Хөтлөх замгүй хөшигийн хөндий

hushigОлон  улсын шинэ нисэх буудал барьж буй Хөшигийн хөндий рүү бид одоохондоо шороон  замаар очиж байна.  2017 оны эхний улиралд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орох үед нийслэлээс гараад Нисэхийн товчоо­ноос эхлэн олон эгнээ бүхий 33,5 километр  хурдны замаар зорчин тэнд хүрэх ёстой юм. Энэ бол японуудаар нисэх бууд­лаа  бариулж буй мон­гол­чуудын хүлээх үүргийн нэг нь. Харин тэг­тэл байдал ямар байна вэ.

Олон  жил ярьсан хэлэлцээрийн үр дүнд  Япон улсын 50 тэрбум иений /анх 28 тэрбум иен байснаа өссөн/ хөнгөлөлттэй зээлээр  нисэх буудал барьж байна. Энэ мөнгийг 0,2 хувийн  хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний арван жилд  үндсэн зээлээс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр авч буй юм. Төслийн ажил өнгөрсөн оны зун амжилттай эхэлж өдгөө  30 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Шинэ нисэх буудал барихад монголчууд зөвхөн  туслан гүйцэтгэгчээр ажиллаж, Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтарч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” шалгаран ажиллаж буй энэ төсөл ямар ч байсан хугацаандаа  ашиглалтад орох бололтой. Бид ийнхүү хоёр  жилийн дараа жилд гурван сая орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвч бүхий орчин үеийн шинэ нисэх  буудалтай болох  нь. Харин  тийш хөтлөх хурдны зам хаана байгаа вэ.

Дээр дурдсанаар монголчууд энэ төсөл дээр хурдны зам барих, цахилгаанаар хангах, үерийн  хамгаалалт барих гэх  мэт ажлуудыг хийх үүрэг хүлээсэн юм. Гэтэл эдгээрээс хамгийн чухал, хамгийн том нь  болох 33,5 километр олон эгнээтэй хурдны замын төсөл одоо болтол таг  чиг. Нисэхийн товчооноос Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх энэ замыг  концессын гэрээгээр бариулахаар Засгийн газар шийдэж, өмнөх засгийн үед Эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулсан байдаг юм. Замын нийт өртөг 110 сая ам.доллар гэж тооцжээ. Гэтэл концесс авах компани олдохгүй  байсаар нөгөө яам нь  өнгөрсөн намар татан буугдаж замын ажил ч хариуцах эзэнгүй хаягджээ. Зам тээврийн яамны мэргэжилтний мэдээлснээр шинэ Засаг бүрэн эмхэрсний  дараагаас л  мөнгө олж, шинэ  нисэх буудал  хүрэх замын тухай шинэ оны эхнээс ярьж эхлэх бололтой. Мөнгөө  хаанаас босгож, хэнд хариуцуулах нь тодорхойгүй байгаа юм. Нисэх буудлыг японууд гардан хийж  байгаа учир товлосон хугацаандаа  ашиглалтад орно. Харин  одоогоор зураг төслөө ч гүйцэт гаргаагүй зам хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй. Мөнгө олно, тендер зарлана, дундуур нь хор найруулга явна зам баригдтал мөн ч их саад байна. Мөнгө нь шийдэгдвэл 33,5 километр замыг гурван компанид хариуцуулаад дор нь хийчихнэ гэж тайлбарлаж байна. Монгол зангаар цагийг нь тулгачихаад нэг өвлийн насгүй юм барих вий дээ. Бүр цаашлаад шинэ нисэх буудлынхаа нээлтийг нийслэл рүүгээ орох замгүй хийж дэлхий нийтэд  онигоо болж мэдэхээр байна. Японууд  асуудалгүй  ажлаа  хийчихнэ, харин бид…

 

 

Ө.СОНОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих