Золжаргал сайд 23 тэрбумыг халааслав

УИХ ямаа, тэмээнд өгдөг мөнгөө зогсоож, ноос, ноолуурыг хяргасан, самнасан малчдад олгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон үндэсний үйлдвэртээ нэгдүгээр зэргийн ноос тушаасан малчдад 300 тэрбум төгрөгийн урамшуулал үзүүлнэ. Урамшууллын мөнгийг Засгийн газрын бондоор санхүүжүүлнэ. Өчигдөр Монголын хөрөнгийн биржид эхний 25 тэрбум төгрөг босгох ажиллагаа явагдав. Засгийн газрын бонд борлуулах ёслолыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал дуудлага худалдааны цанг цохив. Гэтэл гурван секунд бололгүй Сангийн сангийн дэд сайд Ч.Ганхуяг дахин цанг цохих нь тэр.

“ЭХ ОРОНЧ БОНД” АРВАН МИНУТАД БОРЛОГДОВ

Ингээд дуудлага худалдаа хаагдчихав уу гэтэл үгүй гэнэ. Сангийн дэд сайд хөдөөгийн дэд сайдаа арай дутуу цохичихлоо гэж бодоод дахин хүчтэй цохисон нь тэр аж. Хөдөөгийн дэд сайд цан цохисны дараа хэлсэн үгэндээ “Малчдыг урамшуулах шийдвэр нь Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, түүхий эдээ бэлэн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж, малчдын орлогыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг сэргээнэ. Энэ утгаараа өнөөдрийн дуудлага худалдаанд оруулж байгаа Засгийн газрын бондыг “эх оронч бонд” гэж нэрлэж болно” гэв. Ёслолын ажиллагаа эхэлсний дараа Сангийн сайд биржийн хурлын танхимд мэдээлэл хийх тухай зарлав. Сэтгүүлчид танхимд ороод арван минутын дараа орж ирсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Засгийн газрын бондын борлуулалтын албан ёсны дүнг Монголын хөрөнгийн бирж зарлана. Харин саяхан намайг харж байхад 23 тэрбум нь борлогдчихлоо” гэв. Ийнхүү хөдөөгийн дэд сайд арван минутын дотор 23 тэрбумыг халааслав. Гэхдээ тэрээр энэ их мөнгөө арваннэгдүгээр сарын үед малчдын гарт тушаана. Монголын хөрөнгийн биржээр наймдугаар сард доорх хуваарийн дагуу Засгийн газар 100 тэрбум төгрөгтэй тэнцэх бондыг арилжина. Гэхдээ Засгийн газар энэ мөнгөө бэлэглэхгүй. Үйлдвэрүүдээс таван жилийн дараа жилийн долоон хувийн хүүтэй буцааж авна.

ЭХ ОРОНЧ БОНДЫН МӨНГИЙГ ЭХ ОРОНЧ МАЛЧИД Л ХҮРТЭНЭ

Малчид бүх ноосондоо урамшуулал хүртэхгүй. Зөвхөн нэгдүгээр зэргийн ноосондоо урамшуулал хүртэнэ. Гэхдээ хэн нэгэнд өгсөн бүхэндээ биш. Зөвхөн үндэсний үйлдвэртээ тохиролцсон үнээр худалдсан ноосны кг бүрт 2000 төгрөгийн урамшуулал хүртэнэ. Өнөөгийн байдлаар хөдөө орон нутагт нэг кг ноос 500-600 төгрөг байна. Харин ченжүүд 1000 орчим төгрөгөөр зарж байгаа гэнэ. Харин үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан хоньчдод нэгдүгээр зэрэгт тэнцсэн кг бүрт ХХААХҮЯ-наас урамшуулал олгоно. Малчдад таатай энэ мэдээ хэрэгжихдээ жаахан явдалтай. Үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн гурван төлөөлөгч сум бүрт ажиллана. Энэ нь 1000 гаруй ажлын байр бий болгоно. Гэхдээ тэд мөнгийг малчдад олгохгүй. Тушаасан ноосны чанар хэмжээг баталгаажуулсан хоёр хувь баримт олгоно. Түүнийгээ малчин Золоо сайд гараа тэнийлгэх хугацаанд, үг, үсэг балархайтахгүй газар хав дарна. Баримтын нэг хувийг мөнгө авахдаа хэрэглэх бол нөгөө хувийг суман дахь малын албандаа тушааж баталгаа авна. Сумын малын алба нөхөр хоньчны тушаасан ноос өнгөрсөн онд тоолуулсан хонины ноосноос хэтэрвэл хэн нэгэн мэдээлэлгүй хоньчныг хулхидсан хэрэгт орно. Бүр дордвол хонины хулгайн хэрэгт орж мэднэ. 100 хоньтой өрх 300 кг ноос чанарын өндөр зэрэгт тушаасан тохиолдолд 900 мянган төгрөгийн орлоготой болно. Мянгат хоньчин гурван тонн ноос тушааж чадвал гурван сая төгрөг өлхөн халааслана. Эх оронч байсныхаа төлөө хоньчид ийнхүү хөрөнгөжинө.

ХОНЬЧИД ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДӨХГҮЙ

Сэтгүүлчдын уулзалтад хожуухан орж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэв. Дээр нь хэдхэн минутад борлогдсон Засгийн газрын 23 тэрбум төгрөгийн бондыг худалдан авагчийн нэрийг зарлаад байдаггүй гэнэ. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой аж. Гэхдээ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн ярианаас харахад арилжааны банкууд авсан бололтой юм. Мэдээж худалдан авагч өөрөө хүсвэл зарлаж болно гэнэ. Эхний ээлжинд борлогдсон 25 тэрбум төгрөгтэй тэнцэх бондын хүү жилийн найман хувьтай. Харин АНУ-ын Засгийн газрын бонд арван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй байна. Энэ нь жилийн 0.2 хувь гэсэн үг юм. Харин манай Сангийн сайдын тайлбараар бол Засгийн газрын бондын хүүг зах зээлийн зарчмаар тогтоож байгаа аж. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний хувь тогтоогоод дуудлага худалдаанд оруулна. Оролцогчид хүүгийн өрсөлдөөн хийгээд л бондыг авна. Энэ нь хүүг бонд худалдан авагч өөрөө л тогтоож байгаа гэсэн үг аж.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД БОНДООС ЮУ ХОЖИХ ВЭ?

Үндэсний үйлдвэрүүд хятадуудад ноосоо алдсаар хориод жил болж байна. Нэгэнт зах зээлийн чиг баримжаатай орны хувьд ноосны үнэ тогтоох, хил гаалиар хавчих зэрэг арга хэмжээг төрөөс хэрэгжүүлэх боломж байхгүй. Өнөөдөр манай 34 ноосны үйлдвэр нэгдэж “Ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо байгуулжээ. Мөн дэргэдээ “Монгол ноос” нэгдэл байгуулсан. Тус холбооныхон 1000 гаруй төлөөлөгчдөө монголын бүх суманд байршуулж ноос цуглуулж байна. Тэд нь үнэмлэх, тусгай баримтаар хангагдсан. Үйлдвэрүүдэд олгож байгаа 300 тэрбум төгрөгийн зээл нь таван жилийн хугацаатай. Жилийн долоон хувийн хүүтэй. Харин Засгийн газрын бонд жилийн 8-11 хувийн хүүтэй. Эндээс хүүгийн зөрүүг хэн төлөх вэ гэсэн асуулт гарна. Сангийн сайдын тайлбараар бол энэ зөрүүг Засгийн газарт хариуцахаар ирэх жилийн төсөвт суулгасан. Энэ боломжийг ашиглан үйлдвэрүүд түүхий эдээ цуглуулна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн тооцоогоор жижиг дунд үйлдвэрт зарсан 30 тэрбум төгрөг таван мянган ажлын байр шинээр бий болсон гэнэ. Тэгвэл хөдөө аж ахуйд зарцуулах 300 тэрбум төгрөг 50 мянга биш гэхэд 40 мянган ажлын байр шинээр гаргах боломжтой аж. Гэхдээ энэ зээл хугацаагүй биш. Тиймээс үйлдвэрүүд таван жилийн хугацаанд түүхий эдээ төрийн дэмжлэггүйгээр худалдан авах чадвартай, капиталтай болох шаардлагатай. Дээр нь байнгын ашигтай байх өөрийн гэсэн зах зээлтэй болох ёстой. Зөвхөн утас ээрэх биш ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Эдийн засагчдын үзэж буйгаар одоо олгож байгаа зээл, хүү, хугацаа ноосны салбарын үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ босох том боломж олгож байгаа гэнэ. Гагцхүү үйлдвэрүүдийн менежмент л хэрхэхийг шийдэх аж.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД

Хэдийгээр манай Засгийн газрын бонд банкны хадгаламжийн хүүнээс бага хүүтэй иргэд ч багагүй ашиг хүртэх боломжтой. Засгийн газрын бондыг барууны ертөнцөд хамгийн найдвартай, тогтвортой ашиг олох хэрэгсэл гэж үзнэ. Банк, хадгаламж зээлийн хоршоо дампууралд ороход хөрөнгө оруулагч хохироод үлдсэн олон тохиолдол бий. Тэгвэл Засгийн газрын бонд Засгийн газар огцорсон ч эргүүлэн, хүүтэйгээ баталгаатай төлөгдөнө. Мөн үндэсний үйлдвэрийг сэргээх зорилгоор гаргаж байгаа 300 тэрбум төгрөгийн бондын нэгж бүрийн үнэ 100 мянган төгрөг. Биснес хийдэггүй иргэд маш их хэмжээний мөнгийг дарж суудаг гэсэн мэдээ бий. Зөвхөн хадгаламж зээлийн хоршооны нэрээр арваадхан хоршоо арав гаруй мянган иргэний 60 тэрбум төгрөгийг сүйрүүлсэн байдаг. Саяхан машин байртай болгох нэрээр бас л хэдэн арван тэрбум төгрөг луйвардсан хэрэг гарсан. Энэ нь иргэдийн гар дээр ихээхэн хэмжээний сул мөнгө байгааг баталж байна. Энэ удаагийн хөдөө аж ахуйд зориулсан 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд нь монголын хөрөнгийн биржээр зөвхөн төгрөгөөр борлуулах онцлогтой. Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн хэлсэнээр бол дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж гадаад, дотоодын банкууд оролцсон. Бонд гаргах замаар өнөөгийн Засгийн газрын тулгамдсан асуудлыг шийдэх нь ард түмэнд ашигтай. Манай улсын өрийн түвшин АНУ-ын өрийн түвшинтэй харьцуулахад маш сайн байгаа. Гадныхан манай өрийг ихээхэн сонирхож байгаа. Энэ нь манай төлбөрийн чадвар өндөр байгаатай холбоотой гэнэ. Тэрээр үгийнхээ төгсгөлд бонд арилжихад хувь нэмрээ оруулж байгаа сэтгүүлчид болон худалдан авагч нарт талархаж байгаагаа илэрхийлэв.

Х.БАТТӨГС



URL:

Tags:

Сэтгэгдэл бичих