Монголд мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь хэрэгтэй юү?

Энэхүү сэдвийн дор Төрийн хэлний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян (PhD), академич Ж.Амарсанаа, Анагаах ухааны доктор Ч.Баттогтох, ШУТИС-ийн багш Г.Томтогтох (PhD) нар болон нэр томьёо судлаач, салбар бүрийн мэргэжилтэн, орчуулагч нар оролцсон нээлттэй хэлэлцүүлэг болов.
Ж.Оюунаа: (Гадаад хэл, толь бичгийн редакцийн эрхлэгч) Монсудар хэвлэлийн газрын “Гадаад хэл, толь бичгийн редакц”-аас мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь хэрэгтэй юү? гэсэн сэдвээр онлайн санал асуулга явуулж, 1000-аад хүнээс санал авсан.

Ж.Амарсанаа: Нэр томьёо гэж юу вэ? Нэр томьёо гэдэг бол үг. Үг гэдэг бол үсэг. Монгол хэл 45 үсэгтэй гэж би боддог. 35 үсэг байдаг гэж хэн ч тогтоогоогоогүй. Монгол кирил үсэг гэж нэрлээд, улс төрийн нэг намын тогтолцооны үед 35 үсэгтэй гэж тогтсон байдаг. Олон ургальч үзэл дэлгэрч, улс төрийн олон намууд гарч ирснээр энэхүү шийдвэр хүчингүй болсон. Одоо ч гэсэн төрийн хэмжээнд төрийн хэлний хуульд өөрчлөлт оруулж, монгол кирил бичиг хэдэн үсэгтэй байхыг хуульчлан батлах хэрэгтэй байна. Тийм учраас бидэнд “Минии дэлгүүр”, “программ-програм” гэж бичиж байгаагийн зөв, бурууг шүүж тунгаах тогтолцоо байхгүй болжээ.

1978 онд анх Монголд “Хууль зүйн нэр томьёоны тайлбар толь” монгол-орос хадмалаар гарч байсан. Гадаад үгүүд ч монгол хэлэнд орж ирж, нэр томьёо болж байна. Жишээ нь: Монгол Улсын ерөнхийлөгч “Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэж.

Асуулт: Нэр томьёоны үг хэллэгт орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдан гадаад үгүүд ихээр орж ирж байна. Энэ үзэгдлийг юу гэж үзэж байна вэ, гадаад үгийн нэр томьёонд эзлэх орц нь хэтэрвэл яах вэ, энэ нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрэх үү?

Ц.Өнөрбаян: Би төрийн хэлний зөвлөлийн гишүүн. Төр засгаас Төрийн хэлний зөвлөлийг эх хэлний талаар тодорхой бодлого баримтлах зорилгоор байгуулсан. Мөн төрийн албан ёсны хэлний хууль ч хүртэл гарсан. Гагцхүү хуулийн хэрэгжилт тааруу байна. Иймээс сүүлийн үед эх хэлний нэр хүнд их унаж байна. Нэр томьёо бол нийтэд түгээмэл байх мэргэжлийн хүрээнийхэнд зориулагдсан маш нарийн зүйл юм. Манайд “Мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь” зайлшгүй хэрэгтэй байна гэдэгтэй санал нэг байна.


Төрийн хэлний зөвлөл байгуулагдсанаасаа хойш нэлээд олон удаа хуралдсан. Үр дүнд хүрсэн тодорхой ажлууд байхгүй байна. Харин өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн дараа тодорхой ном зохиол, толь бичиг гаргана гэдэгт найдаж байна. Харь үггүй хэл гэж үгүй. Харь үгийг авдаг хэм хэмжээ гэж байдаг. Харь үг бүр орчуулагдахгүй. Орчуулах үг байна, эсвэл тэр чигээрээ нутагшиж хэрэглэгдэх нь ч бий. Заримдаа муухан орчуулсан монгол үгээс харь үг нь илүү оновчтой байх тохиолдол гардаг. Одоо манай албан ёсны хэвлэл мэдээллийн үг хэллэгт харь үг харьцангуй цөөн байдаг.

Асуулт: Техник технологийн чиглэлийн мэргэжлийн харь үгийг бүгдийг нь орчуулах ёстой юу, эсвэл харь үгээр нь хэрэглээд явах уу, харь үг биднийг оюуны ядууралд хүргэх үү? Шинжлэх ухааны салбарууд тус тусдаа нэр томьёоны толь гаргаж байгаа нь хэр хүртээлтэй вэ?

Ц.Өнөрбаян: “Мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь” зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг бид сайн ойлгож байна. Гэхдээ аргачлалыг зөв гаргах хэрэгтэй. Орчин үед ганц хүний бүтээл гэхээсээ илүү хамтын, багийн бүтээлийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, анхааран судлах болсон байна. Юуны өмнө “кирил монгол бичгийн зөв бичих дүрмийн толь” хэрэгтэй байна. Хэдэн үсэгтэйгээ ч тогтоож авах хэрэгтэй. Хуульчилсан толь байхгүйгээс өнөөдөр эх хэлний боловсролын нэр хүнд унаж байна. Мөн төрийн хэлний зөвлөлийн үүрэг ч сул байна.

Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд цаашид Төрийн хэлний зөвлөл, хэвлэлийн газар, БШУЯ хамтран шинжлэх ухааны салбар бүрээр нийтийн хэрэгцээнд зориулсан нэр томъёоны тайлбар толь гаргаж, нэгдсэн ойлголтыг олон нийтэд хүргэе гэсэн санааг оролцогчид санал нэгтэй дэмжиж байлаа.

Г.Гэрэл

TSAGTUR


URL:

Сэтгэгдэл бичих