Ардын нам- Гамин нам

Цаг нь ирэхэд бүх юм бий болж цаг нь ирэхэд бүх юм алга болдог. Нэгэн цагт түүхийн захиалгаар гэнэт хүчирхэгжиж

Хятадыг эзэгнэн суусан Манж гүрнийг хятадууд дотроос нь яг л хүр хорхой шиг аажуухан боловч зогсолтгүй мэрсээр унагаж орхисон нь хожмоо хятадын хувьсгал хэмээн нэрлэгдэх үйл явдал байсан болой. Доктор Сунь Ять Сен гэгч нанхиад эр өрнийн боловсрол олсон хүн байсан учир үй олон бүлгэм, хэсгүүдэд хуваагдсан хятад оронд анх удаа жинхэнэ орчин үеийн утгаар нь 1912 онд улс төрийн нам байгуулж ГОМИНДАН буюу АРДЫН НАМ гэж нэрлэсэн нь хэн ч маргашгүй үнэн билээ. Хожим хятадын коммунист нам төрийн эрхийг барихад гоминданчууд Тайван руу зугтаж одоо болтол эх газрын хятад лугаа тэрсэлдсээр байгаа юм.  Чухамхүү энэ гоминдан нам буюу ардын намын цэргүүд Сюй Шү Жанаар удирдуулан Хүрээнд орж ирээд монголын төрийг устгаж Богд хааныг маань хар гэрт хорьж орхисон нь  тэртэй тэргүй хятадуудад дургүй монголчуудын хэдэн үе дамжин үл унтрах  дургүйцлийг  цусанд нь асааж орхисон. Тэрхүү гоминдан нэрт  хятадын ардын намын цэргүүдийг монголчууд гамин гэж харааж  өдгөө ч хамгийн муу муухай санагдсан зүйлээ гамин шиг сүр сүлдгүй, хийморгүй гэх мэтээр зүйрлэн ярисаар байгаа Хятад дахь үймээн самууныг соргог ажиглаж, овжин ашигласан монголчууд он удаанаар алдагдаад сураггүй шахам болчихсон тусгаар тогтнолоо сэргээх тэмцэлд эрслэн босохдоо цагийн аяс, урт удаан нөлөөллийн эрхээр Хятадын Ардын нам гэсэн нэрнээс  санаа авч Монгол Ардын НАМ хэмээх улс төрийн хүчнийг байгуулсан нь бас л үл зугтаах үнэн. Тэр цаг дор монголчууд Хятадаас уух цай төдийгүй улс төрийн нэр томъёогоо хүртэл авч байсныг түүхчид гэрчилдэг. Тэгээд ч Монгол, Хятад хоёулаа Чин гүрний бүрэлдэхүүнээс гарах гэж байгаа түүхэн нөхцөлд эхэлж тусгаарласан Хятадаас зарим нэг санаа, жишээ авах нь  тухайн үедээ буруу биш байсан ч байж болох  талтай. Гэвч тухайн үед хар хятадтай адилхан нэр авахгүй гэж эх орончдын нэг хэсэг нь эсэргүүцэж харин нөгөө хэсэг нь унах уу босох уу дээрээ тулчихаад байхад нэр зэрэг нь ч яамай гэсэн гэх түүхийн цуу яриа мартагдалгүй хүрч ирсэнийг энд дурдахад илүүдэхгүй буй за.Хэдхэн жилийн дараа монгол ардын нам гэсэн нэрийг МАХН болгож өөрчлөхөд коминтерний нөлөө орсон нь бас л үнэн. Харин мөнөөхөн ардын нам хэмээсэн нэрийг эсэргүүцэгчид бид хувьсгал хийсэн учир хувьсгалт гэсэн нэрийг оруулах нь зөв хэмээн зөвшөөрч ямартай ч гэсэн хар хятадын гоминдан буюу монгол­чуудын нэрлэснээр гамин нэрнээс өөр болсон нь яамай хэмээн баярлалдсан гэх. Нээрээ ч хожим танай манай хоёулаа адилхан Ардын НАМ байгуулж Чин гүрнийг унагаасан нь нэг улс болохын нотолгоо бус уу хэмээсэн “үг хэл”-ийг гамингийн буюу Ардын намаас гаргаж монголчуудыг өдөж байсан гэх

Гэтэл дөнгөж өчигдөрхөн МАХН маань эргээд гамин намтай адилхан нэртэй болж орхисныг түүхийн тоглоом гэх үү ,түүхий бодлогтонгуудын шоглоом гэх үү?

Түүхээ мэддэггүй хүнийг

Түүхий хүү хэмээмой.

Түүхий хүүгийн цохон дээр

Түүх өвдтөл цоходмой гэсэн Т.Галсан найрагч энэхүү явдлыг нилээд олон жилийн өмнө олж харсан нь бахдалтай.  Ийнхүү МАХН гэсэн нэрийг өөрчилсөн хэсэг улс төрчид түүхий хүүхдүүд болж түүх хэзээ өвдтөл минь цохдох юм бол доо хэмээн 2012 оны сонгуулийг   хүлээн суух үлдэж байх шиг. 2012 онд тэд цохдуулах бус цохиулж ч мэдэхээр болчихсон нь намын нэрийг өөрчилсөнд дургүйцсэн хүмүүс нэгэн цагт гаминг эсэргүүцсэн хүмүүсээс дутахгүй олон болчих магадлалтайд байгаа юм. Аргагүй шүү дээ. Ерөнхийлөгч асан Н. Багабандийн хэлсэнээр Элбэрэлт эх, ачлалт аав, төрж өссөн нутаг усны ариун нэртэй адилхан болж олон хүний зүрх сэтгэлд шингэсэн МАХН хэмээн энэхүү дотно нэрийг өөрчлөх ад шулмын санаа  хэнд хаанаас төрдөг байна аа хэмээн халаглах хүмүүсийн уур хилэн сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөх нь эргэлзээгүй болж байгаа юм Ер нь тэгээд хэн ч гэсэн би чинь гамин намын гишүүн  шүү дээ гэж бодоход ямар олигтой санагдахав дээ.Манайхан чинь гамин байтугай гамингийн дүрд тоглосон монгол жүжигчнээ хүртэл гудамжинд явж байхад нь чулуугаар шидэж хөөж байсан  монголчууд шүү дээ. Одоо МАХН-ын гишүүд би монгол ардын намд орохгүй гэж олноороо эсэргүүцээд эхэллээ.Тэд МАН-ыг уугуул нэрээ сэргээлээ гэсэн утгаар хүлээж авахгүй байгаагийн эхлэл нь энэ. Андууралгүй шүү дээ МАХН гэсэн нэр Монгол улсын алдаж оносон, унаж боссон түүхтэй салшгүй холбоотой. МАХН-ын гишүүд л  дайчин нөхдөө оройлон удирдаж эх орныхоо төлөө Халхын гол , Хайлааст манхан, Жанчхүүгийн даваанд цусаа асгаруулан тулалдаж амь насаараа эх орноо авч үлдэж байсан. МАХН-ын гишүүд л энх цагийн бүтээн байгуулалтад тэргүүн эгнээнд нь хөдөлмөрлөж “Саарал шинелээ тайлаагүй Буурал найзаа дурсан санагалзаж явсан билээ. Түүнээс бус монгол ардын намынхан Халхын голд тулалдаж, Дархан хотыг газрын хөрснөө сүндэрлүүлээгүй билээ. Өнгөрсөн түүх, хийж бүтээснийг нь өөрсдөөс нь зориуд зугтаалгаж , хамгийн ариун нандин дурсамжийг нь сэтгэлээс нь арчин хаяхыг хичээж шинэ цагийн хэлмэгдүүлэлт явагдаж байхад хэн яаж дуугүй өнгөрөхийг хүсэх билээ дээ. Тэгээд ч хүмүүсээр тоглож ханадаггүй түүхийн тоглоом өрнөж  нэгэн цагт өдгөөгийн монгол ардын намынхныг хожмын үр хойчис маань хоёр мянгаад оны  гамин намынхан гэж өрөвдөн шоолох ч юм бил үү Хэн мэдлээ.

Түүхийн доктор Д.Болдбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих