Ар, өвөр Монголыг холбосон дуучин

Эгэл ардын дундаас дуучин гавьяат, ардын жүжигчин төрдөг, бүсгүйчүүд нь бүүвэйн дуугаар үрсээ хүмүүжүүлдэг монголчууд дууч ард түмэн.

Ийм л дуучин түмнийхээ төлөөллийг энэ удаагийн “Өглөөний хүн”  булангийнхаа зочноор урилаа.  Зочныг маань Б.Заяабаатар гэдэг. Тэрбээр 1981 онд Говь-Алтай аймагт төржээ. Төрөлх Алтай нутагтаа 10 жилийн сургуулиа төгссөн тэрбээр 1997 онд анх Улаанбаатар хотод хөл тавьж байсан гэнэ.

Зочин маань багын л дуу дуулах хоббитой байсан учраас 2000 оноос дуулж эхэлсэн байна. Тухайн үед “Хайрын уянга”, “Эстрадын дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан тогтмол болдог байсан бөгөөд зочин маань 16 уралдаанд оролцсоноос 15-д нь түрүүлж байжээ. Ийнхүү амжилтдаа урамшсан тэрбээр өнөөдрийг хүртэл урлагт хүчин зүтгэж яваа аж.

Б.Заяабаатар 2004-2006 онд ОХУ-д багштайгаа хамт суралцсан байна. Харин 2006 оноос өнөөг хүртэл Өвөрмонголын өөртөө засах орон болон Монгол Улсын хооронд ирэн очин уран бүтээлээ туурвидаг гэнэ. Урлагийн хүний гэр бүл байна гэдэг хэцүү гэдэг. Түүний уран бүтээлийг дэмжиж, урам хайрладаг гэргийг нь С.Сарантуяа гэдэг. Тэднийх хоёр охинтой.

Урлагийн тогоонд 12 жил чанагдаж яваа дуучин маань “Хайтан цэцэг” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй хоёр дахь цомгийнхоо бэлтгэл ажилд хэдийнэ орж, гурван дуу гаргаад амжжээ. Өдгөө дөрөв дэх дуугаа бичүүлж байгаагаа ч бидэнд дуулгасан.

Б.Заяабаатар Анхны цомгоо “Хатан цэцэг” хэмээн нэрлэсэн нь учиртай. Энэ дуу бол миний анх­ны уран бүтээл юм” хэмээн бидэнд хуучилсан юм.

Ар, өвөр Монголыг холбон уран бүтээлээ туурвиж яваа дуучин маань Өвөрмонголын Ордос, Хөх хот, Хөлөн буйр, Шилийн гол аймаг болон БНХАУ-ын Бээжин, Тяньжин зэрэг   маш  олон  хотоор  2006 оноос хойш  аялан тоглолт   хийсэн байна. Тэрбээр 2009 онд БНХАУ-н Шилийн гол аймагт зохиогдсон “Авто мюзик” уралдаанд ам­жилт­тай оролцож, Гран при шагнал хүртжээ.

Байнга амьд тоглолт хийдэг учраас тайзан дээр өөрт байгаа бүхий л бололцоогоо ашиглаж, дуугаа хүмүүст хүргэхийг зорьдог тэрбээр уран бүтээлийнхээ хажуугаар суралцах бодолтой байгаа гэсэн шүү.

Дашрамд  дуулгахад дуучин Б.Заяабаатар “Ха­тан цэцэг” цомогт нь  багтсан  “Чи надад хайр­тай юу” дуундаа клип хийлгэн, үзэгч олондоо  өргөн барихад бэлэн болжээ. Ингээд авьяаслаг залуу дуу­чин­даа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих