Хогны машины үнэ арав гаруй тэрбум төгрөг

Хотын ерөнхий менежер Ч.Батаас тодруулга авлаа.

-Гэр хорооллууд хогондоо дарагдаж байна. Мөн хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамт хураадаг болсон нь ихээхэн маргаантай байгаа. Хогны машиныг олшруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өнгөрсөн жилийн Нийслэлийн төсвийн тодотголоор нийтдээ 163 машин худалдаж авахаар шийдвэр гаргасан. Энэхүү хогны машин авах хөрөнгө мөнгөний талыг нь энэ оны нийслэлийн төсөвт тусгаад батлуулчихсан. Хогны машин худалдаж авах тендерүүд зарлагдсан. Сангийн яам хянаж үзээд зөвшөөрлийг нь өгсөн байгаа. Ирэх сараас эхлээд эхний машинууд ирнэ. Хаврын цэвэрлэгээ дөрөвдүгээр сард хийгддэг. Нийслэлийг хаврын улиралд хоггүй болгох, хур хогоо зайлуулах, хог дахиж үүсэхгүй байх бүх арга хэмжээг авна.

-Энэ ажлын үр дүнд хот хоггүй болох бүрэн боломж бий юү?
-Тиймээ бүрэн боломжтой. Нэгдүгээрт хогны машин хоёр дахин нэмэгдэж байна. Хоёрдугаарт гэр хорооллын хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй хурааж авч байгаа. Ингэснээр хогны хураамж өнгөрсөн жилийн нэг сард хураадаг орлогоос дөрөв дахин нэмэгдсэн. Тухайлбал өнгөрсөн жилд сардаа 60 гаруй сая төгрөгийн хогны хураамжтай байсан бол өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 230 сая төгрөг болон нэмэгдсэн байгаа юм. Нөгөө талаар Цагаан даваанд шинээр хогийн цэгтэй болно. Эдгээр ажлуудыг хагас жилдээ багтааж хийхээр төлөвлөөд байна.

-Машин хэдэн төгрөгийн өртөгтэй вэ?

-Нийт машины үнэ арав гаруй тэрбум төгрөг байгаа.

-Тохижилт үйлчилгээний ажилчдын цалинг он гараад нэмнэ гэж байсан. Энэ талаар?

-Хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг тохижилт үйлчилгээний ажилчдынхаа цалинг өнгөрсөн жилд нэг удаа нэмсэн байгаа. Энэ жил мөн нэмэгдүүлэхээр бүх дүүргүүдийн төсөвт суулгасан. Нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгааны зардал хоёр төрлөөр нэмэгдэж байгаа. Нэг хэсэг нь цэвэрлэгчдийнхээ цалинг, нөгөө хэсэг нь орон тоогоо нэмэгдүүлэхэд зарцуулагдана. Нэг цэвэрлэгчийн цэвэрлэх талбай байх ёстой хэмжээндээ болно. Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгч дунджаар 300 мянган төгрөгийн цалин авдаг.

-Таны шийдвэрийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон баар, ресторанууд бүгдээрээ буцаад нээгдчихжээ. Одоо яах вэ?
-Өнгөрсен оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс энэ сарын 2-ныг хүртэлх хугацаанд 144 баар ресторан, хүнсний дэлгүүрийг хаасан. Өнөөдөр нээгдсэн байна гэсэн мэдээ аваагүй байна.

-Баттай эх сурвалжаас мэдэгдсэн юм. Ямар арга хэмжээ авах вэ?
-Бид энэ асуудал дээр бүх талаас нь тэмцэж л байна. Бүрэн арга хэмжээ авч хараахан чадахгүй байгаа. Тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг бол архи согтууруулах ундаагаар өдөр ч үйлчлэх эрхгүй болгож байгаа юм. Тиймээс ийм арга хэмжээ авна. Мөн нөгөө талаар НИТХ-д үйлчилгээний газруудын тухай журманд өөрчлөлт оруулах талаар ярьж байна. Шөнийн 00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй гэсэн нэрийн дор согтууруулах ундаагаар үйлчилдэг зөрчил ихээр гарч байна. Тиймээс үйлчилгээний газруудын ажлын цагийг 00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар төсөл өргөн бариад байна.

Б.Нэргүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих