Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд, Монгол Улсын БСШУС-ын Сайд Ж.Батсуурь нарт Танаа

1479090824_2Таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил, хүн ардын эрүүл мэнд, сайн сайхны төлөө их ажилд тань амжилт хүсье.

Сүүлийн үед төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал удирдлагыг өөрчлөх тухай яриа олон нийтийн дунд ил тод яригдах боллоо. Их сургууль нь улс төрийн нөлөөллөөс ангид, бие даасан, академик эрх чөлөө бүхий байгууллага болохыг хуулиар баталгаажуулсан билээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Ази Номхон Далайн Баруун бүсийн шилдэг их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн, Хөгжлийн бодлогоо боловсруулж, Удирдах Зөвлөлөөр батлуулан ажиллаж байна. Бидний олон жилийн мөрөөдөл болсон Их сургуулийн хотхон Улаанбаатар хотын зүүн дүүрэгт баригдаж эхэллээ. АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оношилгоо, шинжилгээний төв лаборатори, багш ажилчид, оюутан залуучуудын байр бүхий хотхоны эхний хэсгээ 2018 оны 6-р сард ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө Европын Холбооны дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагаар (ASIIN) амжилттай магадлан итгэмжлүүллээ.

Сүүлийн 3 жилд орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ бүхий номын сан, судалгааны цөм лаборатори, оюутны ЭКО цогцолбор, Эмзүйн сургуулийн байр, НАСС-ийн Шүдний эмнэлгийн барилга зэргийг шинээр ашиглалтанд орууллаа. Оюутнуудад сургалтын тэтгэлэг, судлаачдад судалгааны уралдаант тэтгэлгийг Их сургуулиас олгох болсоноор шинэ мэдлэг, технологи нутагшуулах, баялаг бүтээх гарааны компаниуд бойжиж байна.

Энэ бүх амжилт, өөрчлөлт шинэчлэл нь их сургуулийн багш нарын нөр их хөдөлмөр, 2013 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдсон удирдлагын багийн зөв шийдвэр, оновчтой менежмент, өндөр зохион байгуулалт, хамтын ажиллагааны үр дүн хэмээн бид дүгнэж байна.

Тиймээс мянга мянган оюутан, багш, эмч, ажилтаны 70 гаруй жилийн мөрөөдөл болсон бүтээн байгуулалт, төслүүдийг эхлүүлэн идэвх зүтгэл, үр дүнтэй, бидний итгэлийг даан ажиллаж буй одоогийн удирдлагын багийг дэмжин үргэлжлүүлэн ажиллуулахыг танаас хүсье. Бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт гүнээ итгэж Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу Танд саналаа илэрхийлж байна.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих