ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ 2-3 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван асуудлыг онцлов. Юуны өмнө Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2-3 дахин нэмж, дэвшүүлсэн зорилтоо шийдэж чадлаа хэмээн тэмдэглэлээ. Засгийн газраас төсвийн тодотголоо УИХ-д оруулж шийдвэрлүүлснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэхээр шийдвэрлэснийг дурьдлаа. Ингэснээр дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол, 2011 онд 410 мянган төгрөг, 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс 630 мянган төгрөг болж байгаа ажээ. Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр төө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавин ажиллаж, 2008 онд 20 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдэж байна. Харин тэтгэврийн хувьд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 35 мянган төгрөгөөр нэмснийг Засгийн газрын тэргүүн мэдээлэв. Ингэснээр нийт 318.2 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 27.8 хувиар нэмэгдэж 162 мянган төгрөг болж байгаа ажээ.

Ирэх тавдугаар сарын 1-нээс дахин нэмэгдэх бөгөөд энэ онд тэтгэвэр 53.8 хувиар буюу 2008 оныхоос хоёр дахин нэмэгдэж байна. Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 140 мянга 300 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 105 мянга 200 төгрөг бол госныг Ерөнхий сайд дурдлаа. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 30 хувь буюу 70 мянган төгрөгөөр, ирэх тавдугаар сарын 1-нээс 48 хувиар нэмж 103 мянга 600 төгрөг болж байна. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 2008 оныхоос 2.5 дахин нэмэгдэж байгаа юм. Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс 40 мянга, тавдугаар сарын 1-нээс 48 мянган төгрөгөөр нэмэх юм байна.Үнэ ханш, инфляцыг хөөрөгдөхгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн яаманд өгөөд байгаагаа ч Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Ерөнхий сайдын онцолсон дараагийн сэдэв нь Хөгжлийн банк үнэт цаас гаргасан тухай байв. Арван сарын өмнө үүдээ нээж байсан тус банк өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээлд таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын үнэт цаас гаргаж, Монгол Улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоосон юм. Хөгжлийн банкны энэхүү үнэт цаас нь 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчаас 6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан төдийгүй Хөгжлийн банкны энэ үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд хийгдсэн үнэт цаасны хамгийн ам жилттай арилжаа хэмээн олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд онцолсныг Ерөнхий сайд дурдав.

Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаас гаргаж байсантай харьцуулахад Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл хэмээн үзэж болох юм. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөртэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэх бололцоотой болж байгаа ажээ. Чухам ямар төслүүдийг, яаж санхүүжүүлэх талаар ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, иргэддээ нээлттэй мэдээлэх болно гэдгээ Ерөнхий сайд дурьдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ


URL:

Сэтгэгдэл бичих