Ганцаардсан Б.Бат-Эрдэнийн ганц өрсөлдөгч нь “хар машин” болжээ

haircag

Сонгуулийн санал хураалт ойртох тусам хуулиар хориотой ч, зарим судалгааны дүн гарч эхэлжээ. МАН-ын дотоод болон бусад шинжээчдийн судалгаагаар тус намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчдөө тэргүүлж эхэлсэн байна.

Хот, хөдөөгүй л “Аваргадаа өгнө”, “Зөв хүнээ дэмжинэ” гэсэн уухайн түрлэг хотоос аймагт, аймгаас суманд, сумаас багт өртөөлж байгаа аж. Нэгэнт судалгааны дүн нааштай гарсан, бодит байдал дээр ч илүү рейтингтэй яваа учраас МАН-ынхан одоо ганцхан “хар машин”-д л хамаг анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэд 2012 оны УИХ-ын сонгуулийн эргэлзээгээ одоог хүртэл тайлж чадаагүй яваа. Иргэд хүртэл санал тоолох автоматмашинд эргэлздгээ хэлдэг. Иймд энэ удаа саналаа аваргадаа өгч “хар машин”-ы эргэлзээгээ тайлъя гэх хандлага нийтийн дунд ч хүчтэй явна.

Олон нийтийн судалгаагаар Б.Бат-Эрдэнэ яагаад тэргүүлэх болов. Үүнд хэд хэдэн шалтгаан байгааг МАН-ынхан хэлж байна. Нэгд, тэр зөв хүн, хоёрт, нэр цэвэр хүн, гуравт, ямар нэгэн бүлэглэл, фракцад барьцаалагдаагүй. Эрх ашгийн зөрчилгүй улстөрч. Энэ бүхэн нь Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн давуу тал. Нөгөө хоёр өрсөлдөгчөөсөө ялгарах онцлог юм. Дөрөвт, өрсөлдөгчдийнх нь гаргасан алдаа Б.Бат-Эрдэнэд оноо нэмж байна. Тавд, Б.Бат-Эрдэнэ хүч тэнцвэргүй тулаанд ганцаараа, бас ганцаардлаа гэж гомдлолгүй зүтгэж буй. Энэ нь зодуулж байгаа нэгнээ өмгөөлдөг монголчуудын сэтгэхүйгээр нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд эерэгээр тусч эхэлжээ. Үнэхээр ч МАН-ын нэр дэвшигчийг өмгөөлж, өрөвдөхөөс ч аргагүй.

Яагаад гэвэл, түүний эсрэг “төрийн машин” бүхлээрээ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Засгийн эрхийг хяналтгүйгээр барьж байгаа АН-ынхан ч бэл бэнчингээ гайхуулж, долоо хоног бүр сурталчилгааны самбарыг зурагтай, “юу”-тай нь сольж байхад Б.Бат-Эрдэнэд тийм санхүүжилт байхгүй, бусдаас орж ирэх боломж ч үгүй бололтой. Энэ бүхний эсрэг “Эвийг эрхэмлэнэ, Зөвийг дэмжинэ” гэсэн хүрэн дээлтэй зурагтайгаа сонгуулийн сурталчилгаагаа эхний өдрөөс эцсийг нь хүртэл явах давагдашгүй хүчин зүйлийн өмнө төрийн наадмын дэвжээнд 12 жил босоо явсан аварга маань аргагүй л хүч мөхөсдөж байгаа бололтой. Наанаа сонгуульд хүч үзэж буй дүртэй атлаа цаагуураа санал хуваах зорилготой МАХН-ынхан ч телевизийн эфирийн цагуудаа АН-д найр тавьж, аварга руу дайрсан хар PR-ийн галыг өөр дээрээ наах болж МАХН гэсэн тусдаа нам уу, АН-ын фракц уу гэдэг нь ялгарахаа болилоо.

Б.Бат-Эрдэнийн эсрэг зогсох “төрийн машин”-ы багт өөрийнх нь намын зарим фракц ч хүч нэмж байгаа гэх шинжээчдийн таамаглал үнэний ортой. Сонгуулийн сурталчилгаа гэхээсээ бэрхийг туулж буй энэ бэрхшээл дээр нь өрсөлдөгчийнх нь хязгааргүй амлалт нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд зовлон болж байна. Тэдгээр амлалтын дунд нь Үндсэн хуулиас давсан, Ерөнхийлөгчийн институцид хамааралгүй зүйлүүд ч бий. Урьд нь Хархориныг Монголын нийслэл болгоно, өөрөө Засаг дарга нь болно гэж явсан Ц.Элбэгдорж саяхан Хэнтий аймгийн Өндөрхааныг “Чингис хот” болгоно гэдгээ сонгуулийн амлалт болгож зарлав. Энэ бол Үндсэн хуулиас давсан амлалт. Мөн “Оюутны 70.000”-г 96.000 болгох, таван хүүхэдтэй өрхөд 570.000 төгрөг олгоно гэх зэргээр бэлэн мөнгөний гэж хэлж болохоор амлалтуудыг өгөв. Бодит байдал дээр “Оюутны 70.000”-г нэмэх үгүйг УИХ шийднэ. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал Ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ байна уу, Ц.Элбэгдорж байна уу ялгаагүй, хэн нь ч байсан УИХ-ын шийдвэрийг л хэрэгжүүлнэ. Энэ нь хэн Ерөнхийлөгч байхаас үл хамааран хэрэгжүүлэх төрийн хууль.

Ц.Элбэгдорж амлахын зэрэгцээ УИХ, Засгийн газрын өмнүүр орж, өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө наах болов. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Спикерийн эрх, үүрэг өөр өөр байдаг: Монгол Улс сүүлийн 20 гаруй жил парламентын ардчиллыг хөгжүүлж байгаа. Засаглалын хуваарилалтыг “Хууль тогтоох”, “Гүйцэтгэх”, “Шүүх эрх мэдэл” гэсэн гурван хэсэгт хувааж авч үздэг. Нэг үгээр хэлбэл, УИХ бодлогын төвшинд хууль баталж, Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлнэ. Хэрэв энэ хоёрын хооронд маргаан гарвал шүүх засаглал хөндлөнгөөс оролцож асуудлыг шийддэг. Ерөнхийдөө энэ гурван институц л улс орныг жолоодож, ардчиллын үнэт зүйлс, иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж байх үүрэг хүлээсэн гэж хэлж болно. Манай хууль тогтоогчид “эх газар”-ын гэгддэг Германы хууль эрх зүйг нэлээн шүтэж, засаглалынхаа хуваарилалтыг хийсэн байдаг. Үлгэр авсан ХБНГУ бол манайхтай адил парламентын засаглалтай орон. Бундестаг хууль тогтоож, ихээхэн эрх мэдэл бүхий Канцлер гүйцэтгэх засаглалыг толгойлдог. Ерөнхийлөгчийнх нь үүрэг манай Ерөнхийлөгчийнхтэй ойролцоо. Харин эдэлдэг эрх болон улс төрд оролцох оролцоо нь манай Ерөнхийлөгчийнхөөс хамаагүй бага юм шиг байна лээ. Гэтэл манай Ерөнхийлөгч яагаад, ялангуяа энэ өдрүүдэд илүү эрх мэдэл эдлээд байна вэ гэвэл тэр АН-ын албан бус дарга байгаад хамаг учир байна. Нам дахь фракц нь АН-д нөлөөтэй учраас УИХ, Засгийн газрыг хамтаар нь базаж, гишүүд хүртэл санаачилсан хуулийнхаа авторыг “Ерөнхийлөгчийнх” болгон өөрчилж байна.

Манай Үндсэн хуульд заасанчлан “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”. Тэр хууль санаачлах болон хориг тавих эрхтэй. Гэхдээ тавьсан хоригийг нь УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ. Түүнчлэн Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргана. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Өөрөөр хэлбэл, түүний гаргасан шийдвэр амьдралд бодитоор биелэх үгүй нь УИХ болон Засгийн газраас хамааралтай. Ерөнхийлөгч бол өөрөө ийм л “хагас мэдэл”-тэй, парламентаас дутуу эрхтэй субъект.

Гэтэл хууль санаачлах эрхтэй гурван субъектын нэг гэдэг утгаараа нэр хавчуулсан хуулийн төсөл болгоноо “Миний хийсэн ажил” гэж сонгуулийн кампанит ажилдаа ашиглах нь ёс зүйд нийцэхгүй. УИХ, Засгийн газрын гардан шийдэх ёстой “Оюутны 70.000”-ыг 96.000 болгох, мөн ХАХНХЯ-наас санаачилсан “Хүүхдийн тэтгэмж олгох” зэрэг асуудлыг Ерөнхийлөгч өөрөө санаачилсан мэт ярьж, өөрөө мэдээд шийдчих юм шиг л амлаж байх юм. Гэтэл бид амлалтаас хаширсан, хохирсон улс. 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалтаас болж улсынхаа сан хөмрөгийг гөвөхөө шахсан, бүр нүүрсээ барьцаалан урд хөршөөсөө зээл авч байж амлалтаа хагас, хугас биелүүлсэн. Хөршийн зээлийг төлөх гэж хамаг байдгаа шавхаж байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Иймд сонгуулиар элдэв янзын амлалт өгөхийг хориглосон хууль хүртэл баталсан. Тэр хуулийн хэрэгжилт хаана байна вэ. Хэн хяналт тавих вэ.

Ерөнхийлөгч өмнөх парламентын олонх, цөөнхөөрөө санал нэгдэж шийдсэн энэ хуулийг тоохгүй, хэрэгсэхгүй сонгуульдаж явна. Гэтэл амлалтыг хамгийн их эсэргүүцэж, шүүмжилж байсан хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяртай өрсөлдөж, телевизийн халз мэтгэлцээнд оролцож байхдаа “Дахин сонгогдохын тулд амлаж болох бүгдийг амлаж байх шив” хэмээн өрсөлдөгчөө шүүмжилж байв. Гэтэл одоо өөрөө ч бас амлаж болох бүхнийг амлаж явна. Энэ улс оронд болж бүтэж байгаа бүхэн дээр “Ерөнхийлөгч” гэсэн шошго хадах гэж АН-ынхан чадлаараа чардайн зүтгэж байна. Тэгж л их гавьяаг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид наах гээд байгаа юм бол гайг нь ч гэсэн хамт үүрүүлбэл ёс зүйд нийцнэ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байна. Цагтаа энэ гэрээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсаараа урагшаа нэг алхлаа” хэмээн УИХ-ын индэр дээрээс магтан тунхаглаж явсан. Харин одоо ямар гэрээ болсон нь бүгдэд тодорхой болсон. Монголчуудад ашиггүй гэрээ болсон гэдгийг Засгийн газар, УИХ ч хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсад, монголчуудад ашиггүй хийсний хариуцлагыг Ерөнхийлөгч ч гэсэн хүлээлц л дээ. Хамт хийлцсэн алдаагаа яаж залруулахыг АН-ынхан, нэр дэвшигч нь огт ярихгүй л явах юм.

Л.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих