Биржүүдийн “хар” өдөр үргэлжилсээр байна

Европ болон АНУ-ын биржүүд дээр өнгөрсөн баасан гаригийн хаалт хүндхэн тусав. Учир нь эдгээр биржүүдэд томоохон хувьцаа болон түүхий эдийн ханш буурсан байна.

Тухайлбал, Герман, Францын бирж дээр ихээхэн уналт болж энэ оны зургаадугаар сараас хойш нийт хувьцаа 25 хувиар унажээ. Харин Лондонгийн хөрөнгийн бирж дээр 13.7 хувийн уналт ажиглагдав. Энэхүү уналт нь 2002 оноос хойш тохиолдож байгаагүй аж.

Өнгөрсөн сард евро бүсийн инфляци гурван хувиар өсчээ. Хөрөнгө оруулалтын Европын төв банкны тооцоолж байснаар инфляци энэ оны зургаадугаард сард 1.5 хувиар нэмэгдсэн байна. Тус бүсийн улстөрчид хийгээд эдийн засагчид инфляцийг тогтвортой байлгаж чадахгүй байгаа. Евро бүсийн эдийн засгийн уналт энэ оны зургаадугаар сараас эхэлсэн юм.

Уолл стрийтэд “Dow Jones”-ийн индекс өнгөрсөн баасан гаригт 2.2 хувиар унасан байна. Энэ нь 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралын дараа тохиолдож байгаагүй уналт гэж шинжээчид тайлбарлажээ.

Эдийн засагчдийн тайлбарлаж байгаагаар евро бүс өрийн асуудлаа шийдвэрлэхэд хэтэрхий удаашралтай хандаж байна. Энэ нь тус бүсийн эдийн засгийг уналт руу ойртуулсаар байгаа аж. Үүнийг зогсоохын тулд банкны шинэ бодлого шаардлагатайг шинжээчид онцолжээ.

“Daiwa” хөрөнгийн худалдааны төвийн шинжээч Грант Леюс “Евро бүсийн өрийн асуудал даамжирсаар л байна. Энэ нь банкны бодлого дутмаг байгаагаа шалгаалж байна” гэжээ. Тэрбээр Грек, Италийн өрийн асуудлын тухай “Грект их хэмжээний мөнгө зээлүүлсэн ч дэмий зүйлд хөрөнгө оруулж байгаагаа евро бүсийн эрх баригчид ойлгохгүй байна. Банкны хөрөнгө түгжрэлд орсон” гэв. Германы “Deutsche”, “Commerz” банк энэ оны зургадугаар сараас хойш 30 хувийн алдагдалтай ажилласан байна. Мөн Францын банкууд ч алдагдалд орж эхэлжээ.

Тухайлбал, “Societe Generale” энэ оны зургаадугаар сараас хойш хөрөнгийн захаас 50, “BHР Paribas” 40 хувийн алдагдал хүлээв. Эдгээр нь евро бүсийн эдийн засгийн байдлаас үүдэлтэй юм. Брент газрын тосны тухайд 2008 оноос томоохон уналт, ханшийн дээд өсөлтөд хүрсэн. Ханшийн тогтворгүй байдал газрын тосны зах зээлийг самууруулж байна.

Өнгөрсөн баасан гаригт Лондонгийн бирж дээр брент газрын тосны ханш баррель тутамдаа 103 ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн сарынхаас найм орчим хувиар унасан үзүүлэлт байв. Зарим шинжээчийн ярьснаар 2008 оны дэлхийн банк санхүүгийн хямралын дараа глобал эдийн засаг тогтворгүй байгаа аж. Үүний улмаас ханшийн дээд болон доод амжилтууд тогтоогдсоор байна.

“UBS” банкны Европын хэлтсийг хариуцсан эдийн засагч Жорж Магнус “2007, 2007 онд хямралыг хэн ч урьдчилан хараагүй байсан. Хиймэл гэж тайлбарлахад хангалттай. Харин энэ удаад байдал яг л давтагдаж байна. Ингэхдээ нүдний өмнө эдийн засаг уналтад орж байна” гэжээ.

Д.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих