Я.Санжмятав сайд аа, 700 000 ам.доллараар ажилгүйдлийг бууруулна гэсэн яасан бэ?

527-1411357951sharaw._500x500Шинэчлэлийн Засгийн газраас эх орноо улс шиг хөгжүүлж, иргэдээ хүн шиг амьдруулахын тулд 2012-2016 онд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч Засгийн газрыг бүрдүүлэхдээ Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулж, Завханы гэх тодотголтой Я.Санжмятаваар толгойлуулсан.

Өнгөрсөн хугацаанд ард түмнээ ажил орлоготой болгохоос илүүтэй амин хувийн эрх ашгаа өмнөө тавьсан хэмээн Я.Санжмятав сайдыг шүүмжлэх хүн олон байна. Түүнийг нутаг ус, танил талаа төрийн албанд шургуулахад сайдын эрх мэдлээ жинхэнэ утгаар нь ашигласан гэх нь ч бий.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэвлэл мэдээллийнхэнд өөдрөг судалгаа байнга танилцуулж байгаа ч бодит байдалд иргэдийн амьдрал бүүдгэр хэвээрээ л байна. Албаныхны гаргасан судалгаагаар бүртгэлгүй ажилчдын тоо улсын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 35084-д хүрчээ. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажил хайгч 41 гаруй мянган хүн байгаа ажээ.

Гэтэл бүх яамдаас хамгийн сайн ажилласан нь Хөдөлмөрийн яам хэмээн Засгийн газраас нэр цохож байв. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, худалдан авах чадвар муудаж, ажилгүй иргэдийн тоо гэрлийн хурдаар өсч байхад Хөдөлмөрийн яам шилдэг нь гэсэн сэтэр зүүх нь ичгэвтэр хэрэг биш үү.

Харин яамныхан, салбар хариуцсан сайд нь энэ байдлаасаа огтхон ч ичихгүй байгаа бололтой. Тэд ажилгүйдлийн тандалт судалгаа хийж, Амөрикаас 700 мянган ам.долларын өртөгтэй эөвлөгөө авч ажлаа сайжруулахаар хичээж буйгаа нуугаагүй.

Хамгийн хачирхалтай нь, иргэдийн татварын мөнгөнөөс 700 мянган ам.доллар буюу 1.3 их наяд төгрөгийг гадаадын зөвлөгч нэртэй эрхмүүдэд цацсан ч ид шидийг үзсэнгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн хаврын чуулганы хуралдааны үеэр цухалзуулсан ч Хөдөлмөрийн яамныхан хав дараад өнгөрсөн.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өнгөрсөн онд 110 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэн. Гэтэл Хөдөлмөрийн яамнаас ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэсэн зөвлөгөө авах зорилгоор Амөрикийн”Вөнд”байгууллагаас700 мянган ам.доллар төлж үйлчилгээ авсан. Гаднынхан ажилгүйдлийг яаж бууруулахыг заагаад өгчихдөг юм бол Хөдөлмөрийн яам гэж байх хэрэг байна уу” гэсэн юм.

Иргэдээ ажилтай, орлоготой болгож чадахгүй мөртлөө эсрэгээрээ тэдний мөнгийг гадаадын байгууллагаас зөвлөгөө авахаар салхинд хийсгэж байгааг юу гэж ойлгох вэ. Хөдөлмөрийн яамныхан боловсон хүчний доголдолд орсны илрэл үү, татварын мөнгөөр тансаглаж байгаагийн шинж үү.

АН-ын монголчуудыг хүн шиг амьдруулах уриаг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх бстой Хөдөлмөрийн яам ажлаа хангалтгүй хийж байгаа учраас Ерөнхий сайдын онилсон бүтцийн өөрчлөлтөд өртөх эхний таван яамны тоонд нэр нь дээгүүрт жагсч байна.

АН засаг барьсан дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр бий болгож, сайн сайхан амьдруулна гэсэн хаана байна, сайд аа. Иргэд хоногийн хоолоо авч дийлэхгүй, хоосон ясаар шөл гаргаж, гол зогоож байна. Харин Хөдөлмөрийн яамныхан гурван их наядаар гадны байгууллагаас зөвлөгөө авч ядарсан ард түмнээ даапаалж сууна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн

 


URL:

Сэтгэгдэл бичих