Нам байгуулж тоглогсод

Ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчдын нэгдсэн цугларалт энд тэндгүй л өрнөж байна. Саяхан МАН-ыг уугуул нэрээ буцаан авч, 90 жилийн туүхэн овгоо солилоо хэмээн МАХН хэмээх товчилсон үгэнд “хайр зарлаж” байсан эрхмүүдийн зарим нь зүсээ бууруулан, зорилгоо өөрчлөн одов оо.

МАН-ыг уугуул нэрээ сэргээсний дараахан МАХН гэдэг нэр улс төрийн тоглолтын талбар байлаа. Энэ тоглолтонд Н.Энхбаяр хожил авч, Дээд шүүхэд намаа бүртгүүлж, хөзрийн тамгыг атгаж чадсан. Харин түүнийг дагалдагсад нүүрээ бууруулж одов. МАХН-ын даргаар Н.Энхбаяр сонгогдсон нь зөвхөн түүнд л ашигтай, бусдад нь халгаатай юм гэж намын гишүүнчлэлээсээ татгалзсан эрхмүүд ярьж байна.

Өнгөрсөн хаврын улс төрийн тоглолтын содон өнгө нь философич Молор-Эрдэнэ яах аргагүй мөн. Түүнийг улс төрд хөл тавихад шинэ өнгө ялгарч, цэвэр улс төр үнэртэх болов уу гэж хүлээгсэд байсан. Үнэхээр ч нийгэмд улс төрийн шинэ фигур хүлээлт үүсгээд байгаа үе.

Гэтэл нэн удалгүй “намын дарга Н.Энхбаяртайгаа бодлогын хувьд таарахгүй нь, цаг тутам Н.Энхбаяр “шинэчлэгдэх” юм” хэмээн хэвлэлд мэдэгдээд, /одоо ч мэдэгдсээр байгаа/ хөшигний ард гарав. Н.Энхбаяртай таарамжгүй ч гэсэн намын бодлоготой бас зөрчилджээ гэж үзэх хүмүүс тэр үед гарч байлаа.

Зарим нэг ажиглагчид философич хүн улстөрчидтэй үзэл бодлоороо тэр бүр таараад байхгүй, өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн юм даа гэх өмөөрсөн хандлага нийгэмд байсан. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр “Н.Энхбаяр хэнтэй ч таарахгүй. Хүний гараар могой бариулчихаад л хаядаг. Энэ удаад ч бас түүнийг ашиглаад хаясан байж таарна” хэмээх таамаглал гарч байв.

За энэ ч яахав, нийгэмд болсон үйл явдал. Харин Молор-Эрдэнийн тухайд улс төрд дахин орохгүй юм байна гэсэн сэтгэгдлийг нийгэмд төрүүлээд байлаа. Гэтэл саяхан тэрбээр Хөдөлмөрийн намын дарга хэмээх албан тушаалтайгаар улс төрд дахин хөл тавилаа.

МАХН, Хөдөлмөрийн намын баримтлах чиглэл ондоо. Хэдийгээр зүүний хүчнүүдч гэлээ, бодлогын хувьд адилхан бус. Аль намд элсэж, гарах нь хувь хүний асуудал хэдий ч улстөрд дөнгөж хөл тавьж байгаа эрхэм намаас нам дамжих нь түүний улстөрийн карьерт хэр нөлөөлөх бол.

Лав л карьер нь өснө гэдэгт итгэлгүй байна. Үүн дээр хэдэнтээ парламентад сонгогдсон хэдий ч тэр бүр улстөрийн тоглолт хийгээд байдаггүй байсан Ц.Шинэбаяр гишүүн өнгөрсөн хавраас эхлэн дуу нь өндөрсөх болсон. Аргагүй л улаан намын хүн байж гэж бодогдтол МАХН-аа биеэрээ хамгаалан авч гарсан хүн.

Төрийн ордон дахь түүний өрөөний хаалга дээр МАХН-ын лого байдаг. Харин тэрбээр МАХН-ыг Дээд шүүхэд бүртгүүлсний дараагаар намаасаа татгалзах хүсэлт тавьсанаа мөн л хэвлэлээр мэдэгдсэн. Эцэстээ Ц.Шинэбаяр гишүүн, Молор-Эрдэнэ хоёр Хөдөлмөрийн намд нэгэн дуугаар элсэн, албан тушаалын тохироогоо ч бүрдүүлжээ.

Ийнхүү сонгууль ойртох тусам жижиг намууд ичээнээсээ гарч, араас нь шинэ шинэ намууд мэндлэн, басхүү нам байгуулан тоглогсод ч нэмэгдсээр байх төлөвтэй.

Н.Энхлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих