ACEM зохион байгуулах нэрээр улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ?

712-1527747092asem-(4)_700Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс зохион байгуулсан билээ. Уг хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг : “АСЕМ-ын зохион байгуулалтад аудитын тайланг хийх үндэслэл нь Гадаад Хэргийн Сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалтай санал дүгнэлт авсанаас үүдэлтэй. Хязгаарлалтай санал дүгнэлт авсан шалтгааны 40 гаруй хувь нь АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотой байсан учраас эрсдэлийн аудит орсон. Уг аудитын зорилго нь АСЕМ-ын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүнд ямар эрсдэлүүд гарсан бэ гэдгийг хянах юм. АСЕМ-ын аудитын үйл ажиллагаанд төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд хамрагдсан. УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-нд баталж гаргасан хуульд АСЕМ-ын үйл ажиллагаанд ашиглах суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон онцгой албан татварыг тэглэж, нийт зургаан  тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн.  Шалгалтын дүнгээр АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь нотлогдсон. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгж түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн. Үүнээс УИХ-аас батлан гаргасны дагуу Гадаад Хэргийн Яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн тайлагнал гүйцэтгэлийн тайлан гараагүй байна.

Мөн АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй. Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш  АСЕМ-д зориулж ажил хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлжээ. Төв талбайн хөшөөг солиход 668,7 сая төгрөг зарцуулсан гэх ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй. АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 81,4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэж аудит дүгнэсэн.
Дээрх тайлантай холбогдуулан 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлсэн, 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байгаа” гэв. Ийнхүү ACEM зохион байгуулах нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг Улсын Ерөнхий Аудитын байгууллага нотоллоо. Харин хэзээ хэрхэн хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна.
М.Чойжал 
Sonin.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.