Энэ жил антибиотикт тэсвэртэй ханиад зонхилж байна

dfb_ouhaMOHХүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд дөрвөн улирлын турш томуу дэгдэх болсныг эмч, мэргэжилтнүүд хэлэх болсон. Өнөөдөр гэхэд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ханиаднаас болж бөөлжсөн, гүйлгэсэн гэх оноштой 20 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн настай хүүгээ тэвэрсэн ээж “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхэд маань гэнэт бөөлжөөд, дараа нь халуурч эхэлсэн. Идэж, уусан зүйлээсээ хордлого авсан байх гэж бодоод эмнэлэгт үзүүлсэн юм. Гэтэл ханиад хүрсэн байна гээд шууд хэвтэхээр боллоо. Одоо хамаагүй дээрдэж байна. Удахгүй эмнэлгээс гарна” хэмээн ярилаа. Эмнэлгүүд өвлийн ид хүйтний үе шиг ханиад, томуунд дарлуулсан хүүхдээр дүүрээгүй ч энгийн үеийнхээс 10-20 хүүхдээр нэмэгджээ.

“Ханиаднаас болоод нус нь гойжиж, гүйлгэсэн хүүхдүүд манай эмнэлэгт их ирж байгаа. Сүүлийн үед “Мерс” гэх антибиотикт тэсвэртэй бактериар үүсгэгдсэн ханиад их гарч байна. Энэхүү ханиад эмээр дарагдах нь бага. Мөн ханиалгах, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгээс болж менингит болох тохиолдол элбэг байгаа. Энэ жил хүүхэд, том хүн ялгаагүй намдахгүй, удаан хугацаагаар ханиалгаж байна. Дээрээс нь харшилтай хавсраад 14-30 хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах боллоо. Эмчилгээ хийлгээд эдгэдэг ч ханиад дахих магадлал их байна. Сүүлийн үед ханиад нь суулгалттай хавсрах болсон. Энэ жилийн бас нэг онцлог нь хүүхэд, том хүн гэлтгүй хатиг маш их гарч байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Рэнцэнханд ярилаа.

Орто гэх вирус нь намрын улиралд идэвхждэг бөгөөд амьсгал, ходоод гэдсийг гэмтээдэг

Ханиад, томуу үүсгэж буй эдгээр вирус нь яг тийм эмэнд дарагдана гэж шууд хэлэх боломжгүйг эмч нар учирлаж байв. Тиймээс ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй харьяа хорооныхоо өрхийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн юм.

Хүүхэд бөөлжиж, гүйлгэх нь орто вирусийн шинж тэмдэг аж. Энэхүү вирус нь суулгалттай хавсрахаар идсэн зүйлээ тогтоохгүй бөөлжиж, маш их шингэн алддаг байна. Орто гэх вирус нь намрын улиралд идэвхждэг бөгөөд амьсгал, ходоод гэдсийг гэмтээдэг. Үүнээс гадна хоолой сөөж, хуцуулж ханиалгах, цээж шуугих зэргээр илэрдэг один гэх вирусийн тархалт дэгдээд байна. Энэ вирус нь жилийн дөрвөн улиралд дэгддэг аж. Ханиад үүсгэдэг эдгээр вирус нь хүмүүсийн дархлаатай шууд холбоотой. Тиймээс дархлаагаа байнга дэмжиж байхыг эмч нар зөвлөв. Дархлаа сул болохоор ханиад амархан хүрч, вирус халдварласнаар харшлыг улам сэдрээдэг байна.

Харшил голдуу идэж, уух зүйлээс үүсдэг. Тиймээс чихэрлэг ундаа, боов, чихэр зэргийг хязгаарлах хэрэгтэй. Мөн гадаад орчны шарилж, мөлхөө ургамлаас харшил үүсдэг. Харшилтай гэдгээ мэдсэн тохиолдолд амны хаалт зүүх, ургамлын тоосонцор болон гадна орчны тоосноос угаалга хийж салах хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байв. Түүнчлэн намрын улиралд хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй. Мөн бидний амьсгалж байгаа агаар янз бүрийн бактеритай байдаг учир хоолой, хамраа сайн цэвэрлэх нь чухал. Бактерийг тээж яваад хүнд халдаадаг томчууд дархлаагаараа өөрсдийгөө хамгаалдаг ч ханиах, найтаах үедээ багачууд хүүхдүүдэд халдаадгийг сануулав.

Дархлаагаа сайжруулж, ханиаднаас салъя гэвэл шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Өдөрт хүүхэд 1.5 литр, том хүн 2.5-3 литр шингэн заавал уух ёстой байдаг. Хүний биед бактери орсон ч шингэнээр хөөгдөж гарах, эмчилгээ хурдан авахад дэмтэй байдаг аж.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ороолт, бээлий хэрэглэх

-Биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

-Хамрын салстанд сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх

-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх

-Витамин С-ээр баялаг жимс болон шүүс, витамин С хэрэглэх

-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол, ундандаа хэрэглэх

-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх

-Царван, морин шарилжны хандаар хоолой зайлах

-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч, зааврын дагуу хэрэглэх

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих