Алт, мөнгөний эрэлд гарлаа

Эрхэм гишүүд өнөөдөр танхимдаа цуглаж ээлжит бусаар хуралдана. УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа 10.00 цагт болно. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, Монголбанкин дахь алт­ны нөөц багасч, ул­маар валютын хэмжээ багасч хомсдолд орсон зэ­рэг нь эдийн засгийн хүнд­рэлийг бий болго­сон. Энэ байдлын харгалзан, хүнд нөхцөлөөс гарахын тулд хуулийн орчноо сайжруулахаар Засгийн газар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулан боловс­руулж УИХ-аар хэлэл­цүлэ­хээр болсон юм. Товчхондоо гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдад таатай боломж бүрдүүлж, татвараа хөнгөлж, алтны нөөц бүрдүүлэх замаар мөнгөтэй болох зорилготой гэж буй.
Ээлжит бус чуулганаар таван хуулийн төсөл хэлэлцэх юм. Үүнд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтсан юм.Ээлжит бус чуулган хоёр долоо хоног үргэлжилж эдгээр төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна.

М.ЦЭЦЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих