Сонирхол татсан Сонгуулийн Ерөнхий хороо

Сонгуулийн Ерөнхий хороо гэдэг байгууллага сүүлийн үед сонирхол та­таад ер болдоггүй. Уг нь сон­гуулийн дараа са­на­лын үр дүнгээс үүдэн хэ­­рүү­лийн алим болж өнхөр­сөөр хэдэн жилийг ардаа орхидог сон. Гэтэл энэ удаа уг байгууллагыг тойр­сон маргаан сонгуулиас урь­таж болж байгаагаараа тун сонирхолтой бөгөөд ха­чир­халтай.

Хэдхэн хоногийн өмнө “Эрс шинэчлэл”, “Үндэсний хас” зэрэг хөдөлгөөнийхөн нэгдэж  “Шударга сонгуу­лийн төлөө түр хороо” бай­гуулсан. Тэд хамгийн тү­рүүнд СЕХ-ныхныг ажлаа хийж чаддаггүй, “2008 сон­гуулиар сонгогчдын са­налаар луйвар хийж, буд­лиантуулан үймээн самуун дэгдээдэхэд хүргэсэн уч­раас огцруулж, цоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллуулах шаардлагатай” гэж үзсэнээ илэрхийлсэн.

Харин СЕХ-ны дарга Н.Лувсанжав Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн заалтуудаа мөрдлөг болгон “огцрохгүй” гэдэг тайлбар хийжээ. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд хорооны гишүүнийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шил­жүүлэхийг хориглоно”, гурав­дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “Хороо, түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд али­ваа байгууллага, албан ту­шаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс орол­­­цохыг хориглоно” гэж тус тус заасныг дурдсан байна. Энгийнээр хэлбэл огц­руулах эрхтэй хүмүүс нь та нар биш, олон юм яриад байх хэрэггүй шүү гэдгийг хатуугаар анхаарууллаа.

Үнэхээр ч хуулийн заал­таар тэднийг огцруулахад хэцүү. Сонгуулийн Ерөнхий хороог Монгол Улсын Их Хурлаас дарга, нарийн бич­гийн дарга, гишүүдийн бүрэл­­дэхүүнтэйгээр зургаан жилийн хугацаагаар томи­лон ажиллуулдаг нь үнэн.

Хэрвээ Н.Лувсанжав дар­гын хэлж байгаа шиг СЕХ хуулийн дагуу ажилладаг юм бол сонгуулиас сонгуулийн хооронд нам, эвслүүдийн дунд хэрүүлийн алим болж өнхрөх үндэслэл баймааргүй санагдана.

“Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэсэн үг байдаг. Түүний адил СЕХ-ныхон өөрсдийгөө өмгөөлж байгаа шигээ хэ­зээ­нээсээ хуулиа дагаж мөрдсөн бол дээр байсан юм. Тэгж чадаагүйгээс болж өнөөдөр хэн дуртай нь эвсэл, холбоо байгуулж, Н.Лувсанжав даргыг хамт олонтой нь огц­­­рохыг шаар­даж, овил­го­гүй зан гаргахгүй л байсан билээ.

Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээл­жит сон­гуулийг автоматжуу­лах­тай холбогдуулан шинэ хууль батлагдаж, мөрдөгдөж эхэл­нэ. Гэтэл СЕХ-ныхон үүнтэй холбоотойгоор 10 гаруй шинэ журам, хуу­лийг батлах ёстой ч өдгөө дөнгөж боловсруулах ша­тандаа л яваа. Тэдгээрийг дөрөвдүгээр сард багтаан гар­гах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Жишээлбэл, санал тоолох машины  хувьд одоогоор ердөө л 35-ыг авч ирээд тур­шилт, тестэд оруулж байгаа. Энэ сарын 31 гэхэд 700 га­руй, дөрөвдүгээр сарын сүүл­чээр 2000 гаруй, үлдсэн 470 машиныг тавдугаар сарын 15-нд ирүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Өөрөөр хэлбэл автомат машиныг шалгах, тестлэх ажлыг ХЗДХЯ-наас заавар өгсний дагуу эхлүүлчихээд байгаа. УИХ-ын ээлжит сон­гууль болохоос сар га­руйн өмнө тоологч ма­ши­наа бүгдийг нь тестэлж, шалгаж дуусах юм байна л даа. Гэтэл цаг нь тулсан хойно дээрх машинуудын аль нэгд гэмтэл гарвал яах юм бол. Энэ нь санал буд­лиантуулах гол шалтаг, шалт­гаан болвол хэн яаж хариуцлага хүлээх юм бэ. Үүнээс болоод долоодугаар сарын нэгний үйл явдал дахин давтагдахгүй гэж хэн батлах юм бэ гэх зэргээр СЕХ-ны нөхдөөс асуух зүйл их байна. Албан тушаалдаа хуулийн заалт хэлээд үлд­сэн ч хүний амь эрсэдсэн хойно хариуцлага хүлээх хүн үлддэггүйг бас санах л хэрэгтэй.

Сонгууль зохион бай­гуулахад шинэ техник, то­ног төхөөрөмж ашиглаж буйн хэрээр бизнесийн шинэ сэд­лүүд, ашиг сонирхлууд ч урган гарч байгаа нь ойлгомжтой. Өмнө нь санал тоологч машиныг скайнер хэмээн хэл амны бай бол­госон. Тэгвэл энэ удаа дээрх машинд шаардлагатай са­­­на­лын хуудас нь бөөн мөн­­гөний ашиг авч ирэх нь тодорхой. Тиймдээ ч тендер ч зарлалгүйгээр олго­сон гэх хардлагыг улам ба­талгаажуулаад ав­сан бо­­­лол­той. СЕХ-ны удирд­ла­гуу­дын тайл­бар­ласнаар үнэт цаас хэвлэх эрх бүхий хэвлэлийн байгууллагуудын дунд явуулсан мэргэжлийн үнэлгээгээ АНУ-ын “Dominion voting systems” компаниар тогтоолгуулсан гэнэ.

“Dominion voting systems” гэдэг нь саналын хуу­дас тоолох, хэвлэх, дам­жуулах, хадгалах машин ма­найд нийлүүлж буй АНУ-ын компани. Энэ компаниас татвар төлөгчдийн 24 тэрбум төгрөгөөр саналын хуудас тоолох машин авсан.

Тэр тусмаа сонгуулийн холимог тогтолцоогоор са­нал авахад өмнөх шигээ нэг биш нэжгээд хуудас хэв­лэхээр болж байгаа. Тэ­гэхээр эдгээрийн өртөг яг хэд байхыг мэдэхгүй. Гэх­дээ СЕХ-нд төсөвлөсөн 19 тэрбумын нэлээд нь тендерээр шалгарсан компанийн данс руу шилжих нь тодорхой.

Ингэхээр нөгөө хууль яриад суугаад байгаа СЕХ-ны дарга Д.Лувсанжавын хийх ажлын бодлогод итгэж болж байна уу гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуульд зааснаар хо­рооны дарга, нарийн бичгийн дарга, төрийн тусгай албан тушаалын, хорооны ажлын албаны ажилтнууд нь тө­рийн захиргааны албан ту­шаалын ангилалд хамаарч ажилладаг учраас Төрийн албаны тухай, Намын ги­шүү­нээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуу­лийн дагуу тэд дээрх албан тушаалд байх хугацаандаа намын  гишүүнээс түдгэлздэг нь үнэн.

Гэсэн ч  намын      гишүүнээс түдгэлзэнэ гэдэг батлахтай л холбоотой болохоос биш гарыг нь ганзаганд, хө­лийг нь дөрөөнд хүргэсэн на­маасаа нүүр буруулж, төрд хоёргүй сэтгэлээр ажил­лах сэтгэлгээтэй эрхэм тун ч хо­вор. Тиймдээ ч СЕХ-ны даргын албан тушаал олны анхаарлын төвд байж хардлага, сэрдлэгээр дүүрэн байх нь ойлгомжтой асуудал биш гэж үү. Энэ л үед ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, УИХ-ын ээлжит сонгуулийг сонгодог утгаар нь зохион байгуулчихвал та бүхнийг огцор гэхээсээ илүүтэйгээр ардын баатар болгон өргөмжлөх өгөөмөр сэтгэлгээ ард түмэнд бийг санахад илүүдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.