Баянгол дүүрэгт ээж, хүү хоёр амиа алдсан ноцтой хэрэг гарлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн I хорооны 49 дүгээр байранд ээж, хүү хоёр гэртээ гаднын нөлөөтэй амиа алдсан хэрэг энэ сарын 14-ний шөнө гарлаа. Цагдаагийн байгууллагынхан “Хэргийн нарийн учир олдоогүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн нууцалж буй юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр хүн гэртээ хорлогдсон байна гэсэн дуудлага 20.40 цагийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс иржээ. Энэ дагуу НЦГ, ЭЦГ, УМБГ, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон Ажлын хэсэг шөнөжин ажиллаж хэргийн газарт үзлэг хийж, хөршүүдээс нь тайлбар авсан байна.

Цагдаагийнхныг хэргийн газрын үзлэг хийхэд өндөр настай Б цээж хэвлийн тус газраа хутганы 10 гаруй, хоолойдоо нэг шархтай амиа алдсан байж. Харин хүү нь хэвлийдээ болон хоолойдоо хутганы тус бүр нэг шархтай байсан аж. Тэнд зодолдож ноцолдсон гэх ямар нэгэн шинж тэмдэггүй, гэрийнх нь эд хогшил бүрэн байсан гэнэ. Хэрэг 1-2 хоногийн өмнө гарсан бололтой, талийгаачдын цус хатсан байжээ. Хэрэг гарсан байранд 79 настай, эмэгтэй Б өргөмөл хүү 39 настай Г-ын хамт амьдардаг байжээ. Тус байрны зургадугаар орцны зарим оршин суугчтай уулзахад “Нэг айлын хоёр хүн хорлогдож нас барсан айхтар хэрэг гарчээ. Цагдаагийнхан урд шөнөжингөө л энүүгээр эргэлдэж, айлуудаар орж, хүн орж гарч байгаа болон сэжигтэй чимээ анир гарсан эсэхийг мэдсэн үү гэж асууж байсан.

Талийгаач нар чухам яаж нас барсан талаар бид мэдэхгүй, цагдаагийнхан ч энэ талаар юм хэлээгүй. Хүү нь томоотой байрын хүн байдаг. Нэгэн дээд сургуульд багшилдаг гэсэн. Хөгшин өргөмөл хүүтэйгээ хоёулхнаа л амьдардаг байсан” гэсэн юм. Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “I хорооны 49 дүгээр байранд хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарсан нь үнэн. Манайхан хэргийн газрын үзлэг хийсэн. Гэхдээ хоёр хүний амь нас хохирсон хэрэг болохоор харьяаллын дагуу УМБГын Хүн амины хэрэг мөрдөх хэлтэст шилжүүллээ. Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

УМБГ-ын дээрх хэлтсийн мөрдөн байцаагчаас энэ талаар тодруулахад “Энэ хэрэг харьяаллын дагуу манай хэлтэст ирнэ. Гэхдээ хараахан шилжиж ирээгүй, прокурор танилцаж байгаа байх” гэлээ. Өөр нэгэн эх сурвалж “Талийгаач Г ээжийнхээ амийг бүрэлгэсэн бололтой. Улмаар өөрийнхөө хэвлийг зүсэж, эцэст нь хоолойгоо хэрчсэн байх гэсэн таамаг дэвшүүлэн ажиллаж байна. Мөрдөн байцаалтын дүнд хоёр хүний амь нас чухам юунаас болж хохирсон, гаднын нөлөөтэй байсан эсэх нь тодорхой болно” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр талийгаач Г нь ШУТИС-д багшилдаг, хааяа сэтгэц нь өөрчлөгддөг нэгэн гэдгийг цагдаагийнхан тогтоосон байна.

Г.РАВЖАА unuudur


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих