“Байхгүй” зүйлийг аваад ир гэсэн даалгавартай хөөрхий Компаниуд…

7414

Хэлэхгүй бол болохгүйн ээ…… Саяханаас гэнэт хэд хэдэн Хүний Нөөцийн менежерууд холбогдож ажилд оруулчихаар Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн юу байна гэж эрэл сурал болох болов. Ардаа мянга гаруй ажилтнуудтай эдгээр компанууд Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтыг (Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр) биелүүлэх гээд 2 сар гаруй хугацаанд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн ажилд авах гээд олдохгүй байна, одоо яахуу гээд хуйхаа маажиж байна. Цааш үргэлжүүлхээс өмнө энэ заалтыг бүдүүн баргаар тайлбарлаадхая. Товчхондоо та 25 болон түүнээс олон ажилтантай бол танай нийт ажилтнуудыг 4 ба түүнээс дээш хувь нь Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн байх ёстой. Хүн авч ажилуулахгүй бол тодорхой мөнгийг ажилуулаагүй хүн бүрээр тооцож хайрт улсдаа өгнө (190,000 орчим). Нэг ёсны хүчээр ажилд авхуулж байгаа хүчирхийлсэн заалт юм. Би хувьдаа үүнийг бусдын хэрэгжүүлсэн зөв зүйлийг буруу хуулчихсан хуулбар гэж хардаг. За ярьж байсанруугаа эргье. Яагаад энэ заалтыг та хэд минь гэнэт ингэтлээ биелүүлэх гээд зүтгэх болвоо гээд сонирхтол. Ажилд авах ёстой байсан ч аваагүй хүнийхээ тоогоор улсын тусгай санд тушаадаг мөнгөн хэмжээг нь нэмчихсэн (250,000 орчим төгрөг болсон сурагтай) учир Захирлууд нь хаанаас ч хамаагүй Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн олж ир гэж Хүний Нөөцүүдээ шахаад эхэлчихэж. Бодвол Хөгжлийн Бэрхшээлтэй Хүн ажилуулах нь бэлэн мөнгө тушаахаас илүү дээр сонголт байгаа бололтой. Хүний Нөөцүүд нь ч яахав хайгаад л байна хөөрхий. Даан ч харанхуй өрөөнд хар муур хайхтай л адил юм болох гээд байх шиг. Хоржин үгнээс илүү санаа зовоож байгаа нэг зүйл байна. Энэ хэвээрээ явбал дахиад 10 жил балагийг нь идэж барахгүй гажиг систем үүсэж байна:

1. Хөгжлийн Бэрхшээлтэй Ажилтан угаас олдохгүй. Ер нь л сургууль төгсөж чадсан Хөгжлийн Бэрхшээлтэй хүн маш цөөн. Чадсан нөхдүүд нь байр сууриа хэдийнэ олсон байгаа. Харин цөөнд нь гайхшрах зүйлгүй. Орос ах нарын барьж өгсөн сургуулиуд, цэцэрлэгүүд маань хүн төрлөхтөн дунд Хөгжлийн Бэрхшээлтэй хүн төрдөг гэж тооцоогүйгээр барьсан. Харин Дээд Сургуулиуд бол Хөгжлийн Бэрхшээлтэй Оюутантай бараг учирж үзээгүйн улмаас үл тоомсорлдог гэхүү дээ. Тиймээс мянга гаруй ажилтантай компанийн тоон хэрэгцээг хангах хүн байхгүй. БОЛОВСРОЛ нь ХҮРТЭЭМЭЖГҮЙН улмаас. Тоог нь хүргэх гээд зүтгэчихвэл дандаа л хар бор, хоёр дугаар сортын ажилд авахаас өөр аргагүй болно. Тэрийг чинь харин мань мэт шигүүд нь чадахгүй ш дээ.

2. Чадлаараа тэнцлээ ч ажилдаа өдөр бүр очино гэдэг Хөгжлийн Бэрхшээлтэй Ажилтанд маш хүндрэлтэй. Нийтийн ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖГҮЙ байж байгаа царай ба таксины мөнгийг харьцуулаад үзхэд хангалттай байх. Машин авах ба жолоодох чадалтай нь сургууль төгссөнөөсөө цөөн

3. Зиа, нэгэнт хүрэлцэхгүй ч гэсэн Захирлын тушаалыг заавал гээд энд тэндээс хүмүүс аваад гэрээс ажиллаж байгаа мэтээр бүртгэж явахаас өөр аргагүй болно. Хүчээр. Үгүй бол мөнгөө тушаана уу. Энэ тохиолдолд Хөгжлийн Бэрхшээлтэй хүмүүс бодит ажил хийхгүй хэрнээ багахаан ч байнгын мөнгө компануудаас авдаг ГАЖИГ ТОГТОЛЦОО үүсэх эрсдэлтэй. Хажуу хүн чинь ажил хийхгүй хэрнээ мөнгө аваад байвал бэрхшээлгүй хүнд ямар санагдах уу… Дургүй хүрнэ….Хаданд хавчуулсан Компаниуд (байхгүй зүйлийг аваад ир гэсэн даалгавар авсан хөөрхийнүүд) Хөгжлийн Бэрхшээлтэй хүмүүсийг “амьгүй” байдлаар авахыг илүүд үзэх болно… Харин БОЛОВСРОЛ, ДЭД БҮТЦИЙН системийн суурь асуудлууд шийдэхгүй хэвээр үлдэнэ. Зүгээр л шийдэх гэж хичээх хүн байхгүй болох учраас!

Миний бодож байгаа төгс биш. Гэвч буруу гэж бодож байгаа бол түүнийг минь батлаад өг.

В.Ойдов. (Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Олон Улсын Өдрийн маргааш)


URL:

Сэтгэгдэл бичих