Б.Обама: Украйны үйл явдал хоёр улсын харилцааг зөрчилдүүлсэн

US President Barack Obama (R) listens toАНУ урьд өмнө нь зарим чухал асуудал дээр ОХУ-тай хамтран ажиллаж байсан ч Украины асуудлаар ширүүн зөрчилдсөн талаар Барак Обама мэдэгдэл хийлээ. Энэ сарын 7-нд хийсэн мэдэгдэлдээ Б.Обама дараах зүйлийг ярьжээ. “Манай хоёр орон олон асуудал дээр хамтран ажиллаж байсан бөгөөд олон жилийн гадаад харилцааны хамтын ажиллагаатай улс. Тухайлбал, терроризм, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар хамтран ажиллаж байсан” хэмээн Б.Обама илтгэлдээ онцолсон байна. Мөн холбоотны цэргүүд Францын Нормандад буусны 70 жилийн ой энэ сарын 6-нд тохиолоо. Дэлхийн II дайны үеэр баруун фронтыг нээж, баруун Европыг фашист Германаас чөлөөлөх тулаан болсон энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Түүхэн ойн арга хэмжээнд олон орны төр, засгийн тэргүүнийг урьж оролцуулдаг. Ойн арга хэмжээнд барууны удирдагчдаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн ирсэн нь Украины хямралын асуудлаар ярилцах нь тодорхой болсон юм. Энэ үйл явдал дэлхийн хэвлэлийн анхаарлын төвд байлаа. Уг ёслолын хүлээн авалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ОХУ- ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахгүй хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан.

Гэвч өглөөний цайны үеэр тэд албан бус уулзалт хийжээ. Хоёр улсын тэргүүний уулзалт арав гаруй минут үргэлжилжээ. Тэд Украины хямралын асуудлаар бус хувийн яриа өрнүүлсэн гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Бен Родс мэдээлсэн байна. Хэдий тийм боловч Б.Обама “Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Петро Порошенкод Оросын салан тусгаарлагчдын бослогыг зогсооход тусална” гэдгээ амласнаа Путинд илэрхийлсэн байх хэмээн “BBC” агентлаг мэдээлжээ. Мөн Крымийн асуудалтай холбоотойгоор Европын холбоо, АНУ хамтран ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч буйг мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, уг уулзалт нь Украины хямралын талаар хоёр улсын Ерөнхийлөгчийн анхны уулзалт болжээ.

“Украины үйл явдлын талаар болон тус улсын зүүн хязгаарт нүүрлэсэн хямралын талаар АНУ болон Оросын төрийн тэргүүнүүд анх удаа урьд өмнө нь уулзаж ярилцсан удаагүй. Тэд анхны уулзалтаараа цэргийн болон ард түмний дунд өрнөж буй хямралыг яаралтай таслан зогсоох талаар ярилцсан” гэж Д.Песков мэдэгджээ. Мөн уулзалтын талаар Цагаан ордны тэргүүний туслах Бен Родс дараах мэдэгдлийг хийсэн байна. “Хоёр улсын Ерөнхийлөгч албан бус уулзалт хийлээ. Энэ үеэр Б.Обама ОХУ- ын Ерөнхийлөгчөөс Украины шинэ тэргүүн Петр Порошенког хүлээн зөвшөөрөх эсэхийг тодруулсан.

Хэрвээ В.В.Путин Украины шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрвөл хурцадмал байдал намжиж болох юм” хэмээн Бен Родс ярьжээ. Мөн Цагаан ордны тэргүүн уулзалтын дараа АНУ-ын сэтгүүлчдэд “Орос, АНУ-ын сайн харилцааг дурдалгүй өнгөрч болохгүй. Хэрвээ Орос улс байгаагүй бол Ираны цөмийн зэвсгийн асуудлаарх дугуй ширээний уулзалтад бид амжилт олохгүй байсан. Афганистан дахь манай цэргүүдэд ОХУ тусалсан” хэмээн ярьсан талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлжээ. Ерөнхийлөгч Б.Обамагийн үгнээс дүгнэвэл, хоёр орны харилцаа сайжрах төлөвтэй байна. Гэхдээ энэ нь Оросын гадаад бодлогоос шалтгаалах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих