ГЕНЕРАЛ ЦОЛНЫ НАЙРАА БУЮУ ХУУЛЬ БУС ГЕНЕРАЛУУДЫГ ТОЙРСОН ТААГҮЙ БАРИМТУУД

33Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ой энэ жил тохиосон. Энэ ойд Батлан хамгаалах яам ихээхэн ач холбогдол өгч, хүндэтгэл ёслолын арга хэмжээг нь хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантай тэмдэглэн өнгөрөөв. Генералууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, Ерөнхийлөгчтэй хамт зургаа авахуулж, гар барьцгаасны дараа Багабаян дахь БХЯ-ны “Цэргийн амралт”-д саатаж баяр ёслолын ажиллагааг үргэлжлүүлэх гээд хэд хоног лав хөл хөөртэй байв. Генерал хэмээх алдар цэрэг армийн бахархал болсон хүндэтгэлтэй цол учраас ийн тэмдэглэхээс ч яах билээ. Гэхдээ салбартаа бол гавьяатнууд нь гэгдэх генерал цолтнуудын баяраас “Орчин үед генерал цолыг хэнд, хэрхэн хүртээж байна вэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

ЭНЭ ЦОЛЫГ НУТАГ УС, НАМ ГЭСЭН ШАЛГАРУУЛАЛТААР ОЛГОЖ ЭХЭЛСЭН АНХНЫ “ГАВЬЯАТАН” НЬ ДОРЛИГОО
Үнэндээ бол орчин үед генерал хэмээх цолыг танил талтайд нь нутаг ус, нам улс төрийн нөлөөллөөр, эсвэл арга зальтайд нь мөнгөөр олгодог болсон гэхэд хилсдэхгүй. Яг ийм журам Батлан хамгаалахын хамгийн анхны энгийн сайдаар томилогдсон Д.Дорлигжаваас эхлэлтэй. Учир нь тэрбээр Батлан хамгаалахын сайд болмогцоо тэр үед ажиллаж байсан шилдэг генералуудаас өө сэв хайн чөлөөнд нь гаргаж оронд нь нутаг ус, нам гэсэн шалгаруулалтаар генерал цолыг олгож эхэлсэн анхны “гавьяатан”. Үүний хамгийн тод жишээ гэвэл ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг томилсон томилгоо гэдгийг энэ салбарынхан ч хэлдэг.

Ямар сайндаа л тухайн үед цэргийнхний дунд энэ тухай явган яриа гарч “Засагт ханы гурван ЖАВ” гэсэн алдар хүртэл түгэж байх вэ. Мэдээж эдгээр генералууд нь Завхан аймгийн харьяат Ц.Бямбажав, С.Гүржав, Говь-Алтайн харьяат Д.Магсаржав нар юм.

Тухайн үеийн явдлыг сөхөн үзвээс Ц.Бямбажав тэр үед дэд хурандаа цолтой, эрүүл мэндийн гэсэн шалтгаанаар Зэвсэгт хүчнээс бэлтгэлээр халагдах өргөдлөө өгчихсөн байсан гэдэг. Гэвч тэрбээр үүнээс хэдхэн хоногийн дараа гэр бүлийнх нь хүний ойрын хамаатан болох Ардчиллын партизан Дарь.Сүхбаатарын нөлөөгөөр хурандаа цол хүртэж улмаар Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилогдох нь тэр. Удалгүй буюу хоёр сарын дараа хошууч генерал цол хүртэв. Ингэж л генерал цолыг жинхэнэ шалгуураар биш танил талтай, аргатай зальтайд нь олгох үүд хаалгыг Д.Дорлигжав тэргүүтэн цэлийтэл нээсэн гэдэг юм. Энэ үеэс эхлэн генерал цол олгоход тавигддаг шаардлагуудыг үл харгалзан энэ үүд хаалгаар генерал цол хүртэгсдийн өргөн жагсаал эхэлсэн гэх юм билээ.

Тодруулбал, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга асан хошууч генерал М.Жаргал (Хожим Батлан хамгалахын дэд сайд асан Б.Эрдэнэбаттай эд хөрөнгөөс болон хутга, шөвөгтөө тулж дуулиан тарьж байсан), Цэргийн тагнуулын газрын дарга бригадын генерал Д.Энхбаатар (“Казино” нэрээр хүмүүс андахгүй) нарт генерал цол олгоход салбарынхан нь гайхаад өнгөрч байж. Яагаад гэвэл дээрх эрхмүүд цэргийн хүний гол шалгуур болдог цэргийн мэргэжлийн зохих ёсны академи, сургууль төгсөөгүй байж генерал цол хүртсэн учраас. Мөн ХХЕГ-ын орлогч дарга байсан бригадын генерал Х.Жекей л гэхэд тухайн үеийн МАХН-ын бодлогоор генерал цол хүртэж байсныг хүн бүр л мэднэ. Гэтэл одоо энэ эрхэм тагнуул хуулийн байгууллагаар шалгуулан хаана юу хийж яваа талаар мундахгүй их мэдээлэл гарч байгаа. Гэхдээ дандаа таагүй талаараа.

ЭХ ОРНЫХОО ЧИХИЙГ
ХАЛУУЦУУЛСАН ГЕНЕРАЛУУДЫН ЦУВАА
Д.Дорлигжавын халааг авсан дараагийн эрхэм бол Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд. Тэрбээр Батлан хамгаалахын сайд байхад өөрийн зөвлөх Ц.Ганболдын нутгийн дүү, одоогийн ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайд бригадын генерал цол олгуулж, жилийн дараа хошууч генерал цол болгосон гэх юм билээ. Гэтэл ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав үүнийг нь далимдуулан яамныхаа СУГГ-ын дарга Д.Баярсайхантай ойрын холбоо тогтоохын тулд түүнийг АНУ-д цэргийн атташегаар ажиллаж байхад нь дуудуулан авчирч бригадын генерал цол олгуулав.

Хамгийн сонирхолтой нь ингэж гадаадад дипломат албанаас дуудаж авчрахтай холбогдож гарсан 23 сая төгрөгийг БХЯ төлсөн гэх юм билээ. Ц.Бямбажав мөн тэр үед алба үүргээ хэвийн гүйцэтгэж байсан АДХЦ-ийн командлагч хурандаа Ш.Энхбатыг хилс хэрэгт гүтгэн ажлаас халан, өөрийн найз тэтгэвэртээ гарах мэдэгдлээ авчихсан байсан Т.Дашдэлэгт бригадын генерал цол олгуулсан ч өнөөх найз нь Зэвсгийн наймаа хийсэн тухай баахан дуулианд холбогдсон. Ийнхүү Зэвсэгт хүчний удирдах албаны генерал цол бүхий албан тушаалд санаархагчдын буухиа уралдаан одоо ч үргэлжилсээр байна. Тэгвэл энэ жилийн цэргийн баяраар генерал цолд горилсон 10 хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан гэдэг яриа ч бий. Түүний дотор Дарь.Сүхбаатар өөрийгөө тодорхойлоод цохиж явсан гэж байгаа. За тэгээд ТЕГ-ын БАриунсан, АТГ-ын дарга Н.Ганболд гээд дандаа чухал албан тушаалтнууд энэ жагсаалтад багтсан юм билээ. Иймээс л хууль бусаар генерал төрүүлдэг ажиллагаа хэзээ дуусгавар болох вэ, эрхэм Ерөнхийлөгч өө гэж асуумаар. Хамгийн гол нь хууль бусаар генерал бологсод Ерөнхийлөгчийн чихийг халууцуулж, эх орныхоо нүүрииг улайлгаж байгаа.

Тухайлбал, энд генерал Т.Дашдэлэгийн хэргийг дурдаж болох байх. Тэрбээр байлдааны онгоцны мотор Хойд Солонгост худалдахыг завдсан хэргээр одоо шоронд ял эдэлж байгаа. Уул нь энэ хэрэгт Т.Дашдэлэг нь биш Ц.Бямбажав буруутай гэдэг. Учир нь энэ эрхэм Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн бэлэн байдлыгМонгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө толгойгоороо хариундаг. Гэтэл тэрбээр хэвлэлд “Онгоцны мотор зарсан хэрэг гарсан гэсэн. Би сонссон юм байна. Гэхдээ надад хамаагүй” гээд ярилцлага өгөөд сууж байдаг. Хамгийн ноцтой нь тэрбээр яг энэ үед дээрх хэргийг сайтар нуун далдлахын тулд онгоцны моторыг задалж гадагш нь ачуулах ажиллагааг гардан гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хурандаа Г.Батхүрэлийг ОХУ-д ЗХЖШ-ын академид явуулж дараа нь Т.Дашдэлэгийн оронд АДХЦ-ийн командлагчаар томилуулан, одоо генерал цолд зүтгүулж байгаа билээ. знэ юуг харуулаад байна ю гэхээр ашиг сонирхол гээч юм үүнд баттай оршиж буйн тод илрэл гэдэг нь харагдаж буй юм.

Уг нь Ц.Бямбажав энэ оны нэгдүгээр сард 60 нас хүрсэн. Хуулиараа бол тэтгэвэртээ гарах цаг нь болсон. Үүнийгээ мэдсэн ч юм уу өөрийнхөө оронд ЗХЖШ-ын ЦХҮГ-ын дарга, Ховдын гаралтай бригадын генерал Д.Давааг томилуулахаар сүүлийн үед улайран хөөцөлдөж байгаа гэсэн мэдээ байна. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр бас Ховдынх, тэр тусмаа Ерөнхийлөгчийн фракцынх гэдэг утгаар нь Ц.Бямбажав А.Баттөр мөн “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн “гаалийн” Ш.Адынаа нараар дамжуулан Д.Давааг өөрийнхөө орондоо томилуулахаар лообийдоод жил гаруйн нүүр үзэж буй. Зэвсэгт хүчний хийж байгаа бүхий л шоунд  Д.Давааг дагуулж явдаг нь Ерөнхийлөгчтэй дотносуулах гэсэн санаа юм гэсэн. Д.Даваагийн хувьд тийм шилдэг генерал мөн үү гэвэл бас л асуудалтай. Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ар талын орлогчоор ажиллаж байхдаа танкны пулемётын гол төмөр 16 ширхгийг хулгайд алдсан нь тухайн үед Өвөрхангай аймгийн цагдаа, шүүхээр шалгагдсан ч тэгэсхийгээд намжаад өнгөрсөн. Мөн Зэвсэгт хүчний бүх хангалтыг хариуцдаг тэрбээр Ц.Бямбажавтай нийлж Зэвсэгт хүчний хангалтын тендерээс нэлээд юм зувчуулсан тухай салбарынхан нь ярьдаг бөгөөд түүний нэр дээр байдаг орон сууцны таван байрыг ямар эх үүсвэрээр авсан бэ гэдгийг АТГ шалгаж эхлээд байгаа юм билээ.

ГЕНЕРАЛ ГЭДЭГ ЦОЛ ДАРХЛАА ТОГТООГЧ
ХАЛХАВЧ БИШ
Зэвсэгт хүчинд хэн хууль завхруулж байна вэ гэвэл генералууд нь. Үүндээ ч тэд гаршчихсан. ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Тогоо албан тушаалаасаа буусныхаа дараа АТГ-т шалгуулж байгаад Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаяр томилогдон ажиллах хэдхэн сарын дотор өөрийгөө Төрийн нарийн бичгийн дарга болгуулж дөнгөсөн. Хамгийн сонирхолтой нь тэрбээр энэ албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа өөрийгөө АНУ-ын Төвийн командлалд үндэсний ахлах төлөөлөгчөөр хоёр жилийн хугацаатайгаар томилоод алга болсон.

Уг нь тэр албан тушаал нь “дэд хурандаа” л ажиллахад хангалттай алба. Гэвч манай генералууд үхэн хатан дурладаг бөгөөд өмнө нь манай генералуудын зарим нь хоёр, зарим нь нэг удаа томилогдон ажиллаж байсан. Ц.Бямбажав ч бас тэнд ажилласан гэж байгаа. Үүнээс үүдэн тэнд манайхантай ажилладаг гадаадын цэргийнхэн “10 мянга хүрэхгүй цэрэгтэй танай армид хэдэн генерал байдаг вэ” гэж хошигнон ярилцдаг гэх. Мөн яг үүнтэй адил жишээ гэвэл БХЯ-ны төрийн нарийнаар ажиллаж байсан хошууч генерал М.Борбаатар.

Тэрбээр 62 насандаа БНСУ-д цэргийн атташегаар томилогдсон. Солонгос бүү хэл англи ч хэлгүй энэ хүнийг дагалдуулж нэг солонгос хэлтэй офицер бас тэнд ажиллаж байна. Энэ тушаалаа мөн л өөрөө өөртөө гаргасан гэдэг бөгөөд өнөөдөр 64 настай. Хуулийн нас дөрвөн жилээр хэтрээд байхад ч албаа хашсаар буй.

Өнөөдөр Зэвсэгт хүчинд хуулийн нас нь болчихоод тэтгэвэртээ гарахгүй байгаа генерал олон бий. Дэслэгч генерал Ц.Бямбажав, бригадын генерал М.Хүрлээ, хошууч генерал О.Үржин, Ц.Тогоо гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Түүний хажуугаар ямар нэгэн алдаа эндэгдэл гаргачихаад шийтгэл хүлээсэн болж “хурандаа” зэрэглэлтэй албан тушаал дээр ажиллаж байгаа генералууд ч нэлээд хэд бий. Барууны орнуудын Зэвсэгт хүчинд цэргийн дээд цолтой хүн доод цолны зэрэглэлтэй албан тушаал хашдаггүй юм билээ. Иймээс л Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Офицерийн алба хаах журам зэрэг хууль тогтоомжуудыг уландаа гишгэсэн генералуудын асуудлыг нэг мөр шийдэх цаг болсон юм биш үү, Ерөнхийлөгчөө гэмээр байгаа юм.

Дугаар шилжих үед бидэнд ирсэн мэдээллээр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын ЦХҮТ-ын дарга бригадын генерал Д.Даваа нар “алжаалаа тайлах”-аар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар -ангийг зорьжээ. Тэд мэдээж” “албаны унаа унаж, цэргийн хангалтаас хүртэж “алжаалаа тайлаад” эргэж ирэх нь тодорхой. Цэргийн хангалтаа олигтойхон хийчихгүй байгаа ЗХЖШ-ын удирдлагынхан татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарсан хэвээрээ л юм байна гэж ойлгогдохоор байна.

 

Л.МӨНХГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 May 2016

yostoi zagatnasan gazar maajlaa

Сэтгэгдэл бичих