Зодоончид ба залилангийнхан
Зодолдоод л… Бас бусдын мөнгийг саагаад л явах юм, энэ хэдэн улс төрчид.
Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарын тухай дахиад нэг муухай мэдээ интернет ертөнцийг “чимэглэж” эхэллээ. Булайгаа ч дэлгэж байна даа, “найзууд”. Ерөөсөө том намын генсек болмогцоо зарим нь ингэж хөгөө хөлдөө чирдэг “хуультай” юм болов уу. У.Хүрэлсүх тус намын генсек байхдаа мөн ч олон удаа бусдын нармайг нээсэн дээ. Хамгийн сүүлд хөөрхий муу Гарьдхүүгийн Баярсайханыг шанаадаад унагаж орхисон. Үүнийхээ төлөө тэр “сайн дураараа” УИХ-ын танхимыг орхиод гудамж руугаа явсан юм. Тэгтэл оронд нь генсек болсон Г.Занданшатар саяхан намынхаа залуучуудын бас нэг “лут том” төлөөлөл хүн гэгддэг яруу найрагч Ж.Мөнхбатыг хусаад хаячихаж гэнэ. Ж.Мөнхбат уг нь тухайн өдөр залуучуудаа цуглуулаад намынхаа их хурлыг хийлгэж, Ө.Энхтүвшин даргыгаа огцруулах эсэх тухай хэлэлцэх нь зүйтэй гэсэн санаа оноогоо хуваалцаж суусан бололтой. Гэтэл үүнд нь дургүйцсэн Г.Занданшатар түүнийг газар дээр нь шууд хашраахаар шийдээд тийнхүү зодож танхайрчээ. Тэд дараа нь арга эвээ олох гэж мунгинахдаа гадуур шуугиан үүсгээд дэмий гэлцэн салж оджээ. Гэвч муу юм модон улаатай гэгчээр сайтуудын хэдэн бор сэтгүүлч охид болсон явдлын зах зухаас олон түмэнд хүргэж эхэлжээ. Г.Занданшатарын энэхүү зодооны тухай мэдээтэй бараг зэрэг шахам өөр нэгэн сүрхий баримтыг нь Хадгаламж зээлийн хороошоодын хохирогчид дэлгэв. Хохирогчдын холбооны Х.Оюунцэцэг “Г.Занданшатар хэдэн жилийн өмнө хадгаламж зээлийн хорооны эзэдтэй илэрхий хуйвалдаж байсан хүн юм. Тэр “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” ХЗХ-ны захирал Г.Энхтөрөөс 2004 оны сонгуулийн үеэр бүрэн тоноглогдсон “УАЗ” маркын фургон машин авсан байлаа. Харамсалтай нь энэ машинаа цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд хохирол барагдуулах нэгдсэн санд оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, тэр чоно борооноор гэгчээр бидний өмчийг ашиглаж завшсан байлаа. Мөн “TВ- 5” телевизийн захирал асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл биднийг хохироосон юм. Тэр “Глоб кредит” ХЗХ-оос санхүүжилт авч, 2004 оны Афины олимпийн наадмыг шууд дамжуулж байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгаж өгөхийг хууль хяналтын байгууллагаас бид шаардаж байгаа” гэв. Нэгэнт баримтаар нотолж, хариуцлага тооцохыг хүссэн бол цагдаагийнхан тэдний залилан мэхлэлтийн шинжтэй эдгээр үйлдлүүдийг шалгаж л таарна. Ямар хариу өгөхийг харин хүлээх үлджээ.
Б.Отгонбаяр

URL:













