Допинг хэрэглэвэл барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

119451384_375957366743487_3762770713966323937_n_20200915151612_20210517084756Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан билээ.

Хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцжээ. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралд хамрагдсан гэв.

Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн начин Ш.Баянбат нарыг гишүүнээр сонгожээ.

Мөн хуралдаанаар МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

“Их Эе” хуралд 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтнууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцох ба аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцох ажээ.

Хуралдааны үеэр хэлэлцсэн гол асуудал нь Үндэсний бөхийн барилдааны дүрмийг хэлэлцэж, олонхийн саналаар “Барьц сонгох” заалтыг хассан явдал байлаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөх юм байна.

Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, Ээлжит бус “Их Эе” хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хэсэгт Улсын гарьд Б. Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгожээ.

Мөн барилдааны дүрэмд камераар шүүх заалт орууллаа. Түүнчлэн барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулсан байна.

Үүнд,

А. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

Б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

В. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

Г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах гэх мэтээр тусгажээ.

Хуралдааны дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.


URL:

Tags: