Паартай байшин, паалантай жорлон мөрөөдөл болов уу?

Монголын хүн амын дийлэнх хэсгийг дундаж орлоготой иргэд бүрдүүлдэг. Харин нийслэл хотдоо суугчдын 60 хувийг гэр хорооллын иргэд бүрдүүлж байна. Хувийн газартай, амьдрах сууцтай байна гэдэг гэр хорооллын давуу тал ч утаа, хог, нүүрс түлээнээс эхлээд дарамт ихтэй амьдардаг нь олон жил үргэлжилж буй бодит үнэн. Харин уг асуудлыг хотоос зайтай хаусандаа амьдардаг дарга нар хоолой нь хорсох цагаас эхлээд л мэдэрсэн байх.

 

Түүнээс түнэр харанхуйд бүрэлзэх мянга мянган гудамжны асуудал өнөөдөр ийнхүү хурцаар яригдахгүй байх учиртай юм. Хотын төвдөө бөгс зөрөх зайгүй болтол нь байшин шамбааралдуулж барьчихаад түүнийгээ хот төлөвлөлт гэж өнөөг хүртэл ярьсаар байгаа дарга нар гэр хороолыг нэг л орхичихоод байх шиг байна. Өөрөө амсаагүй учраас өрөөлийн зовлонг умартсан байж ч болно.

 

Тэнд өвлийн хүйтэнд түлээ хагалж, ус зөөдөг, өглөө даарч орой бүдчидэг амьдрал засаглалаас засаглалын хооронд амьсгалсаар байгаа гэдгийг умартаж үл болно. Харин гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нэлээд хэдэн иргэн орон сууцтай болсон. Энэ нь утаагүй яндангаас урьдаж биелэлээ олсон учраас олон хүн ам сайтай байлаа.

 

Гэсэн ч өнөөдөр иргэд эрх эдлүүлсэн шигээ эргээд таниас хариуцлага нэхэж байна. Тодруулбал, зургаан хувийн хүүтэй зээлээр паартай байшин, паалантай жорлонтой болох мөрөөдлөө нэхэж байна. Улсад татвар төлж, үр ашигаа хүртэх гэсэн иргэд өнөөдөр хохирч үлджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 341-р тогтоол гарч “100 мянган айл орон сууц хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх замаар бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Тус хөтөлбөрт багтах хүсэлтэй иргэд ОССК-ын үүд сахиж, толгой эргэм төрийн байгууллага дунд нь бичиг цаас хөөцөлдөж явсан. Үүнд ДОХ-гүй байх ёстой гэсэн бичиг арай л багтчихсангүй.

 

Хүү тооцож хэдэн саяыг нугалж олоод үхэж үрэгдвэл байрыг чинь буцаагаад авна гэсэн хатуу шаардлагыг биелүүлж байр авах хүсэлтээ гаргасан иргэд үнэндээ өвдөх ч эрхгүй байдаг.
Гэтэл бүсээ чангалаад байр авахаар зорьсон 80 гаруй иргэн өнөөдөр орох орон оочих аягагүй болжээ. Тэд тус хөтөлбөрт хамрагдахын тулд “Жоннотан” барилгын компанид байрны захиалга өгч, урьдчилгаа төлж гэрээ байгуулсан аж. Улмаар “Төрийн банк”-нд зээл шийдүүлэхээр холбогдох материалаа өгсөн боловч “төрөөс олгох санхүүжилт зогссон, тус компани бусад барилгын компаниас илүү олон зээл шийдэгдсэн” гэсэн нэрийдлээр зээл олгохоос татгалзжээ.

 

“Жоноттан” ХХК нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай засгийн газрын 2012 оны 82-р тогтоолын хавсралтаар БЗД-ийн XIX хороонд 346 айлын орон сууц барих эрхийг авсан аж. Тус компанид нийтдээ 200 гаруй иргэд хандсан бөгөөд зээлийн II шатанд буюу өргөдөл гаргаж зээл шийдвэрлүүлэхээр өгсөн 80 гаруй иргэний зээлийг татгалжээ.

 

Харин компанийн зүгээс “орон сууцны барилгын ажил 98 хувьтай байна. Энэ ондоо багтаан орон сууцаа ашиглалтанд оруулна. Иргэдийн зээлийн амтериалыг банк судалж үзээд зээл олгох боломжтой гэсэн шийдвэр, баталгаа өгсөн тохиолдолд иргэдийг орон сууцанд нь оруулж, дараагийн санхүүжилтээс зээлийн төлбөрийг авах хүртэл хүлээх боломжтой” гэсэн уян хатан хариулт өгч байна.

 

Гэтэл банк зээл өгдөг дээрээ тулаад гэдийчихлээ. Иргэдийн хувьд хашаа байшингаа зараад урьдчилгаа төлбөрөө төлчихсөн, одоогоор хажуу өрөө хөлсөлж, айлаар толгой хорогдож яваа иргэд цөөнгүй байна. Түүнчлэн материал бүрдүүлэхэд цаг хугацаа, мөнгө зарлагдсан, байртай болно гэсэн найдвар тээж өөрийн орон байр, өмч хөрөнгөө заран урьдчилгаа бүрдүүлсэн иргэд сэтгэл санааны хувьд тайван бус байдалтай байна.

 

Иргэдийн сэтгэлзүйгээр ийнхүү тоголсон төр уг асуудалд даруйхан хяналт тавьж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгох асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол орон сууцтай болно гэж хүлээсэн иргэд орох оронгүй болох цаг ойртсоор байна. Цаашид ч паартай байшин, паалантай жорлонгийн мөрөөдөл үргэлжилсээр байх болно. Монгол хүний амьнаас илүүд үзсэн байр барьцаалсан зээлийн бодлогоо уян хатан болгохгүй юм иргэд хохирсоор л байх бололтой.

 

Эсвэл жил дуншиж ганцхан сарын дотор батлахаар зүтгэсэн энэ хууль хуурмаг төдий зүйл байсан юм уу. Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн жилийн хүү хамгийн багадаа 18 хувьтай байхад зургаан хувь гэж баталсан нь тэр даруй байрны өртөгийг мкв-т тутамд нь 100-200 мянгаар өсгөж орхисон. Гэхдээ ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдогын адилаар иргэд баталсан хуулийг чинь биелүүлэхийг шаардсаар л байх болно шүү.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих