хөдөө орон нутгийнхан “Сайн хүү, “юм” хийдэг улстөрч” хэмээн ам дамжин магтдаг байсан бол сүүлдээ он цагийн эрхээр буюу даамжирсан олон халдвараас болж, тэр эерэг бодол нь талаар болсон сурагтай. Харин тэднийг орчин үеийн ангаах ухаан бус гурил будаа, саван угаалгын нунтаг зэрэгт хууртдаг “боловсролгүй” гэгдээд байсан сонгогчид Б.Арго, Ш.Төмөрсүх, П.Давааням, Т.Хасбаатар нарын цөөнгүй хүнд “шинжилгээ” хийсний үр дүнд тогтоожээ. Тухайлбал, өөрийгөө Ард түмний багш хэмээн өргөмжилсөн Б.Арго , Чингис хааны дэлхийн академи гээч хэнд ч хэрэггүй зүйлийг байгуулсан П.Давааням мэтийн нөхдөөс “Би Чингис хааны удам. Би дэлхийн олон орны 3000 гаруй хааныг, хүн төрөлхтнийг төлөөлдөг” гэх мэтийн дэмийрсэн шинж тэмдгээр илэрсэн юм. Гэтэл үүнийг нь хүмүүний ертөнц л юм хойно сэтгүүлчдээс эхлээд цөөнгүй хүн тэднийг эмчлэх аргыг ойрмогхон нээсэн боловч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь харамсалтай.
“Камерийн өмнүүр гүйх дон” хэмээн нэрлэж байгаа энэ халдварт өвчинтэй Б.Арго, С.Жавхлан тэргүүтэй олон хүнийг хоосон танхимд ганцааранг нь хурал хийлгэж, мөнгө өгвөл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацдаг болсон явдал юм. Харин энэ бүхэн үр өгөөжөө өгч байгаа салбар нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг нь хэн бүхний нүдэнд ил байгаа. Тэр дундаа өөрийн гэсэн сэтгүүлч сурвалжлагчгүй мэдээллийн хулгайч сайтууд, гадны орчуулга муутай шоугаар занималдсан чанаргүй телевизүүдийн хувь заяа тэдэнтэй бага ч гэсэн холбоотой учир энэ “донтон”-уудыг тэр бүр зарлаад байхыг хүсдэггүй билээ. Тийм учраас улс төрийн нөхцөл байдал их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн шалдар булдар, ороо бусгаа болоод сонгуулийн “цан дэлдэж” эхэлсэн энэ үед тус өвчин улам даамжирах нь гарцаагүй. Харин иргэдийн бодолд энэ дэмийрсэн шинж тэмдэгтэй нөхдийн үгийг хүлээж авах тийм сул дархлаа тун бага зайтай байгаа юм.
Д.Булган

URL:

Сэтгэгдэл бичих