Япончууд яагаад сайхан сэтгэлийг ойлгохгүй байна аа
Арлын Японд гамшиг нүүрлэн сүйд болоход хамгийн түрүүнд хамгийн их санаа зовсон улс бол Монгол. Биднийг зовж явахад бишгүй их тусалж байсныг нь бодож, төр, засгийн тэргүүнүүдээсээ эхлээд хувь хүн, байгууллага бүр хандивын аян өрнүүлсэн. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд ч хамаагүй мөнгө цуглуулж илгээх шиг болсон. Энэ бол Монгол хүний сайхан сэтгэл.
Өдөр ирэх бүр Японд цагийн байдал хурцдаж байна. Атомын станцын реакторууд дэлбэрснээс болж агаарт радио идэвхт бодис тархсаар. Энэ нь япончууд эх орондоо энх тунх амьдрахад тун бэрх болж байна гэсэн үг. Хөөрхий япончуудыг ингэж зовж байхад их гүрнүүд тэднээс улам бүр холдоод байгаа нь хачирхалтай. Жишээ нь, дэлхийн аль ч өнцөгт асуудал үүсэхэд цагдаа мэт авирладаг супер гүрний нэг АНУ л гэхэд эдийн засгийн бодлогын хувьд Японоос зайгаа барилаа. Харин монголчуудын сайхан сэтгэл зөвхөн хандив тусламж цуглуулж, илгээхээр дуусгавар болсонгүй. Зарим төрийн бус байгууллага Японы иргэдийг Монголд 3-4 жилийн хугацаанд амьдруулах боломжийн талаар судалгаа хийж эхэлжээ. Тодруулбал, “Анти Атом” хэмээх ТББ Монголын айл өрхүүдээс судалгаа авч “Японы иргэдийг гэртээ байлгахыг зөвшөөрч байна” гэсэн хариуг 100 гаруй өрхийн тэргүүнээс сонсчээ. Ингээд энэ тухайгаа Японы Элчин сайдын яам болон холбогдох бусад байгууллагад илгээсэн ч ямар нэгэн хариу өгөхгүй таг чиг болчихоод байгаа аж. Өөрсдийнх нь сайн сайхан ирээдүйн төлөө ингэж их санаа тавьж байхад тэд яагаад үл тооно вэ. Япончууд тийм муу санаатай улс уу. Хэтэрхий эх оронч юм уу. Эсвэл манайхан шал дэмий юман дээр далдганаад байгаа юм болов уу. Ойлгохоо байлаа.
Ч.ДАШДЭЛЭГ
URL:













