Алга болгосон цүнхийг нь буцааж өгсөн орон гэргүй хүнд Америкчууд 72 мянган доллар хандивлалаа

Алга болгосон цүнхийг нь буцааж өгсөн орон гэргүй хүнд Америкчууд 72 мянган доллар хандивлалаа

Их хэмжээний цүнхтэй мөнгө олж цагдаад хүргэж өгсөн Бостон хотын оршин суугч орон гэргүй эрд АНУ-ын иргэд 72 мянган доллар хандивлажээ.

Орон гэргүй афроамерик гаралтай Глен Жэймс гэгч өнгөрсөн долоо хоногт Бостон хотоос нэлээн зайдуу байрладаг худалдаа үйлчилгээний газраас эзэнгүй цүнх олжээ. Цүнхэнд бэлнээр 2,4 мянган доллар мөн 40 мянган долларын чек байсан ажээ.

Гудамжинд гуйлга гуйж амьдардаг хүний хувьд ийм их хэмжээний мөнгөний тусламжтай амьдралаа өөрчлөх боломж байсан. Гэвч Жэймс цүнхийг шууд цагдаа нарт  хүргэж өгсөн байна. Уг цүнхэнд Хятадаас ирсэн оюутны гадаад паспорт байсан тул эзнийг нь хайж олоход хүндрэл гараагүй ажээ.

Даваа гарагийн өглөө Бостон хотын цагдаагийн газрын дарга Эд Дэвис Жэймсийн хийсэн сайн үйлдлийн талаар сэтгүүлчидтэй уулзан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Цүнхтэй мөнгийг эргүүлж өгснөөр Жэймс агуу хүнлэг чанар гаргасан  гэж Дэвис онцолж хэлсэн  ба тэрээр орон гэргүй эрд талархлын бичиг гардуулж өгчээ.

Өдгөө 55 настай Жэймс хэл ярианы доголдолтой учраас ажилд орж чаддаггүй бөгөөд гуйлга гуйж амьдардаг гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Хэвлэлийн бага хурал дууссаны дараа цагдаа нар түүнийг алга ташилтаар үдэн өгч тэрээр ахиад л гудамжинд орон гэргүй хэвээрээ үлдсэн байна.

Жэймсийн сайн үйлсийн тухай сонин хэвлэлээс олж мэдсэн Виржиниа мужийн оршин суугч 23 настай Итан Уиттингтон ганц талархлын бичиг хангалтгүй гэж үзээд орон гэргүй эрд туслах мөнгө хураах аянг зохион байгуулжээ.

“Оюутан залуу цүнхээ эргүүлж авсан харин Жэймс оронд нь юу ч аваагүй тухай сонингийн нийтлэл уншсан. Тийм учраас би түүнд зориулж сайт нээж хүссэн хүмүүсийг эдийн засгийн боломжоороо  Жэймст амьдралаа шинээр эхлэхэд нь туслахыг санал болгосон” гэж Уиттингтон өгүүллээ.

Пүрэв гараг гэхэд тусгайлан нээсэн банкны дансанд 72 мянган доллар орсон ба мөнгө хандивлагчдын тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Жэймст ажилд ороход туслахыг хүсэж байгаа хэд хэдэн хүмүүс Уиттингтонтой холбоо барьсан тухай мэдээлэл ч байгаа аж. Мөн түүнчлэн нэгэн шүдний эмнэлэг насан туршид нь орон гэргүй эрийн эмчилгээг үнэ төлбөргүй хариуцах болсноо мэдэгджээ.

Х.Көгершин


URL:

Сэтгэгдэл бичих