ГАРЦ ХАЙДАГГҮЙ, ГАДУУРХААД ХАЯЧИХДАГ ЗАРЧИМ ХААН БАНКАНД ҮЙЛЧИЛДЭГ

Гадаад эзэнтэй ХААН банк монголын жирийн иргэдэд үйлчлэхгүй гэнэ. Учир нь тэдний ашиг орлогод эгэл монголчууд саад учруулж байна гэж үзжээ. Тус банк өнгөрсөн онд 30 тэрбум, 2011 он гарснаас хойш 11.5 тэрбум төгрөгийг ашигтай ажилласан хэрнээ мөнгө ихтэй, гадаадын иргэдэд үйлчлэхээ урьтал болгож, ашиг орлогын төлөө нойр хоолоо умартан зүтгэж байна. Харилцагчдынхаа тоогоор бахархдаг энэ банк одоо тэрхүү хэрэглэгчдээсээ ядуу доройг нь ялган гадуурхаж байгааг  дараах баримтуудаар нотолж болно. Үүнд:
Баримт1
Тус банк  2011 оны 7-р сараас эхлэн нийслэл хотод 31 хорооны 268 мянган хүнээс, орон нутаг дахь 65 багийн 59 мянган хүнд эх орны хувь хишиг болох сар бүрийн 21 мянган төгрөгийг олгохоос эрс татгалзжээ. Тийм ч учраас хэрэглэгч хаан байдаг зах зээлийн алтан зарчмаа уландаа гишгэсэн Хаан банкны талаар монголчууд ам муутай байна. Тэд гарц шийдэл хайж, хэрхэн ядарсан монголчууддаа туслах вэ гэхийн оронд илүү ашиг орлого бодсон алхам хийж байгаа нь үйл ажиллагаа нь найдваргүй, тууштай бишийн шинж юм. Хаан банкнаас сар бүр 21 мянгаа асууж ирдэг хэрэглэгчдийн дараалал, тус банкны нэр хүндийг унагаад байгаа гэж тэд үзжээ.
Баримт 2
“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчээр өндөр ашиг орлоготой гүйлгээг нь аваад, харин ашиг багатай ажиллагаа ихтэй энэ мэтийг нь авахгүй гэж зарлаж байгааг юу гэж ойлгох вэ? Хөдөө аж ахуйн банкаас ХААН банк болтлоо өсөхөд чухам одоо үйлчлэхгүй гээд байгаа монголын мянга мянган жирийн ард түмэн, харилцагчид нь нөлөөлсөн байх учиртай. Гэтэл “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр томоохон банк болсон хойноо иргэдээ үйлчилгээний хэлбэрээр ялгаварлан гадуурхаж байгаа нь дэндүү хариуцлагагүйн шинж, зөвхөн өөрийн ашиг орлого, амиа бодсон явдал юм. Гадны хөрөнгө оруулалттай, гадаад удирдлагатай тус банк өндөр ашгийн төлөө монголын жирийн ард иргэдийг түлхэж, нүүр буруулсны бас нэг жишээ нь тэд монголчуудыг эх оронд нь илт ялгаварлаж, зөвхөн гадаад хүмүүст тусгайлан үйлчилдэг ДИПЛОМАТ ОФИС гээчийг нээсэн байна. Энэ төв нь Драмын театрын урд Алтай офист дотор байрладаг бөгөөд та очиж үзээрэй. Үүднээсээ хөөгдөөд л гарна. Ийм төв дахин 10-ыг нээх сураг ч бас байна.
Баримт 3
Саяхан иргэдийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийг дэвтэргүй болгосныгоо цахим банкны үйлчилгээ болох мобайл, интернет, мессеж банкны бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой талаар мэдээлж иргэдийг шахалтанд оруулсан юм. Дэвтэргүй болгосон шалтгаанаа гадаадын банкны стандартад нийцэхээр ажиллаж байгаа гэх мэтээр тайлбарлаж байх  юм. Гэтэл энэ нь Хадгаламжийн дэвтрээ үнэт цаас, банкинд байршуулсан мөнгөний баталгаа, үр хойчдоо өвлүүлдэг өв хөрөнгө, өв хөрөнгөө өсгөн үржихийг билэгдэн бурхныхаа өмнө аравнайлан тавьж уншлагаа уншдаг ард түмний соёл, зан заншилд заналхийлсэн гэмээр үйлэл билээ.
Иргэдийн банкинд мөнгө байршуулсаны баталгаа, дансан дахь мөнгөний бүрэн бүтэн байдалд хяналт хэрхэн тавих зэрэг асуултанд цахим банк, дансны хуулгаар авах боломжтой ба дансны хуулга нь үнэ төлбөргүй гэх мэтээр тайлбарлаж байснаа хэсэг хугацааны дараа дансны хуулга нь үнэтэй болж хэлсэн ярьсандаа хүрэхгүйгээр ард түмэн харилцагч иргэдтэй шатар даам тоглон заль гаргаж, өөрийн банкны үйлчилгээг тулган шаардах зэргээр ёс бус ааш нь хэрээс хэтэрсээр байх шиг.
Баримт 4
Тэд  өөрийн буруугаа төр засаг руу чихэж байна. Үүний тод жишээ бол, хөгжлийн сангийн мөнгийг олгохгүй гэж зарлалаа. Үүнийгээ салбарууддаа дараах байдлаар хаджээ.
Харилцагчдын анхааралд
Хаан банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон Төрийн сантай байгуулсан хамтарсан гэрээгээр Монгол улсын засгийн газраас иргэдэд олгож буй “Эх орны хувь хишиг” үйлчилгээг Улаанбаатар хотод дараах дүүргүүдийн хороодод үзүүлэхээр болсон билээ. Уг жагсаалт дахь Эх орны хувь хишиг мөнгийг 2011 оны 06 дугаар сарын 15-с эхлэн үзүүлэх бөгөөд хуучин хаан банкаар олгож байсан жагсаалтад ороогүй хороодын Эх орны хувь хишиг мөнгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зөвхөн 2011оны 06 дугаар сард олгохыг хүссэн учир энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Хаан банкаар олгоно. Цаашид 2011 оны 07-р сараас доорх хуваарьт заагаагүй хороодын эх орны хувь хишиг мөнгийг Хаан банкаар олгохгүй болохыг мэдэгдье!

Банканд ашиггүй, ядуу иргэдэд үйлчилбэл ашиг орлого эрс буурна гэсэн үзлээ тэд төрийн байгууллага руу тохсоныг эндээс харж болно.

Эх Сурвалж: MANAN.mn - Нийгмийн Цаг Агаар


URL:

Сэтгэгдэл бичих