Тоглоомын дүрмээ тодорхой болгоё

Ч.УлаанНаадмын дараахан Ч.Улаан сайд “Өөрсдийнх нь олсон орлогыг яаманд нь үлдээдэг болно” гэсэн чихэнд чимэгтэй үг айлдсан. Гэхдээ энэ ажлыг төгс болгомоор байна. Өнөөдөр яамдад ямар нэг юм хийх гэж эхлээд  сайдын тушаал гарна.  Дараа нь Төрийн нарийнаас авахуулаад бүх хэлтсийн  дарга нар гарын үсэг зурж байж энэ шийдвэр биелэх болдог. Ингээд нэг дарга нь өвдөнө, гадаад, дотоод явна, хуралд сууна гээд баахан хугацаа алддаг. Шийдвэр гарсны дараа Сангийн яамаар дамжин тухайн ажлыг гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгө  орох гэж бас баахан даргын гарын үсэг, цаг алддаг. Үүнийг л иргэд хүнд суртал гээд байгаа юм. Үнэндээ энэ хүнд суртал чинь тодорхой нэршилтэй бүхэл бүтэн тогтолцоо билээ. Албан ёсны нэр нь “Хамтын удирдлагын систем”. Хойд хөршид Никита Сергеевичийг авч хаях гэж бодож олсон тогтолцоо. Социализмийг нэг хүн биш хамтын хүчээр удирдах хэрэгтэй юм байна гэсэн шалтгаанаар Хрущёвын хувь заяаг шийдсэн хэрэг. Үнэхээр ч улс төрийн товчоон дээр Афганд цэрэг оруулахыг Леонид Ильич эсэргүүцээд хамтын удирдлагад ялагдсан юм даа. Энэхүү гоё нэртэй хэн ч хариуцлага хүлээдэггүй муухай тогтолцооны хүчээр орос, афган эхчүүдийн  урсгасан нулимсны  төлөө хэн ч хариуцлагыг хүлээгээгүй билээ. Хариуцлагаас зайлж  юм хийсэн дүр эсгэж, юу ч хийхгүйг хийхээс өөр аргагүй болгодог энэ тогтолцоо буюу хуучин социалист нийгмийн улаан таван хошуу тэмдэгтэй энэ саад өнөөдрийг хүртэл манай төрийн байгууллагуудад бөх батаар оршин, Монголын хөгжлийн чагт болсоор байна. Одоо бас нэг  жишээ авъя. Энэ жил БОНХЯ-наас “Баданга хүдрийг үржүүлэх төв байгуулах ТЭЗҮ боловсруулах”, “Баданга хүдрийн заарыг гэмтээлгүй авах аргачлал” гэсэн хоёр ажлыг захиалан хийлгэж байна. Эхнийх нь татвар төлөгчдийн мөнгөөр ТЭЗҮ боловсруулна, мөнгө олдвол үржүүлгийн төв барина, үржүүлгийн төвдөө төсвийн хүмүүс ажиллуулна, үржүүлсэн хүдрээ байгальд нь тавина, тавьсан хүдэр нь хүний гарт өссөн болохоор хулгайн анчны хялбар олз, чоно гуайн амтат зоог болно.  Тувтан татвар төлөгчдийн мөнгийг “устгах” үйл ажиллагаа. Нөгөөдөх  нь “Баданга хүдрийн заарыг гэмтээлгүй авах аргачлал”. Энэ аргачлалын дагуу хүдрийн аж ахуйг хувь хүн, хувийн болон олон нийтийн байгууллагууд байгуулна, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай гэх мэт хүдрийн аж ахуй хавийн бусад амьтад хулгайн анчдаас хамгаалагдана, нэг гр нь 50-60 ам.долларын үнэтэй хүдрийн заар олзворлож, энэ аргачлалыг хийхэд зарцуулсан татвар төлөгчдийн төгрөг цаг хугацаа өнгөрөх тусам хэдэн арав, зуу, мянга дахин их валют болон хувирч орон нутгийнхны амьдрал сайжирна, олсон орлогоосоо орон нутагт татвар төлдөг олон зуун  ажлын байр шинээр бий болгоно. Товчхондоо тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай хоёр шийдвэр. Гэтэл энэ шийдвэрүүдийг гаргасан хүмүүс өнөөдөр яг адилхан ажил хийсэн гэж үнэлэгдэн цалин хэмээх татвар төлөгчдийн мөнгийг авч байна. Товчхондоо бол, улаан туг намирч, улаан таван хошуу хатгаагүй л байгаа болохоос хөгжлийг хүлдэг улаан чагтны  бас нэг тал тогтмол цалин хэмээх зүйл Монголын хөгжлийг мохоосоор байна. Энэ хүнд суртал, тогтмол цалин хоёрыг л капитализм байгуулах зам тээг болоод байгаа коммунизм, социализмаас улбаатай улаан чагт гээд байгаа хэрэг. Тэгвэл энэ улаан чагтыг яаж мулт цохих вэ? Юуны урд амьдарч байгаа нийгмээ зөв тодорхойлъё. ”Рыночная” буюу “Зах, зээлийн” гэдэг үг монголчуудад “дамлах, хулхидах” гэсэн ойлголт дагуулж байдаг. Иймээс өнөөгийн нийгмээ мөн чанар, утгаар нь “Шударга өрсөлдөөний нийгэм, Шударга өрсөлдөөний эдийн засаг” гэж зөв нэрлэж сурцгаая. Хэрэв ингэж зөв нэрлэж байсан бол ”Би чинь шударга өрсөлдөж байгаа бил үү” гэж бодоод манай гуравдагч гулраа ч уу, үгүй ч үү? Хоёрдугаарт, төрийн бүх албан тушаалтан өөрсдийн оролцож шийдвэр гаргасан байгаль, нийгэмд ашигтай шинээр бий болгосон баялгаасаа тодорхой хэмжээний урамшууллыг үндсэн цалин дээрээсээ нэмж авдаг шинэ тогтолцоог бий болгоё. Ингэвэл олон гарын үсэг байх шаардлагагүй болно. Шинээр баялаг бүтээх шийдвэр гаргасан яамны түшмэдээс гадна энэ ажилд шинжлэх ухааны дүгнэлт гаргасан төрийн байгууллагын ажилтан төдийгүй орсон мөнгийг шилжүүлдэг нягтлан хүртэл тодорхой хувь авдаг болъё. Энэ шинэ баялаг нь улсад орлого оруулж л байвал өөр ажилд шилжсэн ч, өвдсөн ч бүр үхэж үрэгдсэн ч тухайн орлого нь бүтээгчдээ тогтмол орж байдаг цахим тогтолцоотой болъё. Ингэвэл баялаг бүтээгчдэд саад бологсод хамтран баялаг бүтээгчид болж, шударга өрсөлдөөний нийгэм жинхэнэ утгаараа хэрэгжин нөгөө хүнд суртал гэдэг улаан чагт, улаан саад домог болон үлдэнэ. Баялгийг хариуцлага үүрдэг хүмүүс л бүтээдэг. Хариуцлагаас зугтдаг тогтолцоо зөвхөн өөрсдийгөө бодогч, иргэдээ шимэгч хүнэнцрүүдийг  “үйлдвэрлэдэг” гэдгийг байнга санаж явцгаая. Ийм хүнэнцрүүдийг  өвгөд маань “Сэтгэл сохрыг сохрын сохор буюу тас сохор гэмой” гэдэг байсан билээ. Тас харанхуй гэдэг шиг тас сохруудыг үйлдвэрлэхээ даруйхан согсооё. Гуравдугаарт, Татвар төлөгчид төлөх татвараа хаана өгөхөө өөрсдөө шийддэг цахим тогтолцоотой болъё.  Өөрөөр хэлбэл  сайд, төрийн нарийнууд ард түмэнд хийх гэсэн ажлаа тайлбарлан татвар өгөхийг гуйдаг болгоё. Ингэвэл эдгээр тушаалд суух  гэж  дураак, мудаакууд шүлэнгэтэхээ  больж, улс төрийн намууд ч цэвэршинэ. Товчхондоо бол Ч.Улаан сайд та минь хөгжлийг хүлээж байгаа улаан чагт, саадыг аль болох хурдан арилгаад өгөөч. Та нарын хэлдгээр “Тоглоомын дүрмээ тодорхой болгоё”. Өвгөдийн хэлдгээр “Цэр цээжиндээ, бөөр бөгсөндөө байя”.  Ингэсэн цагт манай төр, засгийнхан хоолтойгоо холиод идчихсэн  “Иргэн баян бол улс баян” гэсэн уриа жинхэнэ утгаараа амь орох болно.   Г.АМАРСАНАА Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих