Оюутнуудад олгох 500 мянган төгрөгөөс болж сургуулиуд “шатах” шахжээ

Хүний хөгжил сан”-аас төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутнуудад олгож буй 500 мянган төгрөгийн санхүүжилтийг Сургалтын төрийн санд төвлөрүүлэн сургуулиудын дансанд энэ сарын 7-ны өдрөөс шилжүүлж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд нийт 139 их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байгаа. Дээрх тооны оюутнуудын сургалтын төлбөрт улсын төсвөөс нийт 82 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ уг мөнгөний тал хувь болох 40 тэрбум төгрөгийг сургуулиудад хуваарилж байгаа юм. “Хүний хөгжил сан”-аас оюутнуудад олгох сургалтын төлбөрийн дараагийн санхүүжилтийг хэзээ олгох талаар холбогдох байгууллагуудаас тодруулсан юм. Сургалтын төрийн сангийн мэргэжилтнүүд сургуулиудын дансанд мөнгө хуваарилаад завгүй байгаа аж. Тэд “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, хороод санхүүжилтийн судалгаагаа ирүүлж дууссан.

Зарим сургууль цөөн тооны оюутныхаа судалгааг жагсаалтад оруулаагүй болон алдаатай материал ирүүлсэн тохиолдол ч гарлаа. Гарсан алдааг дор дор нь засахыг хичээж байна. Жагсаалтад нэр нь оролгүй хоцорсон оюутнуудын судалгаа болон дээрх алдааг засварласан талаарх материалыг цахим хэлбэрээр хүлээн авч байгаа. Маргааш /өнөөдөр/ материалаа ирүүлэх сүүлчийн өдөр” хэмээв. Харин Сургалтын төрийн сангийн мэргэжилтнүүд санхүүжилтийн үлдсэн хэсгийг хэзээ олгох талаар мэдээлэлгүй байгаа бөгөөд “Эхний ээлжийн санхүүжилтийг ойрын өдрүүдэд багтаан сургуулиудын дансанд хийнэ” гэлээ. Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын санхүүгийн албаны мэргэжилтнүүд “Хүний хөгжил сан”-ийн санхүүжилт уржигдраас орж эхэлсэн хэмээх хариултыг бидэнд өгсөн. Тэд Сургалтын төрийн сангийнхны адил санхүүжилтийг яагаад хоёр хувааж өгч байгаа, үлдсэн мөнгө хэзээ орох талаар тодорхой зүйл мэдэхгүй байв. Засгийн газраас өнгөрсөн намар нэг оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгөх, уг мөнгийг энэ онд олгох шийдвэр гаргахад хувийн их, дээд сургуулиудын удирдлагууд нааштай хүлээж аваагүй. Тэд “Оюутныхаа төлбөрийн мөнгөөр өдөр тутмын үйл ажиллагаа явуулж техник, технологио худалдан авдаг. Тиймээс санхүүжилтийг 2011 онд олговол үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрнэ” хэмээн тайлбарлаж байсан. Санхүүжилтийг ийнхүү энэ сард олгож байгаатай холбоотойгоор хувийн голдуу их, дээд сургуулиуд мөнгөний гачаалд орох дөхжээ. Монголын үндэсний дээд сургууль л гэхэд өнгөрсөн сард багш нарынхаа цалинг олгож чадаагүй аж. Төрийн өмчийн их сургуулиудын удирдлагууд ч санхүүжилтийг үүнээс удаасан бол мөнгөний гачаалд орох байсныг үгүйсгэхгүй байсан юм.

“Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн нягтлан бодогч М.Ундармаа:

-Оюутны төлбөрийн санхүүжилт манай сургуулийн дансанд өчигдөр /уржигдар/ орсон. Гэхдээ талыг нь л хийсэн байна. Би бичиг баримтын зөрчилтэй, материалаа хугацаанд нь өгөөгүй оюутнуудын мөнгө дансанд ороогүй гэж ойлгож байна. Сургалтын төрийн сангийн холбогдох хүмүүсээс үлдсэн мөнгийг хэзээ шилжүүлэх вэ гэдгийг лавласан ч тодорхой хариулт өгөөгүй. “Тэр талаар сайн мэдэхгүй байна” гэсэн. Өнгөрсөн хугацаанд санхүүжилт оройтож орж ирсэнтэй холбоотой бага зэрэг хүндрэл гарлаа. Үүнээс жаахан удаасан бол багш нарынхаа цалинг тавьж чадахгүйд хүрэх байсан. Хувийн их, дээд сургуулиуд оюутны төлбөрөөрөө үйл ажиллагаа явуулдаг, төрөөс ямар нэгэн татаас авдаггүй болохоор санхүү, мөнгөний асуудалд амархан орох магадлалтай. Сургалтын төлбөрөө бүтнээр нь төлсөн оюутнуудын төлбөрийн зөрүүг одоогоор өгөөгүй байна. Гэхдээ өнчин, амьдралын түвшнээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийн мөнгийг боломжоороо буцааж олгосон. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Их, дээд сургууль, коллежуудад “Хүний хөгжил сан”-аас оюутнуудад олгож буй мөнгөний санхүүжилтийн үлдсэн хэсгийг яг хэзээ олгох юм бэ. Сургуулиуд энэ талаар мэдээлэлгүй байна?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас уг мөнгийг хуваарийн дагуу Сургалтын төрийн санд төвлөрүүлж байгаа. Сангийн яамнаас эхний ээлжийн санхүүжилтийг энэ сард, дараагийнхыг ирэх сард олгох хуваарь гаргалаа. Уг мөнгөний санхүүжилтийг баталсан. Тиймээс үлдсэн хэсгийнх нь санхүүжилт байхгүй гэсэн ойлгож байхгүй.

-Зарим оюутны материал дутуу, заримынх нь алдаатай байгаа юм байна. Тэдгээр хүмүүсийн мөнгийг хэрхэх вэ?

-Санхүүжилтийг нийт оюутнуудын тоогоор баталсан. Алдаа, дутагдлыг засч байгаа. Удаахь санхүүжилт орохоос өмнө үүнийгээ бүрэн засах хэрэгтэй. Тэрбээр ийн хариулав. Тэгэхээр үлдсэн хэсгийн санхүүжилт ирэх сард сургуулиудын дансанд орсны дараа оюутнууд сургалтын төлбөрийн зөрүүгээ авч эхлэх бололтой. Их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийнхнаас сургалтын төлбөрөө бүтнээр нь хийсэн оюутан цөөнгүй байгаа аж. Жишээлбэл, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудаас өнгөрсөн намар сургалтын төлбөрийг бүтнээр нь авчээ. Зарим сургууль сургалтын төлбөрийн зөрүүг дараа жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Оюутнуудтай уулзахад “Сургалтын төлбөрийн зөрүүг хэзээ олгохыг мэдэхгүй байна. 500 мянган төгрөгийн санхүүжилт бүрэн орж ирсэн үед өгнө гэж хэлсэн” хэмээж байв.


URL:

Сэтгэгдэл бичих