МИРОСЛАВ БОБЕК: ТАХИНААС ӨӨР АМЬТАН ХАМГААЛАХААР БОЛ ХАВТГАЙГ СОНГОНО

9c3a72bb-b4c4-4e25-8063-521c4fa97ffaМонгол оронд 1992 оноос тахь сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд Хустайн нуруу, Говийн их дархан газар, Хомын тал дахь тахийн тоо өдгөө 500-д хүрээд байгаа. 1970-аад оны үед бүрэн устаад байсан зэрлэг адууг манайд сэргээн нутагшуулах ажилд багагүй хувь нэмэр оруулсан газрын нэг нь Чехийн Прага хотын амьтны хүрээлэн. Тус хүрээлэнгийнхэн 2010 оноос өдий хүртэл Монголд нийт 23 тахьтээвэрлэн авчирч, 19-ийг нь Говийн их дархан газарт, бусдыг нь Хомын талд нутагшуулаад байна.Зөвхөн тээвэрлэн авчраад зогсохгүй, амьдрах орчныг нь сайжруулахад хөрөнгө оруулж буй.

Монголд тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ойг ирэх зургадугаар сард холбогдох байгууллагынхан тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Ойг тохиолдуулан Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн манайд дахин тахь авчрахаар болжээ. Хүрээлэнгийн захирал Мирослав Бобекдээрх ажлын хүрээнд манай улсад зочлоод буцсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Тахь нутагшуулсны ойг тохиолдуулан хэчнээн тахь авчрахаар төлөвлөсөн бэ. Бэлтгэл болгож ямар ямар ажил амжуулав?

-Дахиад дөрвөн тахь авчрахаар бэлтгэж байна. Тээвэрлэх онгоцны маань багтаамжаас шалтгаалж дээд тал нь дөрвөн тахийг онгон байгальд нь буцаан тавих боломжтой юм. Говийн их дархан цаазат газар (ГИДЦГ)-ын “Б” хэсэг, тэр дундаа Ховд аймгийн Булган суманд ирэх зургадугаар сарын 20-нд дөрвөн тахь тээвэрлэсэн онгоц газардана. Бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой уулзлаа. Тэрбээр зөвхөн энэ удаа ч биш, цаашид олон удаа тахь тээвэрлэн авчрахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь маш таатай мэдээ байв.

-Прагын амьтны хүрээлэнгээс Монголд тахь нутагшуулах ажлыг таныг анх санаачлан хэрэгжүүлсэн гэдэг. Ямар учир шалтгаанаар уг ажлыг санаачлах болсон бэ?

-Монголд буюу унаган нутагт нь тахь нутагшуулах ажилд идэвхийлэн зүтгэж буй газруудын нэг нь манай хүрээлэн гэдгийг итгэлтэй хэлнэ. 1930-аад оноос манай хүрээлэнд монгол тахь авчирч, хамгаалах, үржүүлэх ажил эхэлсэн түүхтэй. Энэ ажлаа өргөжүүлж, 1950-иад оны сүүлчээр цаашид тахийг хэрхэн хамгаалах, үржүүлэх, нутагшуулах талаар томоохон хурлыг Прага хотдоо зохион байгуулсан юм. Тухайн үед тахь хэмээх зэрлэг адууны удмын бүртгэлийн ном гаргаж байсан нь нутагшуулах ажлын эхлэл болсон гэж үзсэн ч болно. Энэ мэтээр тахь хамгаалах ажил эрчимтэй өрнөж байсныг дурдах нь зүйтэй. Миний хувьд 2010 онд хүрээлэнгийн захирлаар томилогдож, дараа жилээс нь эхлээд тахь хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа санаачлан явуулах болсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа Монголд тахь тээвэрлэн авчраад байна даа.

Манай амьтны хүрээлэн Чех улсдаа төдийгүй Европ тивдээ хамгийн том нь хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Амьтны хүрээлэн нь олон нийтийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар төдий гэж орчин үеийн хүмүүсийн ихэнх нь ойлгодог болжээ. Мөн боловсрол, танин мэдэхүйн чухал холбогдолтой газар гэгддэг. Тэгвэл Прагын амьтны хүрээлэн нэлээд өргөн хүрээ хамарсан, дэлхий дахинд ховордоод буй амьтдыг хамгаалах, үржүүлэхийн төлөө ажилладгаараа онцлог юм. Бүх амьтны хүрээлэн цаашид ийм үүрэг, зорилготой болоосой гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би. Тийм учраас л Монголд удаа дараа ирж, тахь нутагшуулах чиглэлээр ажиллаж буй юм.

-Тахь тээвэрлэн авчрахаас гадна байгальд дасан зохицоход нь туслах үүднээс амьдрах орчныг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Амьдрах орчныг нь сайжруулахын тулд шинээр уст цэг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Ингээд бид өнгөрсөн онд ГИДЦГ-ын “Б” хэсэгт цооног өрөмдөж худаг гаргалаа. Үүнээс гадна байгаль хамгаалагчдад төрөл бүрээр дэмжлэг үзүүлж, зориулалтын байр барьж өгсөн. Түргэн шуурхай ажиллахад нь туслах үүднээс машин олгосон.

-Монголд ирэх болгондоо нутагшуулсан амьтдаа нь хэрхэн дасан зохицож байгааг хардаг байх. Онгон байгальдаа хурдан идээшиж байна уу?

-Монголд ирсэн томоохон зорилго маань мэдээж бидний нутагшуулсан тахь унаган нутагтаа хэрхэн идээшиж байгааг харах явдал. Энэ удаа бол өвлийн хүйтэн цагт хэрхэн амьдарч байгааг нь үзэх хүсэлтэй ирсэн. Би өөрөө ч Монголын говийн өвлийг анх удаа үзлээ. Үнэхээр өнгө, үзэсгэлэн төгөлдөр юм байна. Өвлийн говь миний үзсэн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд тооцогдох болсон. Энэ сайхан нутагтаа тахинууд сайн дасан зохицон амьдарч байгааг хараад сэтгэл хангалуун байна. Тахийн талын бүх байгаль хамгаалагчид, тэр дундаа ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нар байгалийн хүнд хэцүү нөхцөлийг үл харгалзан, ажлаа гайхмаар сайн гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье.

-Цэргийн онгоцоор тахь тээвэрлэн авчирдаг юм билээ. Хүндрэл бэрхшээл хэр тулгардаг вэ. Нэг удаагийн тээвэрлэлийн зардал хэд болдог вэ?

-Чехийн цэргийн онгоцыг тээвэрлэлтэд ашигладаг юм. Монголд нийт 23 тахь тээвэрлэн авчрах явцад янз бүрийн л асуудал тулгарсан. Хамгийн түрүүнд дурдах шаардлагатай зүйл нь санхүүжилт. Манай хүрээлэн бүх зардлаа гаргадаг. Нэг удаа дөрвөн тахь тээвэрлэн авчрахад 1.2 сая крон буюу 50.000 орчим еврогийн зардал гарна. Үүнээс гадна тээвэрлэх явцад ч хүндрэл үүснэ. Туулах зам урт учир, олон цагийн нислэгт тахинууд ядарч сульдаж болзошгүй. Тэдгээрийг зүдрээхгүйн тулд олон арга хэмжээ авах шаардлага тулгарна. Энэ мэтээр бэрхшээл дурдаад байвал олон зүйл хэлж болно. Амаргүй ажил шүү дээ. Хамгийн гол нь бид хүндрэлийг даван туулсаны хүчээр бүх тээвэрлэлт амжилттай болсон. Бас авчирсан тахинуудаас нэг ч хорогдоогүй, эсэн мэнд идээшиж буй нь хамгийн гол үр дүн. Тээвэрлэлийн онгоц олгогч, Чех улсын цэргийн жанжин манай хүрээлэнгийнхнийг “Та бүхэн үнэхээр гайхмаар сайн ажиллаж байна. Бараг манай цэргийнхнээс илүү” гэж хошигнож хэлсэн удаатай. Хэтрүүлсэн ч гэсэн бидний ажлыг өндрөөр үнэлсэн хэрэг гэж ойлгодог.

-Монголд тахь нутагшуулж байгаа шиг бусад амьтдыг ч үржүүлээд, онгон байгальд нь буцаах үйл ажиллагаа явуулдаг уу?

-Мэдээж. Нэлээд хэдэн зүйл шувуу үржүүлж, байгальд нь тавьж байна. Үүний дотор хэд хэдэн зүйлийн тас шувуу багтдаг. Цөөнгүй улсад ийм үйл ажиллагаа явуулж буй. Танай орноос буцах замдаа бас амьтад нутагшуулдаг өөр хэд хэдэн газраар зочлох төлөвлөгөө бий.

-Прагын амьтны хүрээлэн хүрээлэнд манай улсын ховор амьтан тахинаас өөр бий юү?

-Манайд 600 орчим амьтан бий. Ихэнх нь орангутан, горилл сармагчин, Энэтхэгийн заан зэрэг дэлхийд ховордсон амьтан. Монгол орны өвөрмөц, ховор амьтдаас одоогоор зөвхөн тахь л байна.

-Цаашид Монголоос ховор амьтан аваачиж үржүүлэх боломжтой юу?

-Одоогоор төлөвлөсөн зүйл үгүй. Тахь нутагшуулах талаар дахиад хийх ажил олон байна шүү дээ. Харин нэлээд хэдэн жилийн дараа өөр амьтан хамгаалах, нутагшуулах ажил санаачлан хэрэгжүүлэхэд болохгүй зүйл үгүй. Би ГИДЦГ-ын “А” хэсгийнхэнтэй уулзаж байсан. Тус газарт амьдардаг, ховор амьтан болох хавтгай тэмээг хамгаалах ажилд Прагын амьтны хүрээлэн хувь нэмэр оруулах боломжтойгоо хамгаалалтын захиргааныханд нь хэлж байсан удаатай. Гэхдээ одоохондоо шууд эхлэх төлөвлөгөө алга. Төлөвлөгөөний түвшинд л ярьж буй зүйл. Монгол орны ховор амьтдаас цаашид тахиас өөр амьтан хамгаалахаар болбол хавтгай тэмээг сонгоно.Дахин хэлэхэд, энэ зөвхөн бодол шүү.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих