Хоёр аймагт магадлан хэмжилт хийхийг хоригложээ

Хоёр аймагт магадлан хэмжилт хийхийг хоригложээ

Орон нутагт “Газрын тухай”, “Геодези, зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулиудын холбогдох зүйл, заалтуудын хэрэгжилт ямар байгааг мэргэжлийн байгууллагаас шалгахаар болжээ.

Энэ удаагийн шалгалтаар Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Геодези зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгасан байна.

Шалгалтаар багагүй зөрчил илэрснийг албаныхан дуулгав. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй, газрын хэвлийг ашиглах асуудал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суугдсан нь тодорхойгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулаагүйгээр газар эзэмших гэрчилгээ олгосон, Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж мөрдөгдөөгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн хэмжлийн багажийг баталгаажуулалгүй ашигласан, шинээр газар олголт хийж, кадастрын зураг гүйцэтгүүлэхдээ эргэлтийн цэгийг газарт тэмдэгжүүлэх мэдэгдэл бичээгүй, акт үйлддэггүй, зургийг шалгаж баталгаажуулаагүй байхад мэдээллийн санд оруулдаг, нэгж талбарын хувийн хэрэгт батлагдсан үнэт цаас ашиглаагүй, газрын улсын бүртгэлийн мэдээллийн хуудас бөглөгдөөгүй байсныг тогтоов.

Газар зохион байгуулалт, газрын кадастр, геодези зураг зүй болон барилгын зураг төслийн эх материалууд архивын нэгж үүсгэгдээгүй, мэргэжилтэнд хадгалагддаг, шинээр баригдаж байгаа барилгад батлагдсан зураг төслийн дагуу тэг, тэнхлэгийг газарт шилжүүлэх хэмжилт хийж акт үйлдэхдээ хүчингүй болсон норм дүрмийн загвар ашигласан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Мөн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр магадлан хэмжилт гүйцэтгэсэн, кадастрын зураглал гүйцэтгэхдээ геодезийн хэмжилтийн баталгаажуулаагүй багаж ашигласан зэргээр холбогдох хууль, тогтоомжийн зүйл, заалтуудыг зөрчиж байсан тул хоёр аймагт магадлан хэмжилт хийхийг түр хугацаагаар зогсоолоо.

НИЙГМИЙН ТОЛЬ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих